Амьдрахуй [Үй Хуа]
АМЬДРАХ! маш энгийн ойлгомжтой энэ үгний агуулга энэ номыг уншсаны дараа надад үнэхээр энгийн санагдахаа болив. Сэтгэл зовинож ихэнхдээ гуниг уншигддаг ийм номтой ховорхон таарч байлаа. Өдийг хүртэлх миний амьдралд тохиолдсон хэцүү зүйлс үнэхээр хэцүү зүйл байсан эсэх, асуудал тулгарахад би амьдарч чадаж байсан эсэхдээ хүртэл эргэлзсэн юм.
Нэг зовлонгоос нөгөө зовлонд шилжих хоромхон агшныг хүмүүс Жаргал гэдэг.
Гэвч энэ зохиолын гол дүр Фу Гүй бол жаргаж ч чаддаггүй тийм гунигт Хятад тариачны дүр түүний амьдралын зовлонгоос зовлонд шилжих хэсэг хором ч зовлонтой байсан. Өдөр хоногийг аргацааж үхэж чадахгүй амьдарсан. Түүнд байсан ганцхан эзэмшил нь түүний эхнэр. Гэхдээ л бас орхин одно. Чиний эргэн тойронд хүмүүс эргэлдээд л буцна . Эцэг эх, үр хүүхэд, хань, найз нөхөд, эд хөрөнгө өөрсдийн хугацааг болоход яваад өгнө. Энэ бүх хагацлын үед даваад гарах нь өөрөө амьдрал.
Зөвхөн амьдар! Фу Гүй өвгөн орь ганцаар үлдсэнийхээ дараа өөртөө байсан хамаг бүхнээ шавхаад Үхэр худалдан авна. Үлдсэн амьдралынхаа турш Үхэртэйгээ ярилцаж өдрийг барна. Энэ дэлхийн бүх хүн ганцаардлаас үнэхээр айдаг байх. Гэхдээ ганцаардаад ч болов заавал даван туулах ёстой цаг үе гэж байдаг ажээ.
Бүх хэцүү зүйлсийн дараа эцсийн амьсгалаа татах мөчид `Чи амьдарч чаджээ` гэдэг дүгнэлтийг чи өөртөө л өгнө. Бас хайртай хүмүүстэйгээ хамт байсан дурсамж чамайг жаргалтай болгоно гэж энэ ном надад шивнэсэн юм. Маш сайн орчуулгатай энэ ном надад үнэхээр нэгийг бодогдуулсан юм. Хятад зохиол нэг их сонирхож уншдаггүй ч дараа зохиолч Үй Хуа гээд бичсэн ном хаа нэгтээ таарвал заавал сонирхож унших байхаа.
Таны амьдралд юу ч болсон хичээгээд л амьдраад байгаарай.