Балчир наснаас болзоо хүртэл [Дэбра В.Хаффнер]
2021 оны 11 сарын 16-ны өдөр бичиж байсан номын тэмдэглэл гарч ирлээ. Эхнэрээс өөрөөс нь зөвшөөрөл авч байж тэр чигт нь засварлахгүй оруулж байна. Одоо ErdemNomt дээр манай хүн тэмдэглэл оруулахгүй байдаг ч өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ юмаа бичсээр л байдаг даа. Ер нь бол намайг номонд оруулсан хүн л дээ. Өөр олон зүйл нуршилгүй багтаа эргэн тавтай морил :) гэж хэлээд номын тэмдэглэлээс оруулья.
Намайг жоохон байхад ээж аавтайгаа ярих нь битгий хэл бодоход ичмээр санагддаг байдаг том хүний ярианы талаар хүүхдүүдтэйгээ төрсөн цагаас нь эхлэн ярилцах ёстой гэнэ үү???
Хоёр хүүтэй надад лав хүнд сэдэв гэхдээ л Томчууд ярьдаг, хааяа нууцаар дотно найзтайгаа хүүхэд байхдаа ярьдаг бэлгийн боловсрол буюу бэлгийн амьдрал гээчийн тухай нүүр халуу оргим яриа хэзээ нэгэн өдөр хүүтэйгээ хийж эхэлнэ гэдгээ мэддэг, бодохоос жаахан эвгүй хаанаас эхлэхээ мэдэхгүй тэгсийх гээд орхисон үе байсаан.
Саяхан арван настай хүү маань дэлгүүрт хамт явж байгаад кассын дэргэдэх шилэн тавиураас play boy-н логотой бэлгэвч заагаад ээжээ туулайтай тоглоомын карт байна гэж чангаар хэлэхэд ёстой улаан нүүр улалзаад юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л тийм байна гэж хэлсэн юм даа. Хүүдээ худал хэлсэн дээ нэлээд гэмшиж, тэр өдрөөс хойш хүүдээ энэ талаар мэдлэг мэдээлэл хэрхэн зөв, бас ичихгүйгээр ярилцах талаар судалж эхэлсэн юм. Миний хүү охин байсан бол мэдээж иймэрхүү яриа хийхэд илүү хялбар санагдах байсан байж магад. Хэдий хүү минь ч гэсэн хүүгийнхээ хувьд эсрэг хүйстэй хүний хувьд яаж ярилцахаа мэдэхгүй байлаа. Ингэж хайх явцдаа нэлээн олон бичлэг мөн “Балчир наснаас болзоо хүртэл” гэх уг номыг олсон юм. Тэгээд л эргэлзэлгүй худалдан аваад уншиж эхэлсэн маань энэ.
За ерөнхийдөө бол уг номыг арван зургаа хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх болон багш, хүүхэд асрагч хийдэг хүмүүс уншихад зориулагдсан болно. Ном таван бүлгээс бүрдэх бөгөөд эхний бүлгээс эхлээд л бидний тэр бүр мэддэггүй мэдсэн ч анзаараагүй юм шиг өнгөрөхийг хичээдэг бэлгийн боловсролын тухай өгүүлнэ. Номыг хүүхдийн насны ангиллаар нярайгаас өсвөр нас хүртэл хувааж бичсэн нь уншихад дөхөм төдийгүй хүүхдээ насанд хүртэл ажиллах гарын авлага ном болгохоор санагдсан.
Би өөрөө бэлгийн боловсролын хувьд маш муу мэдээлэлтэй цаг үеийн хүүхэд учраас өөрөө ч аа ийм байсан юм уу гэж бодох зүйлс нэлээд байсныг нуугаад яахав. Манай Монголчууд бүрэг ичимхий иймэрхүү ил задгай ГАДААД соёлоос ерөнхийдөө цээрлэдэг ард түмэн гэхдээ орчин цагт хэн илүү мэдлэг мэдээлэлтэй нь алдахгүй зөв амьдардаг болсон шүү дээ. Тиймээс хэчнээн халуун ичмээр ч хүүхэд төрсөн цагаас нь эхлээд л НӨГӨӨХийг нь нэрлэхдээ элдэв инээдтэй нуусан хочилсон (манайд жоожоо, боожоо, найны, тамхи гэх мэт хэлдэг байсан) нэр өгөлгүйгээр охин бол үтрээ хэлүү, хүү бол шодой, бэлэг эрхтэн гээд л зөв нэрээр дуудаж эхлэхээс энэ боловсрол эхэлдэг юм байна. Манайд бол эдгээр албан ёсны зөв нэрүүдийг хэлэхээр нээх тийм доромж, эсвэл бүүр хараалын үг ч юм шиг санагддаг тээ.
Гэхдээ зөв нэршлээр нь багаас нь зөв заах нь хүүхдэд бэлгийн ямар нэг дарамт болон гэмтэл үүссэн үед ээж, аав асран хамгаалагч нь дэргэд байхгүй үед бусад том хүмүүст өөрт учирсан болон ирэх гэж буй аюулыг мэдээллэхэд, цаг алдалгүй хэн нэгнээс тусламж авахад хэрэгтэй байдаг байна. Мөн төрсөн цагаас нь эхлэн эрэгтэй хүүхдийн шодой ойр ойрхон босоход хүүе ээ яанаа гээд л уулга алдахаас эхлээд маш олон буруу хэвшил, ойлголт манай ард түмэнд байдаг нь номыг уншиж байхад анзаарагдлаа.
Эцэг эхээсээ хоёулангаас нь бэлгийн боловсролыг суралцах нь хүүхдүүдэд тустай. Үүний ачаар хүүхдүүд энэ талаар яриаг гэртээ өрнүүлж болох нээлттэй сэдэв гэдгийг, түүнчлэн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд хоёул энэ сэдвийн талаар ярилцаж болно гэдгийг ойлгож суралцах болно.