Гэрийн хичээл №1
Эрдэм, Номт хоёрыг сургуульд орохоос нь өмнө мянган ном уншиж өгнө гэж хэзээ ч юм бичиж байсан хийх зүйлсийн жагсаалтандаа оруулжээ. Энэ хавар хоёр болон дөрвөн нас хүрсэн гэхээр яаж ч бодсон өдөрт л 2 ном уншиж өгдөггүй юм бол тийм их ном уншиж өгөх нь худлаа болж таарлаа. Ингээд ядаж өдөрт 1 цагийг хамтдаа чанартай өнгөрүүлж байхаар шийдээд өнөөдрөөс эхлүүлж байна. Шууд аав ээжийн дуу хоолойгоор харилцаад эхэлбэл хүүхдэд орчин үүсэхгүй байх гэж бодоод өөр дүр, дуу хоолойгоор сонирхлыг нь татахаар шийдлээ. Хичээл маань эхлээд их цомхон ширээн дээрээ хоёр номтой эмх цэгцтэй эхэллээ.
Гэтэл ном дундуураа хуудаснууд нь салсан учраас засварлахаас өөр аргагүй боллоо. Хэн энэ номын хуудаснуудыг салгасан бэ? Хэргийн эзэн асуултыг ойлгоод нуугдаж байгаа бололтой.
За ингээд салгасан номын хуудаснуудыг скочоор засварлаад дууслаа. Хичээл эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд өнөөдрийн багш болох ээж баавгай хүүхдүүдтэйгээ танилцахыг хичээнэ. Чиний нэрийг хэн гэдэг вэ? Чи хэдэн настай вэ? Би өнөөдөр чамд ном уншиж өгнө. гэх мэт хөнгөн чөлөөт ярилцлага хийцгээв. Тэд их шохоорхож, дүрсгүй сониуч зангаараа багшийн гарнаас татаж чангааж үзнэ.
Алив багшдаа харандаа аваад өгөөч. Энэ ямар үсэг вэ? гэх мэт тэдний өөрсдийнх нь авч ирсэн нэмэлт ном, ABC цагаан толгойн модон тоглоом зэргийг нь ашиглан ярилцахыг оролдоно. Өнхрүүш номыг уншиж өгөхийг хэд хэдэн удаа оролдоод эхний энэ хичээлээр бүтэхгүй нь тодорхой боллоо.
Сүүлийн үед хүүхдүүдийн гар утас, таблет, зурагтын хэрэглээ анхаарлын төвд ороод байгаа. Энэ хичээл дээр бүр их анзаарагдлаа. Дөрвөн настай ах нь байсхийгээд л утсаа бариад авна. Хоёр настай дүү нь одоогоор арай гайгүй. Гэхдээ машинд явахдаа саатуулах гээд утас өгсөөр бас хэрэглээд сурсан. Дараагийн хичээлийг ямар байдлаар явах талаар энэ тэмдэглэлийг бичих зуураа бодож л сууна.
Эхний өдрийн хичээл гэхэд 45 минут ширээндээ сууж чадсан нь бас амжилт шүү. Сүүлдээ ч бүр тэсвэр нь алдагдаж багш баавгайгаа зодоод, ширээн дээрээ гарч ирэхээс эхлээд замбараагүй байдал бий болсноор хичээлээ дуусгах цаг болсныг илтгэнэ. Багшийн зүгээс хүүхдүүдээ юу хэлэх гээд байгааг нь илүү сайн сонсож сурах чухал санагдлаа. Хичээлийн дундуур тэд багшдаа өөрийн олж мэдсэн зүйлээ тайлбарлаж, зааж өгөх маш их хүсэлтэй байгаа нь анзаарагдлаа. Нээрээ хичээлийн дундуур нэг аяга ус, мөн зөвхөн хичээлийн сүүлээр задалдаг амттан байвал илүү сонирхолтой байж болох юм шиг санагдлаа. Одоогийн цэцэрлэгт байдаггүй ч биднийг бага байхад цэцэрлэг тарах үед баавгайтай шоколадтай чихэр өгдөг байсан нь одоо ч ой санамжид тодоос тод үлдсэн байдаг.