Гэрийн хичээл №5

Erdem Nomt
2 min readJun 18, 2024

--

Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж байгаа цаг хугацааг юугаар ч орлуулашгүй чухал. Энэ удаа бид гурав ууланд бага зэрэг алхалт хийж үзлээ. Номт их залхуурах хандлага гаргах гээд байдаг. Багахан алхаад л ‘ааваа тэврье’ гээд л тэврүүлээд явах сонирхолтой. Энэ удаад Номтыг ганц ч тэврэлгүй өөрөөр нь алхуулж замыг дуусгалаа. Өмнө уншиж байсан Алхалт номыг бичсэн эмчийн зөвлөснөөр бол бага насны хүүхдийн өдөрт алхах зайг маш ойлгомжтой бичсэн байдаг. Номт 2 настай учраас өдөрт 2км зам туулахад хэвийн. Түшигт 4 настай учраас өдөрт 4км алхах нь зүгээр гэж байсан санагдана.

Ах нь замаа зааж, дүү нь яг үйлдлийг нь дуурайна, бас барьцана.

Түшигт энэ уулын замаар усанд хэд хэдэн удаа явж байсан болохоор замаа андахааргүй болжээ. Манай Түшигт 1 сартайдаа энэ уулын оройд гарч овоог тойрч байсан түүх бий. Бид бас Номт, Гэгээнээг төрөхөөс бүр өмнө Түшигтийг 4,5 сартай байхад нь зайсангийн зүүн оргилд гарч байжээ. Үүгээр хэлэх гэсэн санаа нь өдөр бүр хүүхдүүдээ уулын модонд авч алхаад байх боломж хэцүү. Боломж л байвал хүүхдүүдээ байгальд ойр өсгөх юмсан даа, уултай ойрхон, устай ойрхон, ургамалтай ойрхон… манайх энүүхэнд ойрхон гэдэг шиг.

Тэдний ирэх дуртай ууланд урсах горхитой хэсэг

Хүүхэд аливаа юмыг маш хурдан ямар ч цензүргүйгээр хараад, сонсоод дуурайж чаддаг супер чадвартай. Бас хаанаас нь гардаг юм гэмээр маш их энергитэй. Энэ их өөрт нь байгаа боломжуудыг нь өөрт нь хэрэгтэй байдлаар хөдөлгөж, үзүүлж, мэдрүүлж байхын тулд асран халамжлагч нь өөрөөрөө үлгэрлэх л юм байна лээ. Харамсалтай нь аав ээж болох бид нар өөрсдөө ихэнхдээ хойрго талдаа байдаг гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж ажил, мөнгө санхүү, нийгмийн стресс, амьдралын буруу хэв маяг, залхуурал гээд маш олон саад бэрхшээлүүд бидний үр хүүхдүүдтэйгээ хамт байх цаг хугацаанаас хумсалсаар…

Усанд их дуртай хүүхэд шүү :) энэ өдөр зоргоор нь орхисон доо, шалба нороод чичирсээр, тоглосоор

Гэсэн ч аав ээж хоёртоо итгэж энэ хорвоод ирсэн бяцхан хүүхдүүдээ аль болох л аз жаргалтай байлгах бүх л боломжийг алдаж болмооргүй, улам илүү хичээх хэрэгтэй санагдана. Дуу чимээнээс хол байгалийн цэвэр аниргүй орчинд уусах мэдрэмжийг багаас нь л өгч баймаар. Хүүхдүүд хөдөө зусланд байхдаа утасны хэрэглээ огт байхгүй болж байгаа нь маш олзуурхмаар. Гэртээ ирээд дөрвөлжин квадратууд дотроо ирэхээрээ орон зайн хямралд ороод, хийх байх нь олдохгүй утас барьж авдаг юм болов уу? Аав ээжүүд хүүхдүүдийнхээ хажууд утсаа ухаад сууж л байгаа бол тэгээд нэмэргүй юм байналээ л… :)

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet