Дао — Амьдралыг танихуй [Гүн Аюурзана]
Г.Аюурзана зохиолчийн тухай их сонсож байсан боловч номыг нь уншиж үзээгүй явсаар өчигдрийн номын баяр дээрээс түүний шинэ үеийн номын сан гэсэн бүтээлүүдийн багцыг авлаа. Эндээс харж байгаад хамгийн нимгэнээс нь сонгож уншихаар шийдсэн нь Дао: Амьдралыг танихуй хэмээх энэ ном таарлаа. Их хураангуй бөгөөд гүн утга агуулсан ишлэлүүдийг хоёр эх сурвалжаас харьцуулан гаргажээ. Өөрт таалагдсан хэсгүүдийг тодорхой ойлголтуудад нэгтгэхийг хичээлээ.
МЭДЛЭГ: Хүний мэдлэгийн боломжийн тухайд гүнзгий эргэцүүлсний эцэст Лао Цзы: “Мэдлэг гэж үгүй” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнийгээ “Би юу ч мэдэхгүй” гэж тайлбарласан. Түүнээс бүтэн зууны дараа Сократ: “Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ” хэмээжээ. Энэ санаагаараа Лао Цзы мэдлэг бол хязгааргүй учраас мэдэх боломжгүй гэсэн байж болох, эсвэл мэдлэгийн дээр ухамсар оршдог учраас түүнийг хоосонтой адилтган үгүйсгэсэн байж болох юм.
АРГА БИЛИГ: Оршихуй, эс оршихуй хоёр нь бие биеэ төрүүлдэг. Өөрөөр хэлбэл тэнгэрийн дор хүмүүс сайхан зүйлийг сайхан хэмээн таньсан тэр цагаас л муухай зүйлс бий болдог. Аливаад зохистой хэмжээг барьдаг хүнд азгүй явдал нүүрлэхгүй. Ажил үйлсээ хязгаарлаж чаддаг хүн аюул осолтой тулгардаггүй. Ерөнхийдөө мань хүн их ёгт маягаар бичдэг байсан санагдлаа. Тиймдээ ч арга билгийн хослолыг маш их ашигладаг нь тун сонирхолтой санагдлаа.
ЭГЭЛ БАЙДАЛ: Хэн их ярина, түүнд азгүй явдал нүүрлэх нь олонтаа. Тиймээс аливаад зохист хэмжээг мөрдөх нь хамгаас чухал. Ухаант хүмүүн өөрийгөө ямагт бусдын ард тавьдаг. Түүнийхээ хүчээр хэзээд бүхний урд гарч ирдэг. Ажил хэрэгтээ амжилт олж, сайн нэрийг дуулах юм бол даруйхан энэ бүхнээ орхиж, аглагт даяанчлан суусан нь дээр. Нэр алдар, гутамшигт доромжлол хоёр нь мэргэн ухаантны хувьд угтаа адилхан л юм. Хүмүүний бие энэ хүнд ачааг даадаггүй. Харамсалтай нь одоогийн бид энэ бүхний яг эсрэг чигт бахархалтайгаар замнаж байгааг харахад тун эмгэнэлтэй. Үүний талаар Лао Цзы нэгэнтээ “Үнэн үг гэдэг худал мэт ээ” хэмээсэн байна.
ИТГЭЛ: Итгэл дутсанаас эргэлзээ төрдөг. Хиймэл дүр бол итгэл үнэмшил үгүйн шинж. Үүнд будлиан самуурлын үндэс оршдог. Өөрөөр хэлбэл шударга ёс гээгдэхэд зохиомол дүр эсгэцгээдэг. Хэнтэй ч алагчлах үзэлгүй харьцах талаар тэрээр сургасан байна. Сайн хүн саар хүмүүсийн багш, харин саар хүмүүс нь сайн хүний өөрийгөө илэрхийлэх зэвсэг болмуй. Бусдад итгэл үзүүлэн туслах нь арга билгийн хуулиараа эргээд тус нь өөрт ирдэг аж.
УЛС ОРОН, ТӨР ЗАСАГ: Хаад ноёд ядуусыг ивээж тэтгэхгүй бол хүмүүст үзэн ядагдана. Тиймээс ямар ч хамаагүй аргаар эхлээд тараана. Энэ нь ард олонд магтагдан сайшаагдах арга нь болдог. Гарз гэдэг олохын эхлэл. Олно гэдэг алдахын үүд. Ард олны дунд хэрүүл зарга үүсгэхгүй байя хэмээвээс, ухаант мэргэдийг бурханчлан шүтэх хэрэггүй. Ард түмэн бүдүүлэг харанхуй бөгөөд элдвийг хүсч мөрөөддөггүй байх тусмаа түүнд (удирдагчид) сайн. Тэрчлэн ухаант мэргэд нь ямар нэгийг сэдэж хэрэгжүүлэх боломжгүй аваас улсыг удирдахад бүр л хялбар. Улс оронд аливааг хориглосон хууль их байвал, ард түмэн хоосордог. Төрийн зүгээс гаргах хууль тогтоомж ихэдвэл, хулгай дээрэм өсдөг. Тиймээс төр нь юу ч хийхгүй суувал ард түмэн өөрөө өөрийгөө хөгжүүлнэ, баяжуулна, энгийн тайван байна. Том улс орон бага буурай орныг хүлцэн, тал зассанаараа өөрийн эрхшээлд оруулдаг. Харин бага буурай орон их гүрэнд ая зассанаараа түүнээс тус дэмжлэгийг хүртдэг. Тэрээр улс төрийн талаар их зүйл бичсэн байна. Яг одоогийн манай нийгэмд өрнөж байгаа бүхнийг хараад хэлж байгаа юм шиг л бичсэн байх аж. Ингээд бодохоор аль ч цаг үед хүн сүрэг, нийгэм оршин байгаа л бол сайн, муу нь дээр дурдсан арга билгийн хуулиараа зэрэгцэн оршдог жамтай аж.
Эцэст нь энэ хорвоо дээр хүсэл шунал гээч үгүй болох юм бол амгалан тайван, үнэн журам аяндаа өөрөө тогтмуй хэмээжээ. Тиймээс хүний эрхэмлэн нандигнах учиртай 3 зүйлээр энэ тэмдэглэлээ өндөрлөе.
- Хүн чанар (Эр зоригтон)
- Аригч гамтай байдал (Өгөөмөр)
- Хүлцэл (Тэвчээр)