Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц [Ку Жэ Хаг]
Mplus апп дээр дахин нэг ном уншлаа. Еврей хүмүүс “Хүүхдийнхээ боловсролд анхаарал хандуулахыг Бурханаас бидэнд өгсөн үүрэг.” гэж ойлгон, маш хариуцлагатай ханддаг.
Еврей боловсролын чухал 3 ойлголт:
- Ном унших. Хичнээн их ном уншсан ч ихдэнэ гэж үгүй. (Номыг загас гэж үзвэл харилцан ярилцах нь загас барих арга)
- Асуулт асуух. Мэдэхгүйгээ бусдаас асууж лавласнаар хүний бүтээлч чанар сайжирдаг.
- Бие даасан байдал, ямар нэгэн зүйлд өөрийгөө зориулах чадвар болон алдаа гаргахаас айхгүй байх.
Номноос түүвэрлэж авсан хэсгүүд:
- ТВ шоу, кино, видео контент аль болох үзэхгүй байх, түүний оронд ном уншихад тогтмол цаг гаргах хэрэгтэй.
- Таны юм сурч мэдэх гэсэн хүсэл тэмүүлэл тань эх хүний хүүхдээ гэсэн сэтгэл шиг тасралтгүй ундарч байх ёстой.
- Аав хүн хүүхэддээ өөрөөрөө үлгэрлэх хэрэгтэй. Хүүхдүүд ааваасаа энгийн хайр халамжаас илүү ихийг хүсдэг бөгөөд аавыгаа хүч чадалтай, ухаалаг нэгэн байхыг хүсдэг.
- Хүүхдээ сонсоход, илэн далангүй ярилцаж байх цаг гаргахад өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх хэрэгтэй.
- Еврей хүмүүжилд гэр бүл гэдэг хамгийн эрхэм бүх зүйл нь аж.
- Шашины боловсрол, бэлгийн боловсрол, эцэг эхийн тэгш хайр халамж, гэр бүлийн халуун дулаан орчин энэ бүгдээс гадна Еврей хүмүүс хүүхдүүддээ “сурна гэдэг хүнд хэцүү зовлон бэрхшээл биш, харин сонирхолтой хөгжилтэй зүйл” гэдгийг бага балчираас нь зааж сургадаг байна.
- Хүүхдээ нэг нас хүрсэн үеэс нь эхлээд өдөр бүр унтахын өмнө үлгэрийн ном уншиж өгдөг.
- Хүний амьтнаас ялгарах бас нэг онцгой чадвар бол инээмсэглэх юм. Онигоо сайн сонсож, илүү ёгт утга санаанд тэмүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хошин шогийн мэдрэмжтэй байхад багаасаа суралцах.
- Өглөөний хоолыг өөртөө гэдгийг Еврей ээж нар багаас нь хүүхдүүддээ ойлгуулдаг байна.
- Эцэг эхчүүдийн хамгийн чухал үүрэг бол хүүхэд өөрөө юу хийх ёстойгоо ойлгож ухаарах хүртэл нь юу хийж байна түүнийг нь дэмжин магтаж урамшуулах юм. Хүүхдийг урамшуулах нь магтахаас илүү чухал юм.
- Мэдлэг гэдэг бол хүний амьдралд шаардлагатай янз бүрийн нөхцлүүдийн нэг юм. Хэрхэн зөв амьдрах вэ, мэдлэгийг өөрийн амьдралд яаж ашиглахыг зааж шийдвэрлэж өгдөг зүйл бол ухаан юм. Өөрөөр хэлбэл мэдлэг бол загас. Загасыг барих арга нь ухаан юм.
- Найз нөхдийн талаарх тэдний ойлголт бас тун тодорхой байдаг. Бие биедээ тун тусархаг, эв эетэй ард түмэн. Тодорхой бус найз нөхөд болж байснаас тодорхой дайснууд болсон дээр ч гэж үздэг байна.
- Ямар ч зүйлд үнэнч шударга байх хэрэгтэйг багаас нь сургадаг.
- Хүн ямар ч нөхцөлд чин сэтгэлээсээ талархахыг сурвал хичнээн тэсвэрлэхэд хэцүү зовлон бэрхшээл тулгарсан ч ухаалаг хандаж чаддаг болно. Түүнчлэн өөдрөг үзэл бодолтой болдог.
- Алдаа гаргадаггүй хүн бол бусдын хий гэснийг л хийдэг боолоос өөрцгүй юм.
- Хүмүүс хоорондоо ярилцаж байх үед их ярьсан хүн эрсдэлд орох магадлал хамгийн өндөр байдаг. Тиймээс харилцаанд ярихаасаа 2 дахин их сонсож сурах, хааяа асуулт тавих маягаар харилцаж сурах тун чухал.
- Хэлсэн үгэндээ эзэн болох буюу амлалт өгсөн бол амлалтандаа заавал хүрдэг байхад сургадаг байна.
Үнэн бол шалан дээр асгарсан чулуу шиг хаа сайгүй элбэг байдаг. Тэрхүү чулууг авахын тулд хүн биеэ бөхийлгөх хэрэгтэй. Харин хүмүүс үнэнийг өөртөө бий болгохын тулд нуруугаа бөхийлгөхгүй байгаад асуудал нь байгаа юм.
XVIII зуунд зүүн Европт Еврейн шашны багш хийж байсан Бэн Элизер
Еврей хүмүүсийг номгүйгээр төсөөлөх аргагүй
Ном унших нь тархинд хамгийн сайн тэжээл болдог учир шалтгаан нь тархийг маш сайн цочроож өгдөг учраас юм.
_ Temporal Lobe — Энэ хэсэг нь харах болон хэлний чадвар хэсгийг хариуцдаг (Бичиг үсгийг ойлгон, тэмдэглэгээг тайлбарладаг тархины хажуугийн хэсэг)
_ Frontal Lobe — Дүгнэх, үйл хөдлөл, заах чадварыг хариуцдаг (нөхцөл байдлыг задлан шинжилж, ямар нэгэн зүйлийн хэлбэр дүрсийг харах мэдрэхүйгээр төсөөлдөг тархины урд хэсэг)
_ Limbic System — Сэтгэл хөдлөлийг мэдэрдэг тархины төв хэсэг гэх мэт ном уншсанаар цочрол авдаггүй тархины хэсэг гэж бараг үгүй ажээ.
Англи хэл дээр хялбар анхан шатны үлгэрийн ном хүүхэддээ (1–6 насны) өдөр бүр тогтмол 15–30мин уншиж өгснөөр ирээдүйд нь оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд хэрэв та бас өөрөө хэл сурах хүсэлтэй бол энэ арга нь нэг сумаар 2 туулай буудаж байгаа хэрэг болно.
Google компанийг үүсгэн байгуулагч Ларри Пэйжийн гэр бүлийн гишүүд бүгд ном уншин, түүнийхээ талаар харилцан ярилцдаг хүмүүс байв. Нэг удаа гэр бүлээрээ аялалаар явж байхдаа хувцас хэрэглэл хийж явсан цүнхээ бүгдийг нь хоослон, очсон газрынхаа номын дэлгүүрээс цүнхээ дүүртэл ном худалдан авч байжээ.
Ротшильдийн гэр бүлийн эдийн засгийн боловсролын 10 зарчим:
- Үйл хөдлөл чинь аль хэдийн том амжилтанд хүрсэн хүн шиг болох хэрэгтэй. Тэгвэл чи өөрөө ч мэдэхгүй амжилтад хүрнэ.
- Бусдын нөлөөгөөр буруу зүйл битгий хий. Энэ бол боол болох хамгийн дөт зам.
- Мэдээлэл бол мөнгө. Мэдээлэл цуглуулах чадвараа сайжруулаарай.
- Хүмүүс хоорондын харилцаа холбоо бол асар том хүч. Олон хүмүүстэй танилцаж, танилын цар хүрээгээ нэмэгдүүлээрэй.
- Бусад хүмүүсийг хайрла. Тэгж байж чи ч бас бусдад хайрлуулна.
- Эрсдэл бол боломж. Эдийн засгийн хямралтай үед мөнгө олдох боломж жирийн үеийнхээс 10 дахин их байдаг.
- Багаар ажиллах шиг чухал зүйл байхгүй. Гагцхүү зохион байгуулалттай байхад маш их анхаарах хэрэгтэй.
- Боловсролдоо хөрөнгө оруулалт сайн хийх хэрэгтэй.
- Амжилтад хүрсэн хүнтэй найзалж нөхөрлөөрэй. Гайхалтай хүч чадлыг мэдрэх болно.
- Хийх итгэлгүй байгаа зүйлээ анхнаас нь хийх хэрэггүй.
БНСУ-ын зохиолч Ку Жэ Хаг өөрийн улсын боловсрол, нийгмийн хөгжлийг Еврейчүүдийн боловсрол, хөгжлийн хурдтай харьцуулан түүнийгээ амжилтын нууц гэж томъёолсон нь уншигч миний хувьд тун сонирхолтой байлаа. Миний сүүлд сонссон статистикийн мэдээн дээр БНСУ-д 30 гаруй мянган Монголчууд ажиллаж амьдардаг гэсэн тоо бий. Цаашлаад Монголын ихэнх ТВ суваг Солонгос сериалаар бөгбөгдөхөөс гадна, Солонгосын E-mart-аас эхлээд олон сүлжээ дэлгүүр, худалдааны лангуу, автомашин, цахилгаан бараа, гар утас, солонгос хоолны газар гээд л хальт харвал УБ хот нь 20 жилийн өмнөх Солонгосоос ялгарах юмгүй болсон мэт. Гэтэл зохиолч эсрэгээрээ өөрийн улсын хөгжил, хүмүүсийн хандлага, боловсрол, хүмүүжлийг ихэд шүүмжлэх аястай бичсэн байна. Мэдээж одоогийн Солонгос улс манай улсын хөгжлөөс хэдэн арван жилээр түрүүнд яваа нь үнэн. Тэр утгаараа бид хөгжлийн хурдаа Солонгосоос үлгэрлэх нь зөв үү гэсэн бодол эргэцүүлэл өөрийн эрхгүй төрлөө.