Жаран хоног “Жаран”-ы бутархай [Санжийн Баяр]
МУ-ын Ерөнхий Сайд асан Санжийн Баяр (Ахлах дэслэгч, МОНЦАМЭ редактор, МРТУХ-ны орлогч, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд …) 2018 оны 4 сарын 10-наас ганц худаг буюу хорих 461-р ангид 60 хоногийн турш (эхний 2 долоо хоног нарсанд, үлдсэн хоногууд нь шоронгийн эмнэлэг болон сайд нарын хоёрдугаар эмнэлэгт харгалзагчтайгаар өнгөрсөн) саатуулагдах хугацаандаа төрсөн бодлуудаа эмхэтгэн бичсэнээр номын эхний бүлгийн үйл явдлууд өрнөнө. Өөрийг нь яг ямар хэргээр буруутган хорьж байгаа нь тодорхойгүй, биеийн байдал нь тааруу нөхцөлд мань хүн хэрхэн энэ байдлыг даван гарч байгааг номны эхний бүлэг сонирхолтой байдлаар дүрсэлжээ.
“Жигүүртнийг торонд байхыг харах нэг өөр, торон дотроос жигүүртнийг харах бүр өөр.”, “Хүн гэж амьтан жаргах биш, зовох гэж төрдөгөө мэддэггүй. Мэдлээ гээд бие үхээгүй байхад сэтгэлээр үхэж болохгүй.”, “Үхлээсээ өрсөж үхэх хэрэггүй.”, “Хэний ч биш, чиний л буруу”, “Өчигдрийн анд шиг өст дайсан үгүй.” гэх мэт яг л шоронгийн ханан дээр л байдаг байх гэмээр олон афоризм үе үе номын хэсгүүдээс гарч ирнэ. Магадгүй эдгээр афоризм маягийн өгүүлбэрүүд нь түүний оюун бодол дунд эргэлдэх элдэв хардлага, бодол дундах нүүдэл зэрэг нь номын эхний бүлгийг амь оруулах мэт.
“ӨРӨӨЛӨӨС ШААРДСАНЫГ ӨӨРӨӨ ХИЙХГҮЙ БОЛ ШУДАРГА ЁС ТОГТОХГҮЙ.”
Монгол Улсын Гавьяат Хуульч Б.Чимид
Дараагийн дэд бүлэгт хаана ч юм хэзээ нэг цагт орж ирсэн дурсамжуудаа сийрүүлэн бичжээ. Он цаг хугацааны хувьд замбараагүй мэт харагдах боловч сайн ажиглан тогтож унших аваас харин ч хоорондоо ямар нэг сэжмээр холбогдох мэт сэдэв гарчигууд бие биедээ уусан холбогдоно. Нэгэн “жаран”-ыг элээсэн ийм сонирхолтой хүний өнгөрсөн амьдралын түүхийг 450 нүүр хуудсанд багтаах боломжгүй. Тийм ч учраас бутархай хэдэн зоос адил өөрийн тоймтой хэдэн дурсамжаа өгүүлсэн биз.
Бидний өнгөрсөн амьдралд санаанд тод үлдсэн хэд хэдэн дурсамж түүх байдаг. Тэр дурсамжууд нь оршин буй цаг хугацаандаа урт үргэлжилсэн үү, хоромхон болоод өнгөрсөн үү гэдгээс үл хамаарч бидний ой тоонд хадагдан үлдэнэ. Түүх бол түүх. Аль ч их гүрний түүх их цусаар бичигдсэн байдаг нь үнэн. Өнгөрсөн түүхээ хувь хүн, ард түмэн өөр хүний биш, өөрийн л нүдээр хардаг. Улс төрийн талаар төдийлөн сонирхоод байдаггүй надад энэ ном тодорхой тоймтой хэдэн ойлголтыг өгөх шиг боллоо.