Жонатан Ливингстон хэмээх цахлай [Ричард Бах]

Erdem Nomt
2 min readDec 11, 2024

--

Энэ номыг нилээд өмнө нэг уншиж байсан санагдана. Тэр үед энэ дөрвөн бүлэг бяцхан номын утга санааг ер ойлгоогүй бололтой. Жонатан Ливингстон хэмээх цахлай шувуу аз жаргалгүй, уйтгар гуниг, айдас хүйдэс, уур хилэнгээр дүүрсэн цахлай шувуудын амьдралаасаа залхан өөрчлөгдөхийг хүсдэг. Тэр дундаа хэзээ ч бусад цахлай шувуу хийхийг зүрхэлдэггүй өндөрт хурдтай нисэж сурахаар сэтгэл шулуудан хичээн оролдоно. Энэ үйлдэл нь түүний эргэн тойрны бусад цахлай шувуудад огт таалагдахгүй учир хавчин гадуурхагдсаар цөлөгдөнө.

Шөнийн галт тэрэг хамтлагийн Цахлай дууг сонсонгоо тэмдэглэлээ бичиж сууна, гэхдээ энэ цомогт нь багтаагүй.

Хөөрхий шувууд салхи сөрөн
Хөлгүй тэнгисийн дунд гаслана
Сэтгэл цаанаа нэг л уйтай

— Шөнийн галт тэрэг, Цахлай дууны хэсгээс

… Чи саяд ганц тохиох шувуу. Бидний ихэнх нь маш аажуухнаар урагшилдаг. Бид нэг ертөнцөөс нөгөөх рүү, бараг л ялгаагүй шахам өөр ертөнцөд ирэхдээ ч өмнөхөө умартан, хаашаа явж байгаагаа ч үл анзааран зөвхөн тухайн мөчдөө л амьдардаг. Амьдралд идэж уух зүйлс, эрх мэдлийн төлөө хоорондоо арсалдан тэмцэлдэхээс илүүг хийж болдгийг ойлгож эхлэх хүртэл бид хичнээн амьдралыг туулдаг гэж чи бодож байна? Мянга мянган амьдрал Жонатан, арван мянган амьдралыг туулдаг юм! Цааш нь, төгс төгөлдөр гэгч байдгийг ойлгож эхлэх хүртэл дахин зуун амьдрал, бас тэрхүү төгс төгөлдрийг олж, нээн илрүүлэх нь бидний амьдралын утга учир, гол зорилго гэдгийг мэдэхийн тулд дахиад зуун амьдрал. Энэ ертөнцөд юу сурснаасаа хамаарч дараагийн ертөнцөө сонгоно. Юу ч сураагүй бол шинэ ертөнц дэх амьдрал ямар ч ялгаагүй, бүх талаараа хүндрэл, хязгаарлалтыг даван туулахад хүрдэг…

Хайрлаж сурахыг л хичээгээрэй гэсэн нь түүний сүүлчийн үг байлаа.

Тэднээс сайн тал нэг бүрийг нь олж хар, тэгээд өөрсдийгөө ч гэсэн олж харахад нь тусал. Хайр гэж үүнийг л хэлээд байгаа юм.

Бидний дунд хичнээн олон хүн учраа олохгүй, төөрч будилан амьдралын бор шар өдөр хоногийг аргацаан өнгөрүүлнэ вэ? Бид өөрсдөө ч тэдний нэг хэвээр учраа нэг л олохгүй байх шиг. Хөөрхийлөлтэй санагдах цахлай шувууны амьдралаас дээрдэх юм яг үнэндээ бидэнд байгаа билүү? Амьдралын үнэ цэнэ нь юу юм бэ? Цаашлаад эрх чөлөө нь бас юу юм бэ? Номын төгсгөлд хэлдэгчлэн нээрэн л бид чинь эрх чөлөөний наран шингэхийг харж суугаа цахлайнууд биш байгаа даа?

Жонатан шиг өөрөөр амьдарч эхлэх боломж хүн бүхэнд бий. Гол нь түүнийгээ олж харах нь л чухал. Хийхийг хүссэн зүйлээ өдөр бүр хийж, түүгээрээ амьсгалж, адил сонирхол нэгтэй бусадтайгаа нэгдэн илүү сайжрах, тэгээд эцэст нь сурсан бүхнээ бусадтай хуваалцах ажээ. Ингэж чадсан үед л тэр утга учиргүй мэт санагдаж байсан амьдралын бараан саарал үүлэн давхарга арилан цэлмэж, нар гийх нь тодорхой.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet