Зэн буддизм — Амьдралаас ангижрахуй [Гүн Аюурзана]

Erdem Nomt
3 min readNov 29, 2022

--

Зэн бол амьдралын аахар шаахар зүйлд баригдахгүй, сэтгэлээ хүсэл шуналаар зовоохгүй явж, хязгааргүй эрх чөлөөг жинхэнэ утгаар амсаж танихын урлаг юм. Өөрөөр хэлбэл хорвоогийн мөн чанарыг өөрийнхөө дотроос хайн олох нь зэн-буддизмын үзэл юм. Бидний дотоод ертөнц бол бүхий л орчлон ертөнцийн бичил загвар.

Ажлын ширээн дээрээс номын тэмдэглэлдээ зориулан зураг авчээ

Буддын гүн ухааны мөн чанар нь зэн, зэнгийн мөн чанар нь хувь хүний эрх чөлөөний мэдрэмж юм. Гэгээрэлд хүрэхийн тулд, гэр бүлээсээ татгалзаж, ажил албаа орхиж, зөвхөн ногоо идэж, нам гүм газар завилан суух шаардлага ер байхгүй! Зүгээр л ажлаа хийж яваад, хүүхдүүдтэйгээ тоглож байгаад зэнд хүрч болно.

Хэрвээ чиний амьдралд зэн мөрдөгдөж байгаа л бол айх, эргэлзэх, шунан тачаах, хэт их мэдрэмжүүд үгүй болно. Тэвчээр алдрах, аминч хүслүүд сэтгэлийг чинь үймүүлэхээ болино. Чи бүхий л хорвоод энэрэн хайрлах сэтгэлээр хандаж, амьдралаа модноос тасран унах навч мэт улиран буйг тайвнаар ажиглах болно.

“Буддизм бол шашин болоод хувирчихсан шашингүйн үзэл.”

Альбер Камю

Бүхий л зүйл бодитой болоод хийсвэр зүйлсийн харилцан шүтэлцээнд байхаас өөрөөр оршин тогтнодоггүйг ойлгох нь хоосон чанарын хүчин чадал юм. Энэ өгүүлбэрийг уншаад надад iPhone утас Стив Жобсын толгойд хэрхэн бүтэж байсан бол гэсэн сониуч бодол орж ирлээ. Гар утас яагаад заавал олон товчлууртай байх ёстой гэж? тухайн цаг үедээ хийсвэр боловч одоо цагт бодит болсон iPhone утсыг барьж үзээгүй хүн цөөн байх.

Системчлэгдсэн, логик үндэслэл бүхий мэдлэг үнэнхүү гэгээрэхэд ерөөс хэрэг болдоггүй. Гэвч мэдлэг нь гэгээрэлд хэрэг болохгүй гэдгийг ойлгох хэмжээнд очтолоо бид мэдлэгийг эзэмшдэг. Тэр хүртэл ямар хэмжээний мэдлэг хэрэг болохыг таашгүй.

Зэнд суралцах үед дараах 4 сэтгэлзүйн мөрдлөгөө өөртөө хүлээн зөвшөөрүүлэх:

  1. Аль болохуйц жирийн амьдрах
  2. Зугаа цэнгэлээс татгалзах
  3. Залхуурлыг огоорох
  4. Гавъяа үгүй алхам (бусдад мэдэгдэлгүй тус хүргэх)

Зэн хүмүүст аниатай байгаа билгийн мэлмийг нь нээж өгөхийг зорьдог. Зүйрлэвэл хараагүй хүн хараа орох мэт тийм өнгөт мэдрэмж байж болох юм. Өөрөөр хэлбэл хүний мөн чанарын дээд түвшнийг таних, боолчлолоос ангижирч эрх чөлөө тийш очих замыг заах сэтгэлгээний арга юм. Зоргоороо салхи мэт, чихэнд дуулдах хэрнээ хаанаас түгж, хаашаа замхарч буй нь мэдэгдэхгүй дуу авиа мэт байхыг зэн-буддистууд жинхэнэ дээд оршихуй хэмээдэг.

Бусдын үгээр номлогчдыг эртний мэргэд “гурван ямхын эрдэмтэн” гэж шоолдог байв. Чих, ам хоёрын хооронд барагцаалбал гурван ямх зайтай аж.

Г.Аюурзана зохиолчийн бичсэн энэхүү номыг уншаад зэн буддизмын талаарх төсөөлөл маань улам бүр энгийн талруу дөхөж байгаад баяртай байна. Үүний өмнө уншсан Дао — Амьдралыг танихуй (Г.Аюурзана), Одоо цагийн хүч (Экхарт Толл) номуудыг уншигч таньд санал болгож байна. Ингээд тэмдэглэлийн төгсгөлд АНУ-д зэнг түгээж хөгжүүлсэн багш Сен Саку өөрийнхөө насан туршид баримталсан дүрмийг ийн томъёолсныг хүргээд өндөрлөе.

  1. Өглөө хувцаслахын өмнө бойпорт сан үүсгэж, бясалга.
  2. Тогтмол, тодорхой цагт унтахаар хэвт.
  3. Хоолыг тогтмол, тодорхой хугацааны заагтайгаар идэж бай.
  4. Хэмжээтэй хоолло. Хэзээ ч цадталаа бүү ид.
  5. Ганцаараа байхдаа ч зочдын хажууд байдаг шигээ бай.
  6. Зочдын дэргэд ч ганцаараа байдаг шигээ бай.
  7. Ярьж буй бүхнээ мөрдөн хяна. Хэлсэн бүхнээ биелүүл.
  8. Хэрэв аятай, тааламжтай тохиолдол болбол, хажуугаараа бүү өнгөрүүл. Түүнээс гадна аливаа үйлдэл хийхийн өмнө хоёр дахин бодож тунгаа.
  9. Өнгөрсөнд бүү харамс. Ирээдүйгээ хар.
  10. Чамд ямагт баатар эрийн зориг, хүүхдийн цайлган энхрий зүрх байг.
  11. Унтахаар хэвтсэн л бол, энэ чиний сүүлчийн нойр юм шиг бөх унт.
  12. Сэрмэгцээ, ор дэвсгэрээ эгээ л хуучин шаахайгаа хаяж буй мэтээр шууд л орхин бос.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet