Морритой өнгөрүүлсэн мягмар гаригууд [Митч Албом]
Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр номыг уншиж байгаад тухайн номын зохиолч болон гол дүрийн ноён Ган хоёул энэ номыг уншаад сэтгэл нь хөдөлж уйлсан тухайгаа бичсэн байсан нь номыг олж унших сэдэл төрүүлсэн.
“Чин сэтгэлээсээ хүсэж буй зүйлсээ хий. Чи өөрт хэрэгтэй чухал зүйлсээ ч бусдад санал болго. Энэ нь чиний цаг хугацаа, чиний оролцоо, чиний түүх байж болно. Бусдыг хайрлахад өөрийгөө зориул, чамайг хүрээлж буй хүрээлэлд өөрийгөө зориул, чамд утга учир өгдөг, чамайг зорилготой байлгах тэр зүйлсэд өөрийгөө зориул.”
Морригийн хэлсэн энэ ишлэл номыг унших хүслийг төрүүлсэн юм.
Номын зохиолч Митч их сургуулиа төгсөөд арван зургаан жил өнгөрөхөд амьдралыг үзэх үзэл, хүсэл мөрөөдөл, найз нөхөд гээд олон зүйлээсээ хөндийрсөн гэдгээ профессор Морри багшийнхаа хэлсэн: “Маш олон хүн утгагүй амьдралаар амьдрах юм. Чухал гэж бодсоноо хийцгээж, завгүй байгаа хэдий ч тэд зүүрмэглэж явах шиг санагддаг нь буруу зүйлийн араас хөөцөлдөж яваатай л холбоотой. Амьдралаа утга учиртай болгоё гэвэл бусдыг энэрч хайрлахад, ойр хавийнхандаа, чамайг зорилготой, утга төгөлдөр болгох зүйлийг хийж бүтээхэд өөрийгөө зориул” өгүүлбэрийг эргэн санаж ухаарч байгаагаар үйл явдал өрнөж эхэлнэ.
Митч оюутан байхдаа Профессор Морри багшийн хичээлд мягмар гараг бүр суудаг байжээ. Одоо түүний амьдралын сүүлийн мөчүүдэд ч, насан эцэс болох өдөр хүртэл нь мягмар гараг бүр ирж элдвийг ярилцаж хөөрөлдөж байгаагаар зохиолын үйл явдал өрнөнө. Өөрсөддөө мягмар гарагийн хүмүүс гэж нэр өгсөн нь номын нэрний санаа болжээ. Тэд мягмар гараг бүр ямар нэгэн сэдвийн дагуу гүнзгий итгэл үнэмшлээр, нэг долгионд нэвтрэлцэн ярилцана. Хальт харахад уг ном маань “Ад үзэгдэх зориг” номын бичигдсэн төрөлтэй нилээд төстэй хөгшин, залуу хоёр эрийн харилцан яриагаар хийгдсэн. Угаас номын хавтсан дээр “өтөл хийгээд идэр эрчүүд, амьдралын их сургамж” хэмээн бичсэн нь тун тохирсон мэт.
Бид нялх нярай үедээ амьдрахын тулд бусдын дэмд түшиглэдэг. Тийм үү? Эцэстээ над шиг болохын цагт бас л бусдын дэмд түшиглэнэ. Мөн үү? гээд тэр дуугаа намсган шивэгнэх төдий гол нууц нь энэ хооронд ч гэсэн бидэнд бусдын дэм тус хэрэгтэй байдаг юм.
Морри
Морригийн хэлсэн энэ үг бидэнд амьдралын дасгалжуулагч, багш үргэлж хэрэгтэй байдгийг тун гоёмсог байдлаар хэлээд өгөх шиг. 2019 оны зун би хамт ажиллаж байсан буддын шашинтай нэгэн дүү хүүгээс “Сайн багштай учирна гэдэг их хувь тохиол” гэж сонсож байснаа эргэн санав. Мөн цаашлаад гэр бүл хамгийн чухал болох талаар, үр хүүхэдтэй байхыг юутай ч зүйрлэх аргагүй, бие биенээ хайрлах, бусдыг болон өөрийгөө уучлах талаар ярилцана.
Зохиолч Митч өөрийн алдаж эхэлж буй залуу насандаа очоод өнөөдөр ойлгосон зүйлсээ болдогсон бол хэлж ойлгуулахыг хүсэн харуусал төрнө. Гэвч профессор Моррис Шварц түүнд “Амьдралд хэт оройтно гэж байдаггүй” талаар ярилцаж ойлгуулснаар Митч олон жилийн турш өөрийгөө буруутгаж байсан асуудлаа өөрөөр хэлбэл удаан харилцаагүй байсан хорт хавдраар өвдсөн дүүтэйгээ харилцаагаа хэвийн хэмжээнд эргэн сэргээж чаддаг.
Морригийн амьдралын утга учрын талаарх богино боловч утга төгөлдөр хичээл мэт номыг уншаад маш олон алдаагаа өөрөөсөө олж харах шиг боллоо. Мэдээж тэр дор нь бүх алдаагаа засаж чадахгүй ч бусадтай илүү нээлттэй хөгжилтэй байх, эргэн тойронд байгаа хүмүүсээ илүү тод сонсож сурах хэрэгтэйг мэдэж авлаа.
Митч: Нэг л өдөр цоо эрүүл болчихвол Та яах бол? Юу хийх вэ?
Морри: Бүтэн хорин дөрвөн цаг уу?
Митч: Тийм, хорин дөрвөн цаг.
Морри: За байз, бодьё. Өглөө босоод дасгалаа хийнэ сайхан ороомог хийж өглөөний ундаа уугаад усанд сэлэхээр явна.Тэгээд найз нартайгаа хамт сайхан хоол иднэ.Тэднийгээ ганц хоѐроор нь дуудаж ирүүлээд гэр бүл, тохиолдсон бэрхшээл, бид бие биендээ хэчнээн чухал болохыг ярилцана. Дараа нь модтой цэцэрлэгт салхинд явж моддын өнгө, шувуудыг харж, харалгүй өчнөөн удсан байгалийн сайхныг харж баясана. Үдэш нь сайхан паста, би нугасанд дуртай болохоор магадгүй нугас идэхээр цөмөөрөө ресторанд очиж шөнөжин бүжиглэнэ.Тэндэхийн бүх л сайн бүжигчидтэй ядартлаа танц эргэнэ.Тэгээд гэртээ хариад ѐстой сайхан, нам унтана.
Митч: Ингээд боллоо гэж үү?
Морри: Тийм.