Санхүүч хэрэм (цуврал 3) Мөнгө гэж юу вэ? [Ж.Оюун]
Мөнгөний талаар айдасгүй, буруу мунхаг бодолгүй хүн болгож өсгөхөд ийм чиглүүлэгч ном үр дүнтэй байх нь гарцаагүй. Мөнгө хаанаас ч юм зүгээр гарч ирдэггүй, түүнийг ажил хийж олдог гэсэн мессежийг өмнөх цувралаас сурч авсан бол энэ удаагийн цувралаар мөнгө яагаад, ямар шаардлагаар үүсэж бий болсныг бяцхан үлгэрлэсэн түүх маягаар тайлбарлажээ. Самархан, Бамбар (бас нэг шинэ дүр) хоёрын үл ойлголцлын үр дүнд бартер, солилцооны тухай мэдэж авах нь байна. Эрдэм, Номт хоёр номоо гурав хоногийн өмнө уншиж дуусгаад, хоёр хоногийн өмнө дэлгүүрийн худалдагч, худалдан авагч болон тоглоцгоож мэдлэгээ бататгах дасгал хийцгээв. Бартерийн талаар нэг сайн ойлгохгүй байсан ч өнөөдөр хоорондоо тоглож байгаад тоглоомоо хоорондоо солилцох шаардлага гарсныг далимдуулж дөрвөн настай Эрдэмд барьж байгаа тоглоомоо Номтын тоглоомоор бартер хийгээч гэтэл хэсэг бодсоноо ойлгосон бололтой аавруугаа догь инээж байх нь тэр.
Эргэцүүлж бодоод хариулах ёстой зургаан асуулт байснаас тавд нь ямар нэг байдлаар хариулт өгөв. Ямар ч байсан Санхүүч хэрэм номын тусламжтайгаар Эрдэм хүү маань хүнээс санамсаргүй байдлаар илүү мөнгө авсан бол буцааж өгөх хэрэгтэй, мөнгийг ажил хийж байж олдог, тэгээд түүгээрээ хоол хүнс, хувцас, байр, машин, бензин, тоглоом авдаг гэж хариулав. Дараагийн хэсгээс Монголд хэрэглэгдэж байгаа мөнгөн дэвсгэртүүдтэй танилцаж, өөрсдийн мөнгөө хадгалдаг шилэн саван доторх мөнгөнүүдтэйгээ харьцуулан харж ярилцацгаав. Мөн 20,000 төгрөгийн дэвсгэртээр нийт хэдэн зайрмаг авч болохыг тоолж мэдээд пүүх гэж уулга алдав. Хамгийн хөөрхөн санагдсан нь Монгол, Америк, Хятад, Оросын төрийн далбаа болон харалдаа баруун талд нь мөнгөн дэвсгэртүүдийг нь хооронд нь зөв холбох даалгавар дээр Монгол — Төгрөг болон Америк — Долларыг зөв холбож чадав.
Үүнээс цааш ихэнх даалгавар нь одоогоор насанд нь ахадсан 10 хүртэлх насны хүүхдэд зориулсан учраас дараа нь хоёр дүүдээ тайлбарлах ээлж нь ирэх үед эдгээр үлдээсэн даалгаваруудаа нөхөөд хийчихэж болох юм. Аан нээрэн хүүхдүүд маань хоорондоо дэлгүүр болж тоглоход нь зориулсан тоглоомон мөнгийг санхүүч хэрэм цувралын зүгээс гаргасан гэж ойлголоо. Түүнийг нь олоод ашиглуулбал их зүгээр юм гэж бодогдлоо. Мэдээж хүүхдүүдэд ойр зуур бэлэн мөнгөөр худалдан авалт хийлгэвэл практик дээр илүү хурдан тодорхой сурах нь ойлгомжтой.
Над шиг хүүхдүүдтэйгээ ажиллах тал дээр хойрго хандах гээд байдаг эцэг эхчүүдэд энэ ном үнэхээр санаа өгч, зүг чиг нь болоод хөнгөхөөн аваад явчихна. Гол нь хүүхдийн тань түвшинд хүрч, сонирхолыг нь татаж чадаж байгаа нь хамгийн чухал юм. Ухаалаг үсрэнгүй техник технологийн эрин үед амьдарч байгаа бидний хүүхдүүдэд амьд харилцаа, нээлттэй орчин, зөв мэдлэг, эрүүл сэтгэл зүрх агаар ус адил хэрэгтэй болсон гэдгийг онцгойлон хэлээд энэ удаагийн тэмдэглэлээ жаргаах цаг болжээ.