Цэгцтэй сэтгэх урлаг [Ролф Добэлли]
Бид хувь заяаныхаа эзэн нь мөн үү? Асуудлын цор ганц шалтгааныг хайгаад олж байсан уу?
Ямар ч зүйлд (гэр бүл салалт, дэлхийн I дайн, хорт хавдар, гэмт хэрэг, компанийн амжилт г.м) цор ганц шалтгаан гэж байхгүйг ойлгох хэрэгтэй. Дараагаар нь тухайн асуудалд байж болох бүх шалтгаануудыг бичээд мөн тэдгээр шалтгаануудын цаадах шалтгаануудыг бас бичнэ. Таны өөрчилж чадах шалтгаануудыг нэг хэсэгт, өөрчилж чадахгүй шалтгаануудыг нөгөө хэсэгт ялган бичнэ. Мэдээж эдгээрийг ялгаж харах мэргэн ухаан хэрэгтэй. Бидний амьдралд биднээс шалтгаалахгүй олон гадаад хүчин зүйлс (өссөн орчин, боловсрол, өвөг дээдсийн ген, тархины маань бүтэц г.м) бий. Харин бид өөрчилж чадах зүйлс дээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бидний ихэвчлэн анзаараад байдаггүй асуудлуудыг энэ ном маш олон сэдвээр, маш олон жишээгээр тайлбарлаж чаджээ.
ХАРАХ ӨНЦГӨӨ ӨӨРЧИЛ
Амжилттай яваа бусадтай ижил төстэй чанаруудаа хараад, өөрийгөө бодит байдлаас хэт өндрөөр үнэлснээс амжилтын талаарх төөрөгдөлд орох магадлалтай. Тиймээс бусдын алдаа оноотой нь хамт байдаг хөшигний ард орших бодит үнэн түүхүүдийг харах шаардлагатай. Үүнийг өөрийгөө дутуу үнэлэх гэдэгтэй андуурч ойлгож бас болохгүй юм.
АЯГАНЫ ТАЛЫГ ХООСОН ГЭЖ ХАРАХААСАА ИЛҮҮ ТАЛЫГ НЬ ДҮҮРЭН ГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ.
Харвардыг дэлхийн хамгийн шилдэг их сургууль гэж ярьцгаадаг. Маш олон амжилттай хүмүүс тэнд суралцсан. Тэгэхээр Харвард бол үнэхээр сайн сургууль гэсэн үг үү? Бид үүнийг мэдэхгүй. Уг сургууль нь зүгээр л дэлхийн хамгийн шилдэг оюутнуудыг элсүүлдэг тааруухан газар ч байж магадгүй.
БУСАДТАЙ ӨӨРИЙГӨӨ БҮҮ ХАРЬЦУУЛ
Бусад хүмүүстэй ижил үйлдэл хийх нь бидэнд илүү аюулгүй, зөв мэт санагдах нийтийг дагах үзэгдлийг “сүргийн зөн совин” гэж нэрлэх нь бий. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн санааг олон хүн хүлээн зөвшөөрөх тусам үнэн гэж итгэх нь ихэсдэг. Түүнчлэн ямар нэгэн зан үйлийг олон хүн дагах тусам тухайн зан үйлийг зөв гэж бусад хүмүүс үздэг. Энэ бол мэдээж утга учиргүй зүй тогтол юм. Нийтийг дагах үзэгдэл нь янз бүрийн хөөсрөлүүд, туйлшралууд, хувьцааны зах зээлийн цочролуудын цаадах үл үзэгдэх гар юм.
“Тавин сая хүн хэн нэгнийг тэнэг гэж дуудаж байсан ч энэ үзэгдэл өөрөө тэнэг хэрэг байж болно.”
Английн зохиолч Сомэрсэт Маугам
“Бид нэгэнт хамтдаа өдийг хүрсэн юм чинь.. “, “Би нэгэнт эхэлчихсэн юм чинь.. ” гэх мэт яриаг сонсож байсан бол энэ чинь л зарлагадсан зүйлийн хойноос шаналах үзэгдэл юм. Бид зарим зүйлийн хаалгыг хааж сурах хэрэгтэй. Бизнесийн стратегийн чухал нэг хэсэг нь юунд оролцохгүй байх вэ гэдгээ тодорхойлох явдал байдаг. Өөрийн амьдралдаа ч мөн адил. Стив Жобс нэгэнтээ “…Бусад хүний бодлоос урган гарсан нэгэн хэвийн үзэл баримтлалд битгий баригд. Бусдын бодол санаагаар өөрийн дотоод дуу хоолойг бүү дар… ” гэж хэлж байсныг дахин санах хэрэгтэй.
ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ШИНЭЧИЛ
Итгэл үнэмшилтэйгээ нийцүүлэх төөрөгдөл бол шинэ мэдээллийг өөрт аль хэдийн байгаа онол, итгэл үнэмшилтэйгээ хүчээр нийцүүлэх хандлага юм. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг бид мундаг ухаантай, тэнэг, залхуу эсвэл худалч гэж итгэсэн үедээ зөвхөн энэ бодлоо бататгах жишээнүүдийг л тухайн хүнээс олж хардаг.
ХАЙРЦАГНААС ГАРЧ СЭТГЭ.
Уран зохиол шүүмжлэгч Артур Квиллэр-Кауч
Итгэл үнэмшилтэйгээ нийцүүлэх төөрөгдөлтэй тэмцэхийн тулд нэг найзынхаа талаарх өөрийн итгэл үнэмшлүүдээ цаасан дээр бичээд — тэдгээртэй зөрчилдөх жишээнүүд ол. Итгэл үнэмшлийнхээ “хоригдол” нь бүү бол. Сэтгэлгээгээ задалж өг.
Таны итгэл үнэмшил бусдынхаас илүү баталгаатай гэж бодсоноор та өөрийгөө бусдаас мундаг гэж тооцож эхлэн улмаар бусдын үзэл бодлыг үгүйсгэх нь маш их хор хохирлыг авчирдаг. Тиймээс өөрөө өөртөө ч шүүмжлэлтэй хандаж бай.
Танаас өөрөөр сэтгэдэг, өөр туршлагатай хүмүүстэй цагийг өнгөрөөж байх хэрэгтэй. Хязгаарлагдмал мэдээллийн уршгаас зайлсхийхэд бусдын туслалцаа бидэнд хэрэг болдог.
ЭРХ МЭДЭЛ БА МӨНГӨ
Маш олон компаниуд эрх мэдлийн төөрөгдлийг асуудал гэж харахгүй байна. Ялангуяа захирангуй удирдагчтай газруудад ажилчид нь өөрсдийн санаа бодлоо өөрсдөдөө хадгалж байгаа нь бизнест маш их гарз хохирол учруулж байна. Мөн асуудлыг дан мөнгөөр шийдэж болдоггүйн нэг жишээ:
Харх үржихийг зогсоохын тулд XIX зуунд Ханой дахь Францын колончлогчид нэгэн хууль санаачилсан байдаг. Уг хуулинд харх агнаж, алсан хархаа авч ирсэн хүн бүрт хархны тоогоор шагнал хүртээнэ гэж заажээ. Хууль гарснаас хойш маш олон харх устсан ч, мөн маш олон хархыг үржүүлж эхэлсэн байдаг.
ЭНГИЙН БӨГӨӨД ТОДОРХОЙ
“Хэрэв танд хэлэх зүйл байхгүй бол юу ч хэлэх хэрэггүй. Энгийн байдал нь бидний хүрэх цэг мөн бөгөөд харин эхлэх цэг биш юм.” Марк Твэйн энэ өгүүлбэрээрээ бидний орчлон хорвоог туйлын эмх замбараагүй, төвөгтэй болохыг нотлох шиг. Гэтэл энэ бүхнийг бид хяналтдаа байлгах гэж улайран тэмцдэг шүү дээ. Ирээдүйд юу болохыг бид мэдэхгүй учраас үүнийг удирдах боломж бараг байхгүй. Бидний нөлөөлж, хянаж чадахгүй зүйлс гэж бий. Тиймээс зүгээр л аливаа зүйлийг хамгийн сайнаараа хийхэд л хангалттай, харин ямар ч үр дүн гарсан түүнийг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй.
“Энгийн бөгөөд тодорхой байх нь ямар хэцүү болохыг та мэдэхгүй. Хүмүүс өөрсдийгөө тэнэг харагдах вий гэж айдаг. Бодит байдал дээр харин ч эсрэгээрээ, цэцэрхэж өөрсдийгөө тэнэг харагдуулдаг.”
Жак Велч, Женерал Электрик
Энэ номыг уншаад нэг зүйлийг мартахааргүй тогтоож авсан нь бидний эргэн тойронд маш их хэрэгцээгүй мэдээ мэдээлэл, мөн түүнийг дагасан илүү дутуу зан үйл, амьдралын хэв маяг оршин байдаг аж. Тэгэхлээр цаашид цэвэр тунгалаг, цэгцтэй тунгаан бодоход суралцах нь чухал. Үй түмэн асуудал дунд бид амьдарч байна. Хэрсүү ухаан хийгээд эр зоригийн тусламжтайгаар салах шаардлагатай олон асуудлаасаа ангижрахад тань энэ ном санаа өгнө гэдэгт итгэлтэй байна.