Шинэ аав [Ч.Ганжавхлан]
Би ч энэ номыг уншаад өөрөөсөө ичих шиг болно. Толгой руугаа цохиулах мэт. Учир юу гэвээс өөрийн бүх үнэнийг өчих аваас муу аав гэх ангилалд гарцаагүй хамрагдах тул хоёр гараа өргөн маш олон зүйлийг үлгэр болгон өөртөө чадлаараа шингээн авахаар шинэ жилийн өмнөх өдөр шимтэн уншиж сууна.
“… Сайхаан сайхан. Ер нь аливаа зүйлийг асуудал гэж харвал асуудал, хайр гэж харвал тэр чигээрээ хайр билээ.”
Гэр гэдэг чинь зуслангийн модон байшинд уу, хаусанд уу, апартмэнтад уу, таван ханатад уу гэдгээс үл хамаарч хамтдаа байна гэдэг нь л бүх зүйл, хамтдаа байгаа газрыг л гэр гэдэг аж. Ёстой л үнэн үг. Хамгийн бага маань ээжтэйгээ арван хоёр хоног эмнэлэгт хэвтээд шинэ оны өмнөхөн өнөөдөр л гэртээ гарч ирлээ. Гэрийн хоёр эмэгтэй нь байхгүй дөрвөн харчуул арав гаран хоног үзэж тарлаа даа. Хүүхдүүд өвдөхгүй, хамтдаа байх чинь л гол амин чухал багана юмуу даа. Хүн ч тэгээд их мартамхай болохоор энэ төрсөн бодлоо хэр удаан хадгалж явж чадах юм байгаан.
Эхнэр маань эмнэлгээс ирээд л усанд орж, нэг хоол идэж аваад л том хүүг дагуулаад шууд дэлгүүр гараад явчихлаа. Их л ядарсан даа, гэвч цаг хугацаа хүлээх биш, дөрвөн хүүхдүүддээ гацуурханы урд тавих бэлэг авахаас эхлээд баярын ширээний хүнс, ойр зуур хүүхдүүдэд өгөх бэлэг сэлт гээд л ажил ундарсаар…
Гэрийн хамгийн доргио, дуусаж дундаршгүй эрч хүчний ундарга болсон Эрдэм, Номт хоёрыг цэцэрлэг хэмээх ачтай буянтай албанаасаа тарж ирэхээс өмнө амжуулж авах ажлууд тун их. Орой албанаасаа ирээд манай хоёр ч ээж, охин дүү хоёрыгоо хараад бөөн баяр болно доо.
Эхнэр маань хоёр хоёр жилийн давтамжтай гурван хүүхдээ төрүүлж, хайрлаж халамжлан өсгөж байгаа нь үнэхээр гайхамшиг. Амьдралыг утга учиртай болгодог цөөхөн зүйлийн нэг бол хүүхэд. Энэ амьдралыг гайхамшигтай бас дүүрэн утга учиртай болгож өгч байхад чинь өөр юу чухал гэж. Арваадхан жилийн өмнө бидний амьдралд гэрэл гэгээ маш бүдэг харагддаг байсан нь үнээн. Бүх юм бүтэшгүй мэт санагдаж, шантарч байсан үе саяхан. Өөрийгөө жижигхэн болгоод нэгнийхээ халаасанд ороод ч хамаагүй хамт байхыг хүсэх тэмүүлэл нь үнэн байсан учраас тэр үед төсөөлж ч байгаагүй өнөөдрийн энэ амьдрал бий болжээ. Саяхан дөрвөн хүүхэддээ гадаад пасспорт захиалаад очиж авлаа. Пасспорт олгож байгаа ажилтан бүгдийнх нь аав уу гэж асууна. Тиймээ л гэлээ, тэндээс дөрвөн гадаад пасспорт авч гарахдаа ирэх 2025 онд эхнэр маань одон авах юм байна даа гэж бодож явлаа. Одонгийн охин бид хоёр ээж, ах нараа гэртээ хүлээнгээ үүнийг бичиж сууна. Памперсаа нэг солиод, жаран грамм сүүгээ найруулж ууя даа.
“If you’re a bird, I’m a bird”
Эрдэм, Номт хоёрыг унтуулах гэж манай гэрт бас л овоо юм болно. Саяхан нэг инээдтэй (манай хоёрт л инээдтэй) үлгэр зохиогоод ярьцан чинь орой болгон аав инээдтэй үлгэр яриулна гээд л шалдаг болов. Ингэж тэгсээр энэ хоёрыгоо унтуулчихаад босоод жаахан сууж юм хийнэ дээ гэж хэдэнтээ бодовч нам цохиулсан мэт шууд л өглөөтэй золгоно. Хүүхдүүд үнэхээр хөгжилтэй шүү гэснээс би өөрөө заримдаа хүүхэд шиг болцон, хүүхдүүдээсээ ялгарахааргүй араагшин гаргаж байхыг эхнэр анзаарч хараад ялгаа заагийг нь хэлж өгнө шүү дээ. Хэзээ нэг үлгэр хууч ярьсан, намбатай, урт цагаан сахалтай, уул шиг нөмөртэй аав болчихсон суух юм болдоо. Ухааны буурал суухаас өмнө, урд эрүүний сахал нь бууралтаад эхлэх вий дээ. Тэгвэл ч ёстой нөгөө хошин шогийн хоёр билет гэдэг шиг ёстой л жавхлан юм даа.