Эрүүл оршихуйн 10 нууц [Адам Жэксон]

Erdem Nomt
4 min readMay 19, 2023

--

Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж үг бий. Уг ном харин үүний эсрэг өвчин хэлж ирдэг, хийсч ирдэггүй гэсэн утга агуулгатай аж. Хүний бие организм байгалийн хуулиар зохицуулагдсан байдаг учраас бие организм өөрөө өөрийгөө нөхөн сэргээж, эрүүлжүүлж, цэвэрлэж байдаг механизм юм. Тэгэхээр бид нар тэр бие организмаа хэрэглээгээр нь зөв хангаж өгч чадах юм бол өвчингүй, эрүүл саруул, урт наслах боломж бүрдэнэ. Үүнийг бүрдүүлэгч 10 нууцтай танилцацгаая.

Sonos app болон Nepko publishing аас номын хавтсын зургуудыг авч эвлүүлэв.

ОЮУН УХААНЫ ХҮЧ
Бидний оюун ухаанд үл захирагдах юу ч байхгүй. Эдгэрч чадсан, чадаагүй хүмүүсийн ялгаа нь хүч боломжинд итгэсэн, итгээгүй хоёрт л байгаа юм. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд ба өвчний үндэс нь таны оюун ухаан дотор бий. Өдөрт хамгийн багадаа гурван удаа тус бүр 15 минутаар анагаах төсөөллийн дасгал хийх.

“ЗӨВХӨН ИТГЭСЭН ХҮН Л ЯЛЖ ЧАДНА.” — Томас Эмерсон

АМЬСГАЛЫН ХҮЧ
Амьсгалаар өвдөлт, сэтгэл хөдлөлийг зохицуулан тохируулж болдог.
Гүнзгий амьсгал хийх арга: Юуны өмнө амьсгал авах хугацаагаа нэг нэгжээр тооцно. Авсан амьсгалаа дөрвөн нэгж хугацаанд түгжинэ. Дараа нь хоёр нэгж хугацаанд амьсгалаа гаргана. Эхний удаад өглөө, өдөр, орой тус бүр арван удаа хийхэд болно. Явцдаа энэ нь дадал болно.

БИЕИЙН ДАСГАЛЫН ХҮЧ
Хөдөлгөөн дутагдсанаас ясны эд эсийн кальци алдагдаж, яс сийрэгжих буюу хэврэгших эмгэг үүсдэг. Өдөрт багадаа 30 минут идэвхтэй хөдөлгөөнт дасгал хийх хэрэгтэй.

ЗӨВ ХООЛЛОЛТЫН ХҮЧ
Тайван сайхан таашааж амтлан хооллох үйл явцад таны амнаас нүүрс ус задлах шүлс ялгарах бөгөөд ходоодноос уурыг боловсруулах давсны хүчил хангалттай хэмжээгээр ялгардаг. Байгал тэр чигтээ ертөнцийн цагт захирагдахын адилаар хооллох цаг ч бас маш чухал. Үндсэн хоолоо өглөө биш орой идэх нь бидний хэт таргалах шалтгаан болдог. Хэзээ ч бүү хэтрүүлэн ид. Эрүүл ходоод атгасан гараас томгүй байх ёстой. Таны хоолны 70 хувь нь усаар баялаг жимс ногоо, нахиалсан үр тариа, шош байх ёстой. Зөвхөн өлссөн үедээ идэж, цангасан үедээ ууж хэвших хэрэгтэй.

  1. Цагаан сахар бол үхлийн (шүд гэмтээж амин чухал эрдэс бодисуудыг устгахаас гадна дархлааны сүлжээг сүйтгэнэ) бүтээгдэхүүн юм. Энэхүү сахар нь олон тооны бүтээгдэхүүнд нууцлаг агуулагдаж байдаг.
  2. Мах нь сахарын дараагаар орох маш хүнд төрлийн хоол юм. Үүнд малын махаар тогтохгүй, тахиа, гахай, загасны мах хүртэл бүгд орно.
  3. Хүний биед сайн биш дараагийн хүнс нь сүү, сүүн бүтээгдэхүүн юм. Сүүнээс яс сийрэгжилтэнд сайн кальци авдаг гэдэг нь худлаа болохыг судалгаа харуулж байна.
  4. Эсийн дараагийн устгагч бүтээгдэхүүнд цай, кофе, согтууруулах ундаа зэрэг орно.

ИНЭЭДИЙН ХҮЧ
Инээд нь хүчтэй үйлчилгээтэй эм бөгөөд өвдөлтийг намдаан олон өвчнийг эдгээхэд тусладаг. Инээд нь амьсгалыг сайжруулаад зогсохгүй зүрх, уушигны сайн дасгал болж, гэдэс дотоод эрхтнүүдэд массаж болдог. Мөн дархлааны системийг идэвхжүүлнэ. Анхаарал төвлөрлийг дээшлүүлж, сэтгэл зүйн хямралыг арилгана. Байнга чухал царайлахгүйгээр, хошин шогийн мэдрэмжтэй байж, аливааг хөнгөн хүлээн авч сурах нь чухал.

АМРАЛТЫН ХҮЧ
Оюун ухаан ба биедээ амралт өгөхийн тулд бид зөвхөн өнөөдрөөр амьдарч сурах хэрэгтэй. Амьдрал өөрөө маш олон жижиг хэсгүүдээс бүрддэг. Амралт нь сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал. Ажлын өдрүүдийн турш ойр ойрхон өөртөө богино завсарлага өгч, бясалгах, амьсгалын дасгал хийх нь стрессийг бууруулж, сэтгэн бодох, төвлөрөх чадварыг нэмэгдүүлснээр ажлын бүтээмжид эерэг нөлөө үзүүлнэ. Долоо хоногт нэг өдрийг заавал гэр бүлдээ зориулж, амрах хэрэгтэй.

ЗӨВ БИЕ ТӨРХИЙН ХҮЧ
Таны яаж явж, сууж, зогсож байгаа нь таны эрүүл мэндэд ер бусын чухал ач холбогдолтой. Бидний төрх байдал сэтгэл санаанд нөлөөлөөд зогсохгүй, тархийг дэмждэг. Буруу төрх байдал нь цусны эргэлтийг саатуулж, мэдрэлийн судлуудыг хавчин өвчлөлд хүргэдэг. Зөв төрх байдлыг бий болгох нууц нь ухааралд оршино. Хүүхдээ нэг гар дээрээ өргөн явдаг эцэг эхчүүдэд хэлэхэд: “Энэ нь таньд муу төдийгүй, хүүхдийн яс бүрэн бэхжээгүй байдаг тул төрх байдлыг нь гэмтээх аюултай.” Сайхан төрх байдлын нууц нь тэнцвэр юм.

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ХҮЧ
Орчин үеийн оффисд хэрэглэгдэж буй wi-fi, утас, лазер принтер, компютер, бусад олон төхөөрөмжүүд нь бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Оффисоор зогсохгүй амьдарч буй гэрийн орчиндоо ч анхаарах цаг болсон. Нэгэнт байгалд ажил, гэрээ аваачиж чадахгүйгээс байгалийг ажил, гэрийн орчиндоо бий болгох боломжтой. Эрүүл орчин, байгалийн гэрэл, цэвэр агаар нь зөв хүрээлэн буй орчны тулгын гурван чулуу мөн.

ИТГЭЛИЙН ХҮЧ
Хаана итгэл байна тэнд амьдрал байдаг. Амьдралд, өөртөө, дээд хүчинд итгэх хэрэгтэй. Бурханд эсвэл дээд хүчинд итгэх итгэл, биднээс асар дээр оршин буй уг хүчийг хэрхэн нэрлэхээс үл шалтгаалан учир холбогдолтой бөгөөд бидний сайн сайхан оршихуйд шаардлагатай юм. Хүн ганц талхаар амьдардаггүй, харин амьд бурханы үгээр оршдог. Өөрөөр хэлбэл бидэнд биет хоол хүнснээс гадна оюуны тэжээл хэрэгтэй. Гэхдээ үйлдэлгүйгээр дан итгэлээр юу ч хийж чадахгүй. Өөрийн хамгийн сайнаар хийгээд үлдсэнийг нь даатга (итгэ, залбир). Итгэл нь шашинтай ямар нэг холбоогүй бөгөөд хүн бүрийн дотор оршин байдаг.

ХАЙРЫН ХҮЧ
Хайр бол бүхнийг анагаагч хүч мөн.
“Жинхэнэ хайранд даван туулж чадахгүй бэрхшээл гэж үгүй. Хайраар эдгэдэггүй өвчин ч гэж байхгүй. Хайранд нээгддэггүй хаалга гэж байхгүй. Жинхэнэ хайранд туулан гарч чадахааргүй далайн давалгаа ч байхгүй. Жинхэнэ хайранд нурааж чадахгүй хана хэрэм ч байхгүй. Хайраар залруулж болохгүй гэм нүгэл гэж үгүй. Уйтгар гунигт хичнээн автсан байлаа ч, ирээдүй ямар ч найдваргүй бүрхэг байлаа ч хайрыг мэдэрвэл бүгдийг сарниулж чадна. Хайр чинь дүүрэн, чин үнэн, хувиршгүй байж чадвал та дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн аз жаргалтай хүн болно.” — Зохиолч Эмад Фокс

Зиа ингээд Адам Жэксоны бичсэн дүүрэн жаргалын 10 нууц, дундаршгүй баялгийн 10 нууц, элбэрэл хайрын 10 нууц, эрүүл оршихуйн 10 нууц гээд сайн сайхан амьдрахад нөлөөлөх нийт 40 нууцын талаар мэдэж авлаа. Энэ удаагийн эрүүл мэндийн талаарх 10 нууц номд уншигчийн зүгээс 9/10 онооны үнэлгээг өгч байна.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet