Erdem Nomt
2 min readMar 1, 2024

2024.03.01 Хайр

Хайрыг яаж харагдахаар илэрхийлж болох вэ гэж их бодож байж зурсан байхаа. "Үнсэлт"

Хүнээс ямар их энерги хүч гарч болдгийг харах, мэдрэх нь маш гайхалтай. Гэвч энерги нь тодорхой хязгаартай, дахин нөхөгдөх цаг хугацаатай. Тэгэхээр энэхүү хязгаартай супер хүчийг зөв ашиглахад тархиа зөв ажиллуулах хэрэг гарна. Юу гэсэн үг үү, тархи өөрөө өөрийгөө удирдахгүй юм уу? Энэ бодож сэтгээд, үйл хөдлөл хийгээд байгаа чинь тархиар удирдагдаагүй байгаа хэрэг үү? Мэдээж удирдагдана. Гэхдээ бидэнд сонголт бий. Бүр тодруулбал тархиа эерэгээр ажиллуулах уу, сөргөөр тэжээх үү гэдгийг бид өөрсдөө сонгодог. Тархи маш хүчирхэг боловч тун чадамгай залхуу эрхтэн шүү. Түүний арганд хуурталгүй чиглүүлэх, тархинд бодлын шинэ замууд үүсгэх тухай ярьж байна. Өглөөний залбирал, бясалгал хийх, цаашлаад ухамсрын түвшинд өөртэйгөө ярилцсанаар үнэн бий болно. Энэ нь үгээр илэрхийлэшгүй маш их амар амгалан юм. Жишээ нь өнөөдрийн миний өөртэйгөө ярилцсан сэдэв ээж маань энэ хорвоод мэндэлж байсан он цагруу аялаад, цаашлаад 10 настайдаа юу хийж байсан бол, 20 настайдаа юу хийж байсан бол, аавтай маань анх таницаад ямар мэдрэмжийг авч байсан бол, 24 настайдаа намайг төрүүлэх үедээ юу бодож байсан бол, дүүг маань төрж байхад яаж баярлаж байсан бол, ирээдүйгээ хэрхэн зураглаж байсан бол, аавыг алдаа гаргахад яаж шаналж байсан бол, намайг алдаа гаргахад хэрхэн зовж байсан бол, эмэгтэй дүүд маань хэр их санаа нь зовсон бол, аав ээжийгээ Бурхан болоход сэтгэл нь яаж нурж байсан бол, ингэхэд ээж маань юунд баярлаж, ямар үед сэтгэл нь амар тайван байдаг бол. Ингээд нэг хүний талаар товчхон бодолд автах үед л маш их зүйл ойлгогдож ирдэг юм шиг. Хэдий өнөөдөр өмнөх шигээ аав ээж нарыгаа зовоохгүй байгаа хэдий ч олигтой нэмэр болж чадахгүй байгаагаа бодохоор өөртөө урам хугарна. Гэхдээ эндээс одоо илүү хичээх ёстой гэдгийг ойлгож авснаар энэ өөртэйгөө ярилцах процесс үр дүнгээ өгдөг байж болох юм. Нэмээд ээжтэйгээ зүгээр сайхан элдвийг ярилцаж суумаар санагдлаа.

Аав ээжийн хайрын гэрч бяцхан Эрдэмт

Эхнэр бид хоёр танилцаад арван жил, хамтдаа амьдрал зохиогоод таван жил болжээ. Өчигдөр 4 жилд нэг тохиох leap day хэмээх өдрөөр хос бөгжтэй болцгоов. Дэлгүүрийн худалдагч эгч аз жаргал хүсэн ерөөл хэлж, баяр хүргэсэн нь ёстой хөөрхөн санагдлаа. Эрдэм Номт хоёр аав ээжийнхээ баярыг тэмдэглээд 0 градустай нэг лааз вино хуваагаад уучихав. Ертөнц бидэнд тааварлашгүй их бэлгийг өдөр бүр бэлдсэн байдаг. Түүнийг эерэг бодол, эерэг сэтгэлтэй хүмүүс л соргог хүлээн авах боломжтой байдаг гэдэгт би одоо итгэж байна. Үүнийг уншин суугаа та ч бас туршаад үзээрэй.

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet