2024.03.03 Чих онгойсон өдөр

Erdem Nomt
3 min readMar 3, 2024

--

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 3 сарын 3-ны өдрийг сонсгол хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг аж. Энэ жилийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн яамны чих хамар хоолойн мэргэжлийн салбар зөвлөл болон Чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгээс хамтран “Хандлагаа өөрчилье” уриан дор ард иргэддээ урьдчилан сэргийлэх арга, мэдлэг мэдээлэл хүргэх үүднээс хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байгаан байна. Гэнэт яагаад тэс хөндлөн сэдэв хөндөөд ороод ирэв дээ гэж үү. Би нь 10 хоногийн өмнө чих хамар хоолойн хувийн эмнэлэгт баруун чихэн дотор хатиг гарч, юм сонсохоо больсноор очиж эмчилгээ хийлгэв. Сүүлийн эмчилгээгээ хийлгэж дуусаад тус эмнэлэгийн их эмч нь надад чихээ хэрхэн хамгаалах талаар бүтэн 10 минут дэлгэцэн дээр бэлтгэсэн танилцуулгаар мэдээлэл өгсөн нь тун их хэрэгтэй санагдсан учир бусдад бас энэ талаар түгээх нь зүйтэй санагдаад уг мэдээллийг бэлтгэн оруулж байна.

Чихний бүтэц
Чих нь гадна чих, дунд чих, дотор чих гэсэн гурван бүтэцтэй байна. Гадна чих нь дэлбээ, суваг, хэнгэргэн хальс багтдаг. Гадна чих нь дэлбээгээрээ дуу авиаг цуглуулж, сувгаараа дамжуулаад хэнгэргэн хальсанд хүргэх үүрэгтэй. Дунд чих нь хэнгэргэн хальсны цаана байгаа хэнгэргэн хөндий. Энэ хөндий дотор сонсголын гурван яс (алх, дөш, дөрөө) байдаг. 1мм.куб эзэлхүүнтэй хийт хөндий — энэ нь дуу авиаг дамжуулах үүрэгтэй. Дотор чихэн дотор хоёр бүтэц байдаг. Эхнийх нь дууны долгионыг хүлээн авч мэдрэлийн импульс болгодог хүлээн авагч буюу дун, нөгөөх нь хүний орон зайн тэнцвэртэй байдлыг хангадаг тэнцвэрийн эрхтэн юм.

britannica.com сайтаас ашиглав.

Дууг хэрхэн хэмждэг вэ?
Хүний чих 16–20000Гц давтамжтай дууг хүлээн авч ялган сонсох чадвартай байдаг. Харин дууны чимээний түвшинг хэмжихийн тулд бид децибел (dB) хэмжилтийн нэгжийг ашигладаг. Энгийнээр хэлэхэд дуу чимээ ихсэх тусам децибелийн тоо өндөр болно. Децибелийн график нь хүрээлэн буй орчны нийтлэг дуу чимээний эрчмийг харуулсан бөгөөд 0dB-ээс 140dB (өвдөлтийн босго) хооронд хэлбэлздэг. Децибелийн график дээрх зарим лавлах цэгүүдэд дараахь зүйлс орно.

google image-ээс гаргаж ашиглав.

Эмчийн хэлснээр бид санаатай болон санамсаргүй байдлаар хэт өндөр децибел бүхий дуу чимээг хүлээн авахад бидний сонсгол эргэж сэргэхгүйгээр тодорхой хэмжээгээр мууддаг. Зарим тохиолдолд шууд сонсголгүй болох ч эрсдэлтэй. Энэ удаагийн тодотгон авч хөндөж буй асуудал нь чихэвчний хэрэглээгээ хязгаарлахыг уриалж байгаа аж. Энэ нь чихэвчний зөв хэрэглээ буюу 60/60-ын дүрэм юм. Сонсож буй дууны түвшинг 60 хувиас огт хэтрүүлэхгүй байх. Мөн өдөрт чихэвчийг 60 минутаас илүү сонсохгүй байхыг зөвлөж байна. Цаашлаад гадаа явж байхдаа чихэвчээр хөгжим сонсохгүй байх, гэртээ аль болох чихэвчээр биш спикер ашиглахыг зөвлөсөн байна.

Эцэст нь таны чих сонсголын эрхтэн, таны чих тэнцвэрийн эрхтэн, таны чих танин мэдэхүйн эрхтэн. Та чихээ хайрлаж жил бүр заавал чих, хамар, хоолойн эмнэлгийн үзлэгт урьдчилан сэргийлэх байдлаар хамрагдан, зөвлөгөө мэдээлэл авч байгаарай. Эмчилгээ хийлгэсэн чих маань эмчилгээний 10 дахь өдрөө буюу өнөөдөр онгойж нэг уужим амьсгаа авах мэт бүтэн мэдрэмж төрлөө.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet