2024.03.05 No problem буюу Асуудал үгүйн тухай
Эхнэр бид 2 өнөөдөр хаашаа ч хамаагүй салхинд хотоос гармаар санагдаад Эрдэм Номт хоёрыг аваад эхлээд Зуун мод — Манзушир орох санаатай явж байгаад замдаа ярилцаад шууд л хазайж Дундговийн Ид шидийн орон орцгоохоор болов. Гол нь ямар ч төлөвлөгөөгүй тэгэх үү, тэгье гээд л явцгаасан нь тун сонирхолтой. Хотоос гараад 150км орчим яваад манай 2 хойд суудалд тас үсрэв. Эхнэр уншихаар авч явсан Агнистын гэгээ цувралын Тантрын дуудлага Ошо багшийн тайлбарыг уншиж өгсөөр номоо замдаа дуусгачихав. Гэрт ирээд 9 дэх цувралаа аль хэдийн нээгээд эхэлжээ. Надад тэр уншиж өгсөн хэсгээс No problem гэдэг хэсэг онцгой сэтгэгдэл төрүүлж, маш олон асуудлыг өөрөө дотроо л үүсгээд яваад байснаа ойлгож сэтгэл хөнгөрлөө. Сэтгэл хэт их хөдлөөд дөрвөн мөрт зохиолоо.
Аян замд цав цагаан цасаар хучигдсан тал нүд баясгана.
Агнистын гэгээг уншиж өгөх эхнэрийн хоолой чих баясгана.
Агаарт цохиулаад нам унтах хүүхдүүд сэтгэл баясгана.
Асуудал үгүй болохыг ойлгосон би сүнсээ баясгана.
Ихэд өлссөн бид дөрөв Дундговь аймгийн төвд орж ирээд хамгийн түрүүнд төвд байрлах Бүрд ресторанд орж хоол идэцгээлээ. Эндхийн хоол нь мах элбэгтэй, порц ихтэй, бас амттай байлаа. Номтод хоол ресторан их таалагдаж байгаа бололтой бөгсөө хаялаад л зааланд явах аянд бүжиглэх нь туйлын эгдүүтэй. Хоол зөндөө илүү гарсан учраас буцах замдаа идэцгээнэ гэж тооцоод гурван хоолны саванд хийгээд авлаа. Дараагаар нь өөрийн бага насандаа амьдарч байсан байшин дээрээ очиж, 2 давхрын 17 тоот болохыг нь санан дотроо тэмдэглэж аваад, гарч байшингаа нэг тойрон дурсамжуудаа нэхэн сэргээхийг оролдлоо. Бага байхад их л том санагддаг байсан зүйлс одоо харахад жижиг санагдана. Сурч байсан сургуулийнхаа урдуур явж бас үзлээ. Байрны хажуугийн ханыг гараараа мэдэрч явахдаа чулуугаар хүүхдийн толгой хагалчихаад ахад нь заамдуулан зогсож байсан өөрийнхөө төрхийг бас нэг саналаа. Өөрийн өнгөрсөн цаг хугацаа, орон зай, амссан догдлол, мэдэрсэн бүх мэдрэмжүүдээ нэхэн санахын сацуу тэр үеийн дотор нуугдан үлдсэн бяцхан хүүг тайвшруулан уучлалт гуйхыг оролдож, маш хурдан хугацаанд ойлгохыг хичээлээ. Миний бага байхад ийм газар энд байсан бол ирэх л байсан байх даа. Тэр үеийн хүүхэд насны үзэж харсан бүхнийг энд бичвэл хүмүүсийн нүд нь орой дээрээ гарах биз ээ.
Байрнаас хөдлөх үед хамраас цус гарч хамрын нүхэндээ цаас чихэн цусаа тогтоогоод Ид шидийн орны байшинд очлоо. Хэдийн хааж жижүүр нэгэн залуу биднийг найрсаг угтан авч бүх гэрлүүдээ асаан чөлөөтэй зураг дарж, явж сонирхож болно гэлээ. Үнэхээр сайхан бүтээн байгуулалт болжээ. Манай хоёр гадаа хүйтэн байсан ч гаднах тоглоомууд дээр хэсэг тоглоод авлаа. Ингээд бүтэн дөрвөн цагийн турш явж очсон Мандалговь хотоос буцаад Улаанбаатарын зүг яг бас дөрвөн цаг явж гэртээ ирлээ. Ирээд унтах гэсэн нойр хүрэх шинжгүй болохоор үүнийг бичиж сууна.
Цаг хугацаа гэдэг биднийг хүссэн ч, эс хүссэн ч огт ялгалгүй өөрийн жамаар урссаар… бүгдийг өөрчилсөөр… бүгдийг төрүүлнэ… бүгдийг уйлуулна… бүгдийг баясгана… бүгдийг ойлгуулна… бүгдийг төгсгөнө.