2024.03.12 Тэвчээр
Би хэр тэвчээртэй хүн бэ? гэж өөрөөсөө асууж үзлээ. О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” гэдэг шүлгийн эцэст … хүлцэн тэвчихээс илүү гавъяаг би мэдэхгүй … гэж гардаг. Тэгвэл тэвчээр хаанаас бий болдог юм бол, хүлээн зөвшөөрснөөр эхэлдэг юм болов уу? Хүн нас ахих тусмаа тэвчээртэй болдог нь амьдралын олон зүйлийг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрч эхэлдэгтэй нь холбон тайлбарлаж болох л юм. Товчхондоо юм үзэж нүд тайлсан, туршлага суусан гэх утгаар илэрхийлж болох юм. Нийгмийн харилцаанд орж л байгаагаас хойш тэвчээр барсан олон асуудал гарч ирэх нь гарцаагүй. Гэсэн ч тэвчих хэрэгтэйг олон шашинд номлодог.
Түүнээс гадна бие махбодийн тэсвэр тэвчээрийн тухай л гэхэд цаашаа олон арван сэдэв болон задарна. Бүтэн марафонд гүйж байгаа гүйгчээс тэвчээрийн тухай асуувал, хүнд өвчиндөө шаналан хэвтэх өвчтөнөөс тэвчээрийн тухай асуувал, бүтэн 10 сар хэвлийдээ үрээ тээх жирэмсэн бүсгүйгээс тэвчээрийн тухай асуувал, сэтгэл зүйн асуудалд орчихоод түүнээсээ гарахаар хичээж буй нэгнээс тэвчээрийн тухай асуувал, архи тамхи элдэв донтолтын хамаарлаасаа салахыг хичээж байгаа донтогчоос тэвчээрийн тухай асуувал, хэн нэгнийг маш ихээр санан бэтгэрэх хүнээс хүлээлт тэвчээрийн тухай асуувал, ганц хором тэвчээргүй байдлаасаа болж торны цаана хоригдсон нэгнээс тэвчээрийн тухай асуувал юу гэх бол. Энэ бүх мэдрэмжийг бүтнээр нь мэдэрч чадахгүй учраас тэвчээрийн тухай тодорхойлолтыг би энд гаргах боломжгүй.
BE PATIENT | ТЭВЧЭЭРТЭЙ БАЙ
Шүд зуун, хамаг биеэ чангалаад тэвчих тохиолдолд өөртөө болон нөхцөл байдалд хурдан үнэлгээ дүгнэлт гаргаж сурахыг хүснэ. Ядаж нэг гүнзгий амьсгаа авч тайвшраад бодох үед бас арай өөр. Нууцыг нь хараахан мэдэж амжаагүй байгаа хэдий ч тэвчиж чадсан хүнд хорвоо ертөнц өөрийн сонин сайхнаа нээн харуулдаг гэдэгт одоо итгэх болсон.
Хамгийн эхэнд өөрөөсөө асуусан асуултандаа хариулахад би тэвчээртэй хүн биш. Гэхдээ тэвчээргүйн хэмжээсээс тэвчээртэй хэмжээс рүү шилжих аялал үргэлжилсээр …