2024.03.20 Амлалт

Erdem Nomt
2 min readMar 20, 2024

--

Хэлсэн амлалтаа биелүүлдэггүй хүмүүсийг хараад ямар их уур бухимдал, дургүйцэл, зэвүүцэл зэрэг төрдөг билээ. Гэтэл энэ байдлыг өөр рүүгээ эргүүлээд нэг харахад би өөртөө амласан амлалтандаа хүрдэг билүү? Онлайнаар 1 жилийн төлбөртэй хичээл захиалчихаад аль хэдийн хагас жил өнгөрсөн байхад дөнгөж 15 хувийн гүйцэтгэлтэй байгаагаа юу гэх вэ? Өдөр бүр хийхээр төлөвлөсөн арван ажлаа бараг нэг ч өдөр бүрэн дүүрэн дуусгаж байгаагүй. Энэ мэтчилэн өөр бусдад өгсөн олон арван амлалтууд бас бус бий л байх. Би өөрийн байгаа байдалдаа энэ мэт шалтгаанаас хэзээ ч дуртай байгаагүй. Үүнийг нэгэн ном дээр …хүний дотоод хүсэл сонирхол буюу дотор хүмүүс нь хоорондоо зөрчилтэй байх нь түгээмэл… гэж тодорхой бичжээ.

Хүүгээ төрөхөд би өөртөө дахин тамхи татахгүй гэж амласан. Одоо тун удахгүй тамхинаас татгалзаад дөрвөн жил болохнээ

Сэтгэл санааны тавгүй байдалтай өглөө бүрийг эхлүүлэх нь маш хүнд, айдастай бөгөөд үүнийг даван туулах аргаа шууд мэдэхгүй улмаас элдвийг хийж үзнэ. Залбирах, бодох, дасгал хийх, бичих, унших, өөрийгөө завгүй байлгах гэх мэт. Энэ бүх үйлдэл механикаар хийгдэж буй үйлдлүүд учраас ч тэр үү төдийлөн одоогоор сайн үр дүн авчрахгүй байгаа мэт. Сэтгэл санааны тавгүй байдал, айдас нь хаанаас эхтэй вэ? Мэдээж энэ асуултанд олон хүчин зүйлс нөлөөтэй. Ганц энэ асуудал гээд гаргаад болчихлоо гэвэл үнэнээс хол зөрнө.

Тэгвэл амлалт сэдвээсээ огцом хазайгаад бид юунаас айдаг вэ гэсэн асуултыг Лори Готтлибийн бичсэн “Магадгүй чи хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байх” номын хэсэгт тайлбарласнаар сонирхуулъя.

Бид юунаас айдаг вэ?
Өвдөхөөс, бусдын элэг доог болохоос, алдаа гаргахаас, амжилт гаргахаас, ганцаараа байхаас, бусадтай холбоотой байхаас, зүрх сэтгэлээ сонсохоос айна. Бид аз жаргалгүй байхаас, мөн хэтэрхий аз жаргалтай байхаас айна. Бид өөрчлөлтөөс, өөрчлөгдөхгүй байхаас айдаг. Бид үхэхээс, богино наслахаас айдаг, бас хариуцлага үүрэхээс айдаг. Зарим үед бид айдсаа хүлээн зөвшөөрөхөд маш их хугацаа зарцуулдаг.

Өнөөдөр би өдөр бүр хийхээр төлөвлөдөг арван ажлынхаа ард нь гарахаа өөртөө эр зоригтойгоор амлаж байна. Өглөөний хямралууд одоо л гайгүй болж байна. Ямар нэг асуудлыг шийдвэрлэх үед хүний сэтгэл санааны байдал дээрддэг бололтой. Тэгэхээр өдөр бүр ямар нэг амлалтаа биелүүлэх, асуудлын ард гарах процесс нь өөрөө амьдарч сурах нэг төрлийн дадлага юм байна.

Амлалтын талаар миний амьдралдаа сонсож байсан хамгийн баатарлаг үг бол: “ЭР ХҮНИЙ ХЭЛСЭН ҮГ БҮР НЬ АМЛАЛТ БАЙХ ЁСТОЙ.” Энэ үгийг өөрийн амьдралдаа мөрдлөг болгохыг эрхэм болгож чадвал мэдээж яриа байхгүй онц. Эцэст нь биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шиг эхлээд өөртөө өгсөн амлалтандаа хүрч сураад, дараа нь өөр нэгэнд, цаашлаад бусдад амлалт өгөх байдлаар сайжирч явбал зүгээр юм байна даа гэсэн бодол төрлөө.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

Responses (1)