2024.04.28 эРх чӨлӨө
Чи цор ганц амьдрах эрх чөлөөтэй, үнэ цэнтэй энэ амьдралдаа юу хийхээр төлөвлөж байна?
Энэ ганц асуулт сүүлийн хэдэн өдрүүдэд намайг тун их бодолд унагаах болов. Уулын мод урттай богинотой гэдэг шиг хүний амьдралын богинохон хэдэн бор өдрүүд эрээнтэй бараантай урсан одно. Үс цайж, өдрийн энерги хурдан дуусаад ирэх цагт гал халуун насны эрх чөлөөт залуу бодлын боол болж өвгөрөөд дуусдаг аж. Энэ бол хүний бие махбод гэхээс илүүтэй оюун санааны, сэтгэлгээний түвшинд явагддаг хөгшрөлтийг хүлээн зөвшөөрөх процесс гэж ойлгож болно. Жар хүрч ухаан сууж, жаран нэгтэйдээ чад гэдгийн үлгэрээр хүний амьдрах цаг хугацаа үнэхээр богино. Үүнийг эргэцүүлээд ирэхийн цагт хийж байгаа үйлдэл бүрээсээ утга учир хайж эхэлнэ.
* * *
Хүний өгсөн аятайхан цаастай хоёр чихрийг халааслаад орой хүүхдүүддээ аваачиж өгнөө гэх тэр жижиг бодлын цаана одоо л аав болж байгаан байхдаа гэсэн бодол төрнө. Тун чиг хувиа бодсон амьтан байсан даа хөөрхий.
* * *
Хүүдээ уурлаж аашлаад уйлуулчихаад, уйлаад нулимсаа арчин зогсох хүүгээ хараад түүнээс хэд дахин илүү дотогшоо өөрийгөө зэмлэж уйлна. Бусдын биш өөрийн дотоод дуу хоолойг сонсох хэрэгтэйг мэдрэх атлаа үр хүүхдээ өөрийнхөөрөө байлгах гэж тэдний сонголтыг, эрх чөлөөг хүчирхийлнэ.
* * *
Эцэст нь нэг үг их үнэн байж мэдэх юм. Үйлийн үр, карма гэж ярьж ойлгоод байгаа ойлголтууд товчхондоо "Юу тарина, түүнийгээ хураана." гэдэг дээр л бууна. Denzel Washington-ны тоглосон дүрүүдэд их дуртай. Нэг кинон дээр тэрээр ийн хэлдэг. "Борооны төлөө залбирч байвал, шалбаагтай нь зууралдахаа бүү март" гэж. Товчхондоо хүний хэрэгт хэтэрхий орох хэрэггүй гэсэн санаа. Өөрөөр хэлбэл бусдын эрх чөлөөг, бусдын сонголтыг хүндэтгэх тухай юм. Түүний тоглосон бас нэг киноны төгсгөлд хүү нь: "Ааваа та яг хэн юм бэ?" гэж асуудаг. Шоронгийн хувцастай Denzel Washington хүүрүүгээ харан инээмсэглээд: "Сайхан асуулт байна." гэснээр кино төгсдөг.
* * *
Нээрээ би яг хэн юм бэ? Миний төлөвлөгөө (луужин) юу юм бэ?