2024.04.29 Итгэл үнэмшил

Erdem Nomt
2 min readApr 29, 2024

--

2022.12.21 08:29 Богд уул. Уулын цаанаас нар мандахыг харахын өмнөх хором. Сар, шувуу, утаатай Улаанбаатар минь харагдана.

Би саяхныг хүртэл үнэнч шударга, тэвчээртэй байж, мөн өмнөө том зорилго тавин хөдөлмөрлөснөөр амжилттай сайхан амьдарна гэдэгт эргэлздэггүй байсан. Гэтэл сүүлийн үед энэ бүхэн худал болохыг үе үе зөнгөөрөө мэдрэх боллоо. Мэдлэг бол хүч гэсэн уриа лоозонг урдаа итгэл төгс барин гэнэн хонгор явсан цаг дөнгөж саяхан. Аав ээждээ хүртэл зааж зааварлах маягтай харалган явснаа олж хараад өөрөөсөө ичих шиг. Гэтэл тэд маань энэ гэнэн томоогүй занг маань мэддэг ч мэдээгүй юм шиг өнгөрүүлдэг байжээ.

Тэгвэл миний итгэл төгс байдлыг юу ингэж үгүй хийсэн бэ?

Хариулт нь товчхондоо юу ч үгүй хийгээгүй. Анхнаасаа энэ итгэл төгс байдал нь хоосон бардамнал, өөрөөсөө бусдыг сонсох чадваргүй зөрүүд чөтгөр байж л дээ. Цаашлаад бусдыг ойлгох, хайрлах ямар ч чадваргүй байснаа ухаарахын оронд өөрөө бусдаас хайр халамж шаардаж, тэр нь биелэхгүй болохоор өширхөж гомдоллодог байж. Сүүлийн үед хүмүүс дутуугийн комплекс гэдэг ойлголтын доор өөрийн алдаа дутагдлыг эвтэйхэн нуучихдаг болсон нь анзаарагддаг.

Хуурмаг итгэл төгс байдлаасаа хэрхэн жинхэнэ итгэл үнэмшилд хүрэх вэ?

Хамгийн эхэнд бичсэн үнэнч шударгаар хөдөлмөрлөж, амьдрах чухал. Үүн дээрээ бид хүлцэнгүй хүлээцтэй, даруу байдлыг өөртөө бий болгох хэрэгтэй байжээ. Энэ бүр зайлшгүй бөгөөд үүнд суралцах боломжтой. Товчхондоо энэ итгэл үнэмшил нь өнөө маргаашийн завгүй өдрүүдээс илүү чухал болохыг өнөөдөр өглөө уншсан номноос анх удаа гүнзгий мэдэрч, тэр мэдрэмжээ мартагдахаас нь өмнө энд бичиж үлдээлээ.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet