2024.04.30 Завгүй 4 сар минь баярлалаа
2024 оны нийт 33% нь ийнхүү дуусаж байна. Эхний гурван сараас илүүтэй дөрөвдүгээр сар тун их ачаалалтай, цаг минут секундээр хэмжигдсэн зав зайгүй өнгөрлөө. Гэр бүлдээ урин дулаан бүхнийг дагуулсаар бяцхан охин минь мэндэллээ.
Өдөр бүр өөртөө бяцхан төлөвлөгөө гарган, тэрхүү төлөвлөгөөний дагуу явахыг хичээх боловч ихэнхдээ гүйцэтгэл бүрэн биш дутуу орхигдоно. Нөхөж гүйцээх тухай бодохоос хэтрэхгүй. Тэгээд OkoD-ийн ярьж байсан санаанд орно. Төлөвлөгөөндөө хичээгээд хичээгээд хүрэхгүй байгаа бол сайн төлөвлөгөө, харин байнга биелүүлээд байвал тааруухан төлөвлөгөө зохиосон байна гэж хэлж байсныг бодоход сэтгэл арай хөнгөрнө. Өдөр бүр төлөвлөсний дагуу байна гэж үгүй. Огт төлөвлөөгүй ажил нэмэгдэнэ. Гэсэн ч төлөвлөгөөндөө хүрэхийн тулд өдөр бүр хичээх нь чухал.
Дөрөвдүгээр сард бусдаас тусламж авах, мөн бусдад туслахын ач холбогдлыг маш ихээр мэдэрлээ. Эмнэлэгт байхад эргэлтээр ирсэн цай, хоолны халуун сав ширээгээр багтахаа болих тэр мэдрэмж… Санхүүгийн хувьд хүндэвтэр байдалтай байхад бүх байгаа боломжоороо өмнөөс маань өр зээл тавин байж гараа сунган туслах аав, ээж, эгч, дүү, найз нөхөдтэй байх тэр мэдрэмж…
Сайн анзаарч чадвал бид маш их хайран дунд амьдардаг. Товчхондоо дөрөвдүгээр сар хайр цэцэглэж, итгэл дэлбээлж, эрч хүч ундарсан, гэгээн учралтай сар байлаа. Сүүлийн хоёр сарын хугацаанд өөртэйгөө өдөр бүр чадан ядан ажилласан өдөр бүрийн хийхээр төлөвлөж, тэмдэглэж ирсэн зүйлээсээ дараах уриаг гаргалаа.
ӨГЛӨӨ БҮР ЗАЛБИРЪЯ, ӨДӨР БҮР ХИЧЭЭЕ, ОРОЙ БҮР ТАЛАРХЪЯ.