2024.05.05 Төөрөгдлийн манан
Бидний өдөр тутмын амьдралд их бага хэмжээгээр төөрөгдөлд орох тохиолдол цөөнгүй. Эндүүрэл төөрөгдлийн тухай ярьсан учраас үнэн худал гарцаагүй сөхөгдөнө. Төөрөгдөлд олон ороод ирэхээр хүн өөртөө болон өөрт байгаа мэдлэг мэдээлэлдээ (туршлага) эргэлзэж эхэлдэг. Эргэлзээ бий болсноор хүний итгэл үнэмшилд хүртэл нөлөөлж эхлэх аюултай. Итгэл үнэмшил үгүй хүнд бусад хүн итгэх нь юу л бол. Бусад хүмүүс өөрт нь итгэхээ байх мэдрэмж хүний итгэл найдварыг үгүй хийж улам гүн ангалд унах нөхцлийг бүрдүүлнэ. Яг энэ замаар маш олон хүн өөрийгөө алдаж эхэлдэг байх. Уг нь итгэл найдвараа алдаж буйгаа зөнгөөрөө мэдрэх боловч харамсалтай нь түүний зөрүүд зан хоосон итгэл найдвар өөртөө бий болгосноор өөрийгөө улам цааш нь түлхэж орхино. Өөрөөр хэлбэл хий хоосон нэрэлхүү, бардам (супер эго) зангаасаа болж бусдаас тусламж авах боломжоо өөрөө үгүй хийж орхино.
“Бид нялх нярай үедээ амьдрахын тулд бусдын дэмд түшиглэдэг. Тийм үү? Эцэстээ над шиг болохын цагт бас л бусдын дэмд түшиглэнэ. Мөн үү? гээд тэр дуугаа намсган шивэгнэх төдий гол нууц нь энэ хооронд ч гэсэн бидэнд бусдын дэм тус хэрэгтэй байдаг юм.”
- “Морритой өнгөрүүлсэн мягмар гарагууд” номын гол дүр Морри
Яг л энэ байна шүү дээ гэж номыг уншиж байхдаа хичнээн их баярлаж байснаа саналаа. Амьдралынхаа сүүлийн өдрийг хүлээж буй Морригийн хэлээд байгаа энэ үнэнийг хүлээж авах хэрэгтэй. Энэ амьдралаа хараан зүхэж, үзэн ядаж, хэнтэй ч харьцах хүсэлгүй болох тусмаа хүнд бусдын тус дэм зайлшгүй хэрэг болдог. Хэн нэгэнтэй зүгээр л ярилцах хэрэгтэй. Яриад л, сонсоод л, яриад л, сонсоод л бай. Ямар их төөрөгдөлд орж явснаа нэг нэгээр олж харах болно. Яргуй дэлгэрэх цагаар итгэл найдвар сэргэх адил энэ алтан хормыг ашиглан төөрөгдлийн манангаас аль чадах чинээгээрээ холыг харахыг хичээх хэрэгтэй. Түүний дараа цэвэр тунгалаг нүдээр өөрөө өөрийнхөө оршихуйг тольдох боломж гарч ирнэ… үргэлжлэл бий