2024.05.08 Өөрийгөө онгойлгох
Хүн бүхэнд бэлгийн харьцаа, материаллаг байдал, нийгэмд эзлэх байр суурь хийгээд сэтгэл хөдлөлийн хамгаалал зэрэг хэрэгцээ шаардлага тодорхой хэмжээнд бий. Харамсалтай нь хүн төрөлхтөн түүхэндээ энэ хэрэгцээнүүдийнхээ хэм хэмжээ, балансыг үргэлж алдагдуулж, хэтрүүлсээр иржээ. Дур хүслээ хазаарлан барьж чадалгүй хамаа замбараагүй бэлгийн харьцаанд орно. Шуналдаа хөтлөгдөн хэзээ ч үрж барахааргүй их мөнгө, эд материал цуглуулна. Нэр алдар, хэргэм цолын төлөө олон сая хүнийг алж хядан харгислал үйлдэнэ. Сэтгэл хөдлөлийн бараг бүх томоохон асуудлуудыг буруу хөтлөгдсөн зөн билгийн асуудлууд гэж авч үзэж болно.
Тэгвэл надад зан чанарын ямар ямар гэм дутагдал байдаг билээ? Энэ талаар би өөртөө шударгаар хариулт хэлж чадах уу? Эсвэл өөрийгөө хамгаалах гэсэн миний байгалийн зөн (айдас) урдуур орж ирээд өөрийгөө өмгөөлөөд байвал яах вэ? Олон жил дадал зуршил болтлоо хөгжсөн дутагдлуудын тухай би юу хэлэх вэ?
Би өөрийнхөө сэтгэлийн тогтворгүй байдлынхаа золиос болсон гэдгээ ойлгоход багагүй хугацаа шаардагдсан. Бусад хүмүүст би үүнийг шууд л ажигладаг бол харин өөр дээрээ тун удаан мэдэрсэн. Үүнийг олж мэдэх нь хичнээн эмзэглэм, гутармаар байлаа ч гэсэн эдгээр гэм дутагдлууд надад байгаа гэдгийг би юуны өмнө хүлээн зөвшөөрөх ёстой.
Асуудалд илүү бодитой хандаж сурснаар өөрийн гэм дутагдлуудыг олж харна. Нэг бол гэм дутагдлууд нь амьдралд илтэд асуудал тариад ирэх үед түүнийг олж хардаг. Тэртээ тэргүй асуудал дүүрэн хүний нийгэм дунд амьдарч байгаа гэдгээ эртхэн хүлээн зөвшөөрсөн дээр. Ямар ч нөхцөл байдал байлаа гэсэн түүнд зохицохын тулд би өөрөө өөрчлөгдөх ёстой.
Тэгвэл энэ өөрчлөлтийг эхлүүлэн, үргэлжлүүлэхэд надаас багагүй хүчин чармайлт, уйгагүй оролдлого шаардагдах нь гарцаагүй. Амьдралынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд ийнхүү гүн гүнзгий дүн шинжилгээ хийхгүйгээр бат итгэл үнэмшилд хүрэхгүй. Тийм учраас доголдол дутагдлаа задлан шинжлэхэд бидний баримтлах гол зүйл бол нарийн нягт байх явдал юм. Маш олон асуултыг өөртөө зориуд бэлтгэж, үнэнч шударгаар түүндээ хариулах байдлаар эхлэх боломжтой… үргэлжлэл бий