2024.05.30 Karma is real
Бид өнгөрсөн амьдралдаа санаандгүй болон санаатай байдлаар ямар буруу муу зүйл хийж ирсэн бэ гэдгээ эргэн дүгнэх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэдгийг энэ бичилтээрээ тайлбарлах гээд оролдоод үзье.
Хүн л болсон хойно алдаа гаргах нь мэдээж. Өнгөрсөн баларсан бүхнээ сөхөж гаргаж ирэх нь мэдээж хэрэг айдас, ичгүүр, бухимдал, таагүй сэтгэл хөдлөл бий болгох талтай. Гэхдээ илүү тод харагдах гэгээн тунгалаг үнэний төлөө энэ давааг давахаас өөр сонголт үгүй.
Үнэхээр өөр сонголт байхгүй гэж үү? Харамсалтай нь өөр сонголт байгаа. Тэр сонголт нь үлдсэн амьдралынхаа турш худал хуурмагтайгаа хамт шаналал зовлон дундуур явсаар дуусах тавилантай. Угтаа хэн ч энэ сонголтыг үл хүснэ.
Бусдыг хохироосон бол үнэнч шударгаар хохирлыг нь барагдуулах, бусдыг гомдоосон бол үнэн сэтгэлээсээ уучлалт гуйх эр зориг хэрэгтэй. Үүний дараа ирэх тэр цэвэр мэдрэмжийг нэг удаа мэдэрсэн хүн ахиж бурууг хийх бодол санааны эсрэг талд нэгэнт гарсан байдаг.
Товчхондоо туйлын ховор зол учралаар олдсон энэхэн амьдралаа худал хуурмагийн гав дөнгөтэй туулна гэдэг юутай уйтай. Энэ бүхнийг хэрхэн засах вэ? Хаанаас эхлэх вэ? Өөрт хамгийн ойр хүмүүсээс уучлалт гуйх, хамгийн сүүлд хийсэн буруу зүйлээ засаж залруулахаас эхлээд өнгөрсөн чиглэлдээ хийсэн алдаа дутагдал, учруулсан хор хохирлоо барагдуулах дарааллаар ажиллаж үзмээр санагдлаа.
Асуудалд түр намжаах буюу гал унтраах маягаар хандах нь хэтийн явдалд тун хор уршигтай болох нь амьдрал дээр байгаа дүүрэн жишээгээр батлагдана. Асуудлын эх сурвалж болсон уг үндэсрүү нь нэвтэрч орохгүйгээр орлон тоглогч мэт хандаад л байвал үзэгчийн суудал их л ойрхон болдог. Асуудалд санаачлагатай байж гол дүрдээ аль болох л ойр байх нь чухал.
Эцэст нь энэ ертөнц дээрх дүрэм журам, байгалийн хуулийг мэдэх нь эхний даалгавар, хоёр дах даалгавар нь тэр хуулийг дагаж мөрдөх явдал юм. Товчхондоо юу тарина, түүнийгээ л хураах нь хорвоогийн жам.