2024.10.30 Донтогч
Донтогч гэж хэлэхээр таны толгойд хамгийн түрүүнд юу орж ирж байна вэ?
Мөрийтэй тоглоом, бооцоо, тамхи, архи, хар тамхи, сахар гээд л хамгийн түрүүнд болж бүтэхгүй муу муухай хэмээн нийгмээр хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй хэдэн ойлголтууд гарч ирнэ. Донтогч хэмээх үйлийн эзэн байгаа болохоор эхлээд донтох хэмээх ойлголтыг илүү дэлгэрүүлэх гээд оролдоцгооё. Архинд донтохоос эхлээд хурдан сайн моринд донтох хүртэл урт үргэлжлэх хүний донтох хэрэгцээ уртаас урт хөврөх нь тодорхой. Зарим донтох хэлбэрийг хүмүүс өөрт болон бусдад эвтэй байдлаар хобби гэмээн өнгөлөн далдална. Угтаа хобби ч гэсэн донтох нэг хэлбэр юм. Ингээд бодвол загасчлах, ном унших, элдэв цуглуулга, тэр бүү хэл хов базах хүртлээ донтох хэлбэрүүд хүн бүрийн дотор их бага хэмжээгээр бий. Тийм бол нийгэм яагаад биднийг донтогч байхыг шаарддаг вэ? Нийгмийн энэ бүх өрсөлдөөн донтогч нарын тэмцлийн талбар юм биш биз. Бага балчираас нь эхлээд энгийн хүн байхыг заах биш, хооронд нь өрсөлдүүлэх байдлаар сурган хүмүүжүүлнэ. Эцэстээ энэ бүхэн сүрэг донтогч нарыг нийгэмд бэлтгэн нийлүүлнэ. Хөзрийн мастер, шатрын аварга, аймгийн арслан, мянгат малчин, олимпийн аварга, гавьяат, гавшгай, тэргүүн, дарга, захирал, ерөнхийлөгч, гишүүн гээд л явж өгнө. Энэ бүхнийг харж, сонсож өссөн хэн ч гэсэн энэ донтогч нарын үлгэрт итгэхээс өөр замгүй болно. Эсрэгээр нь бүхнийг захирах донтогч, хөл бөмбөгийн дэлхийн шилдэг донтогч, номонд донтогч, төмрөнд донтогч, ууланд донтогч, машинд донтогч, хүүхэнд донтогч, хөгжимд донтогч, улс төрд донтогч, кинонд донтогч, геннесийн донтогчид гээд уртаас урт эмчлэгдэх шаардлагатай донтогчдын сүрэг бий болно.
Одоо тэгвэл энэ бүх нийгмийн донтолтоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Хүн төрөлхтөн энэ бүх донтолтын эсрэг янз бүрийн л загвар аргачлал боловсруулж, туршсаар ирсэн. Одоо ч нийгмээр хэлэлцэж, шийдэл хайсаар л байна. Угтаа энэ бүхний эхлэл нь хаана оршиж байна вэ? Өөрөө ч мэдэхгүйгээр төрсөн цагаасаа эхлэн донтогчдын дэргэд өсөн хүмүүжиж, ухаан ороод өөрөө тэр донтолтоо арчилж тордон улам өнгө оруулсаар нэг л мэдэхэд мянган чавганцын уралдаанд гүйж яваа гэдгээ ухаарна. Гэвч нэгэнт оройтсон байх бөгөөд тэр уралдааны зам дээр араас нь үр хүүхдүүд нь нэхэн хөөсөөр гүйцэж түрүүлэн улам цааш хурдлан гүйх нь тун ч тохуутай. Энэ бүхнийг танихаас бүх зүйл эхэлнэ. Эхлээд нэг донтолтоос бүрэн салж чадвал дараа дараагийн донтолтоос салах гүүр тавигдлаа л гэсэн үг. Донтолтыг хэмжих нарийн хэмжүүр гэж мэдээж байхгүй. Тухайн хүн л өөрт тохирсон байдлаар хэмжих боломжтой. Жишээ нь фитнес бодибюлдингээр хичээллэдэг нэгэн өөрийн хүчин чадлаас давсан жингээр өргөх гэж байгаад гэмтэх тохиолдол багагүй гардаг. Энэ мэт дохио мэссэж нь донтолтын хэмжүүр байж болох юм. Алтан жорлон дээр сууж бие засах хүртлээ эд хөрөнгө хураах гээгүй л юм бол хэн нэгнийг хохироон байж илүү байшин хаус авч эд материал цуглуулах донтолтоосоо салахгүй бол донтолтын дараагийн сануулах мэссэж маш хүчтэй ирдэг гэдгийг түүхэн олон баримтууд нотлон харуулсаар ирсэн. Бага насны траума, айдсаас эхлээд донтолтын үндэс суурийг шинжлэн авч үзэхгүйгээр, надад энэ донтолт байна гэдгээ хүлээн зөвшөөрөхгүйгээр бид амар амгалан амьдрах ямар ч боломжгүй. Сэтгэлийн амар амгаланг ямар ч мөнгөөр худалдан авах боломжгүйн адил аливаа донтолт ч мөн их мөнгөөр эмчлэгдэхгүй.
* * * * * * * * *
Би: Донтолт гэж юу вэ?
ChatGPT: Донтолт гэдэг нь тодорхой нэг зан үйл, бодис, эсвэл үйлдэлд хэт хамааралтай болж, түүнийг давтамжтайгаар хийх шаардлага мэдрэхийг хэлдэг. Энэ нь тухайн хүний сэтгэл зүй, бие махбод, нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг. Донтолт нь сэтгэл зүйн болон бие махбодын донтолт гэсэн хоёр хэлбэрээр илэрч болно. Донтолт нь ерөнхийдөө дараах байдлаар илэрдэг:
1. Бодисын донтолт — Архи, тамхи, мансууруулах бодис гэх мэт бодист донтох. Тухайн бодисыг хэрэглэхгүй байх үед сэтгэл санааны болон бие махбодын хувьд таагүй байдал мэдрэгдэх ба үүнээс зайлсхийхийн тулд дахин хэрэглэх хандлагатай болно.
2. Зан үйлийн донтолт — Тоглоом тоглох, интернет хэрэглэх, мөрийтэй тоглоом зэрэгт донтох. Энэ нь бие махбодын биш, харин сэтгэл санааны хамаарлыг үүсгэж, тухайн үйлдлээс хамааралтай болох хэлбэр юм.
Донтолттой хүн өөрийн зан үйлийн хяналтаа алдаж, түүндээ дасан зохицож, өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг.