2024.11.11 Тоо

Erdem Nomt
4 min readNov 10, 2024

--

Хүн бүхэнд өөрийн гэсэн тоо байдаг гэж итгэдэг хүмүүс цөөн биш. Яагаад тоо тэдэнд тийм их ач холбогдолтой чухал байдаг вэ?

0123456789 I II III IV V VI VII VIII IX X ᠑᠒᠓᠔᠕᠖᠗᠘᠙ 一二三四五六七八九

Хүний итгэл үнэмшил нь үзэж туулсан бүхэнтэй нь шууд холбогдох нь гарцаагүй. Дээрх арван цифрээс аль нэг нь түүний амьдралд илүү ойр тусах нь магадлалын хувиар тодорхой. Бид цаг хугацаа, төрсөн өдөр, нас, өндөр, жин, регистрийн дугаар, байршил, дүн, үнэлгээ гээд тоогоор илэрхийлэгдэх үй түмэн зүйлсээр хүрээлүүлэн, өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэдэг. Тооны одоогийн үүсэл хөгжил нь бидний мэдэж байгаагаар тийм ч хол биш, хэдхэн мянган жилийн настай. Нийгэм, хүн ам, газарзүйн байршлаас хамаарч энд тэнд олон янзаар тоог тэмдэглэж ирснээс өнөөгийн бидний дэлхий нийт өргөн хэрэглэх болсон 0–9 хүртэлх тоон тэмдэглэгээг араб цифр гэж нэрлэдэг. Харин арабчууд өөрсдөө энэтхэг цифр ч гэж хэлдэг. Зарим эх сурвалж дээр энэтхэг-араб цифр гэж тэмдэглэжээ. Тоо ба цифр хоорондоо бяцхан ялгаатай. Жишээ нь 107 гэсэн тоо нь 1, 0, 7 гэсэн гурван цифрээс бүрдэнэ гэж ойлгох нь.

Зарим талаараа тоог цаг хугацаа, математик, шинжлэх ухаан, санхүүгийн хэрэгсэл болгон системчилж ашиглаж эхэлсэн үеэс хүмүүсийн сэтгэлгээ тоон доторх хэмжээст хайрцаглагдан загварчлагдаж эхэлсэн байх. Илүү нээлттэй байдлаар цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч сэтгэхийн тулд магадгүй өөрийн одоо байгаа тоогоор (нас, цаг хугацаа, өндөр, жин, хөрөнгө мөнгө) хэмжигдэх бүхнийг давж бодох шаардлагатай санагдана. Зарим эх сурвалжид энэ ойлголтыг хайрцагнаас гарах, хязгааргүй, үнэмлэхүй, хоосон гэх мэтээр илэрхийлдэг. Эхэн үедээ хүмүүс нэгдэхийн тулд нэг ойлголттой байх шаардлага тулгарч байсан учраас л нэг хайрцагт орохоос өөр гарцгүй байсан. Гэтэл орчин үеийн бидний хувьд нөхцөл байдал эсрэгээрээ хотжилт, хүн амын хэт нягт байдал эргээд хүмүүст хор хөнөөлтэй болж эхэлсэн. Хэт төвөгтэй математик загварчлал, хүмүүсийн хэрэглээг хялбарчлах нэрийдлээр улам төвөгтэй болсоор байгаа алгоритмуудаар дүүрэн ертөнцөд бид болон бидний үр хүүхдүүд дасан зохицох гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгаацгаах боллоо.

“Тоо гэдэг зөвхөн математикийн ойлголт биш, итгэл үнэмшилтэй холбоотой маш гүн утга агуулдаг.”

— Эртний Грекийн философич, математикч Пифагор (МЭӨ 570–490)

Энэ хорвоод хүн болж төрсөн ховорхон завшааныг ашиглан хэн ч гэсэн утга учиртай амьдрахыг хүснэ. Гэвч тэр бүр санаснаар байхгүй энэ хорвоогийн бичигдээгүй олон хуулиуд биднийг өмнөө яаж ийж байгаад сөхрүүлж орхино. Хүмүүс өөр өөрсдийн аргаар утга учрын эрэлд гарч эцэстээ түүнийг олсон ч, эс олсон ч амьдралын хүрд эргэдгээрээ эргэж, хорвоогийн шаргал өдрүүд өнгөрдгөөрөө өнгөрнө. Тэгвэл энэ амьдралынхаа утга учрыг олохын тулд заавал нийгмээс тусгаарлагдан уул хаданд гарах ёстой гэж үү. Бидэнд бусадтай харилцах харилцаа, бие сэтгэлийн эрүүл мэнд, мөнгө санхүү материаллаг байдал, нийгэмд эзлэх байр суурь буюу ажил төрөл гэсэн үндсэн нийгмийн хэрэгцээнүүд өгөгдсөн гэж үзвэл үүний тэнцвэрийг хадгалж авч явахад өдөр бүрийн үйл хэрэгтээ анхаарал хандуулах шаардлага тулгарна. Тиймээс бид өөрийн хэрэгцээнээс давах хүртлээ эд хөрөнгөд шунасан, эрүүл мэндээ хохироон байж идэж уусан, бусдыг эмзэглүүлэн байж өөрийн дур хүслээ хангасан, нэр алдар хөөцөлдсөн эцэс төгсгөлгүй чөтгөрийн тэмцэлтэй амьдралын далайд хөвж яваа гэдгээ мартаж болохгүй. Бид үнэхээр л зөв газраа олж очихыг хүсвэл завины сэлүүр маань бидний тэнцвэрээ хадгалах, цаашлаад утга учрын эрлийн үзүүрт аваачих чиглүүлэгч болох юм. Таныг анх энэ амьдралд ирэхэд угтаж авсан завины сэлүүрийг хэн атгахаас үл хамаарч таньд ч гэсэн завины сэлүүр барих өдөр ирнэ. Тэр л үед таны завийг сонгон ирсэн хайртай гэр бүлээ, зэргэлдээ орших бусад завин дээрх аав ээж, ах эгч, найз нөхөдтэйгөө хэрхэн харилцахаас маш их зүйл шалтгаалдаг. Завины чиглэл өөрчлөгдөх, сэлүүрээ алдах, завь солигдохоос эхлээд завь эвдрэх хүртэл бүхнийг бид үзэж туулах болно.

Нийтлэлдээ зориулан хиймэл оюун ухаанаар зургийг бүтээлгэв.

Амьдралын утга учир болсон баянбүрд аралд хүрэхийн тулд бусдын завинд суугаад хүрэх боломжгүй. Өөрөө сэлүүрийг итгэл төгс атган сэлүүрдэж эхэлсэн өдрөөс аялал эхэлнэ. Таны завинд хэн ч сууж болно. Мөн таны завьтай нэг чиглэлд хэдэн ч завь явахыг үгүйсгэхгүй. Гэсэн ч хэн нэгэнд баянбүрд аралд хүрэх замыг нь заах боломжгүй. Харин сэлүүрээ хэрхэн зөв тэнцвэртэй сэлүүрдэх аргыг зааж бас бусдаас суралцаж болно. Амьдралын их далайн аялалд бусдын баянбүрд аралтай ч олон таарна. Гэсэн ч тэр баянбүрд арал чинь бусад хэн нэгэндээ л утга учиртай болохоос таных биш. Тиймээс удаан саатах хэрэггүй аялалаа цааш хурдан үргэлжлүүлэх хэрэгтэй.

Тооны тухай ярьж байснаа юун баянбүрд арал, далай, амьдралын утга учир болоод явчихав аа гэж уншигч та гайхаж байж болох юм. Тэгэхлээр хүний итгэл үнэмшил амьдралынх нь турш дунджаар хэдэн удаа өөрчлөгддөг юм бол? Энэ тоо тийм ч их биш байж болно. Их ч байж болно. Юу үзэж туулсан амьдралын туршлага нь үүнд хариулт өгч чадах уу? Хүний төрсөн он сар өдөр өөрчлөгддөггүй шиг зарим итгэл үнэмшил он сар өдөрт уягдан өөрчлөгдөхгүйгээр бат итгэл үнэмшил болон тамгалагдан үлддэг. Тийм зарим итгэл үнэмшлийг баталгаажуулж жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Ийм итгэл үнэмшлүүд бидний аливаа тоонд итгэх, утга учир оноох нэгэн сэдэл болдог.

Дөчин нас хүртлээ би хэн бэ гэж өөрөөсөө асуусны эцэст хариулт нь би хэн байх нь тийм ч чухал биш болж хувирав. Би хэн байхаас үл хамаарч би юу хийхийг хүснэ вэ гэдэг асуулт урган гарч ирэв. Юуг хийвэл би илүү аз жаргалтай хийж чадах тухай бодоход яг л тохирсон нас. Дөчин нас илүү утга учиртай зүйлийн тухай бодоод зогссонгүй итгэл үнэмшилдээ гүнзгий дүгнэлт хийснээр урдаас тосон хүлээх үхлийн тухай нухацтай бодоход хүргэв. Shelly Kagan зохиолчийн Death буюу үхэл гэж юу болох тухай номноос “…юу миний хувьд туйлын дээд эрхэм зүйл болохыг ойлгож мэдэхэд бид үхлийн талаар гүн эргэцүүлэхээс өөр арга үгүй…” гэсэн хэсгийг тэмдэглэн авч байжээ.

Үсчний сандал дээр суугаад үсээ засуулж байхдаа үсчингээс үсний халцралт эхэлж байгаа тухай сонсоход, зүрхний эмнэлгийн орон дээр эмчээс эмчилгээний эмийн жор, зөвлөмж авч хэвтэхэд дөчин нас бол залуудна. Зургаахан сартай охиноо тэврээд зогсох эцэг хүнд дөчин нас бол дөнгөж эхлэл. Энэ өдрөөс эхлэн миний итгэл үнэмшлийг илэрхийлэх тоон утга өөрчлөгдсөн гэдгийг энэ нийтлэл гэрчилнэ. Завины сэлүүрээ чанга атгаад тэртээгээс мэдрэгдэх баянбүрд арлын зүг бүхий л зүрх сэтгэл, эр зоригоо шавхан сэлүүрдэж эхэллээ…

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet