2025.02.01 Надад бичих мянган шалтгаан байна, бас бичихгүй байх мянган шалтгаан байна.
Номын тэмдэглэл оруулж байсныг эс тооцвол бичээгүй уджээ. Юу ч бичих гээд байгаан гэж бодвол угаас бичих зүйл огт олдохгүйгээр үл барам бичих нь ямар ч утга учиргүй санагдаж эхэлнэ. Бичээд эхлэх үед бодол санаанаас эхлээд маш олон зүйл эмх цэгцтэй болоод ирэх шиг санагдана. Бидний амьдралд хандах хандлага, амьдралын хэв маяг яг л энэ хоёр туйлын хооронд дээш доош савласаар энэ амьдрал нэг л өдөр дуусна. Энэ их бодлуудаас ангижирч салах нэг арга нь бичих гэдэгт би одоо итгэдэг. Учир нь их бодож бичсэн зүйлс дахиж санах шаардлагагүйгээр, нүглээ наманчилсан мэт амар тайванг мэдрүүлдэг. Тэгвэл бусдын мартах гэж бичсэн энэ их бичвэрийг бусад нь яах гэж уншдаг юм бэ? гэсэн асуулт урган гарч болно.
Аливаа асуудлын шийдэл нь ихэвчлэн өөрт байдаг гэдэг шиг ижил асуудал бэрхшээлтэй хүмүүс бие биенээ ойлгох нь түгээмэл байдаг. Тэдний долгион бусдыг бодвол нэг шугаманд орших магадлал өндөр учраас хурдан ойлголцох эерэг үр дүнтэй. Товчоор хэлбэл өөртэй нь ижил асуудалтай хүн байгааг мэдэх нь би ганцаараа биш юм байна гэсэн халуун дулаан мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс асуудалтай байх тусмаа л хүн бусадтай холбогдож, яриллцаж, бичиж байх шаардлагатай нэг төрлийн нийгмийн бодгаль юм.
Бодож байгаа бүхнээ өөрөөс аль болох чөлөөлөн гаргах нь сэтгэлээ онгойлгох гэсэн нэг утга илэрхийлнэ. Учир нь урт үргэлжлэх бодлуудын цуваанаас сэтгэл бүрдэнэ. Сэтгэл дотор эмх замбараагүй олон бодол байх тусам таагүй тавгүй мэдрэмж давамгайлан оршино.
Дан ганц сайхан сэтгэл байгаад нэмэргүй гэнэ. Мэдлэгтэй хамтарч байж сая жинхэнэ энэрэнгүй сэтгэл бий болох аж. Мэдээж бас мэдлэг дангаараа тийм ч үнэ цэнтэй биш. Сэтгэлийн хат гэдэг нь энэрэнгүй сэтгэлийн үр дүнд л бий болж хэлбэрждэг гэнэ.
Хүүхдүүдээс суралцмаар нэг том чанар бол одоо цагтаа орших чадвар. Яг л тоглож байгаа тэр орчиндоо үнэн сэтгэлээсээ уусан орж чаддаг. Ийм орчинд хүүхэд маш хурдан суралцахаас гадна, суралцах явцдаа амьдралын баяр таашаалыг чөлөөтэй (айх айдасгүй) мэдэрч чаддаг. Эцэст нь бичих явцдаа ойлгож авах шиг боллоо. Өнөөдөр гэр бүлээрээ очиж сонирхсон Little Venice үзэж явахад Мишээл сити төслийн LIVE WORK PLAY уриа яг энэ бүхнийг илэрхийлж байх шиг. Тиймээ, яг л тоглоом тоглож байгаа мэт ажиллаж амьдрахсан.