Educated [Тара Вестовер]
Мормон шашны хэтийдсэн үзэлтэй гэр бүлд өссөн Тара охины тухай дуртгал номыг шимтэн уншиж дууслаа. Эхлэл хэсэгт нь маш дээр үеийн Америкийн нэгэн бөглүү алслагдмал тосгоны айлын амьдралын тухай төсөөлж уншиж байсан хэдий ч үнэндээ саяхны бүүр надтай чацуу 30 гарч яваа эмэгтэйн түүх байлаа.
Өөрийн толгойгоор бодох бус, харин юу бодохоо сурах гэж уншдаг. Алдаа мадаггүй бичигдсэн сайн номыг өөр дээрээ асгах шидэт шингэн лугаа унших хэрэгтэй гэсэн өгүүлбэрүүд хамгийн их мэдэж авууштай хариултууд минь байлаа.
Яг одоо дэлхий дээр тэр дундаа бүүр эдийн засаг, нийгмийн хөгжил, боловсролоороо дэлхийд тэргүүлэгч Америк оронд Мормон шашинтай зарим хүмүүс жирэмсэн эмэгтэйг гэрт нь амаржуулж, нярайг эх барихын мэргэжлийн эмч, сувилагч биш энгийн нэг өөрийн биеэр хүүхэд эх барьж сурсан эмэгтэй эх барин авдаг тухай номын эхэнд гарна. Эдгээр айлын хүүхдүүд улсын болон нийтийн сургууль, цэцэрлэгт хамрагдаагүй байх бөгөөд ээж, аав нь юм уу гэрийн хэн нэгэн бичиг үсэгтэй нь уншиж бичихыг заана. Мөн тэд энгийн хүмүүс шиг хүссэн номоо уншихгүй, харин шашны болон сурах бичгээр тэдний унших зүйлс хязгаарлагдана. Өвдөх гэмтэх үед нь эмчид авч очихгүй гэрээр эмчилнэ. Тэдэнд бүүр төрсний гэрчилгээ ч байхгүй.
Ийм нэгэн гэр бүлд өссөн Тара гэх эмэгтэй өөрийн өр өвтгөм түүхийг ний нуугүй бичжээ. Түүний аав нь Мормон шашны хэтийдсэн үзэлтэн бөгөөд 2 туйлт сэтгэцийн эмгэгтэй нэгэн байдаг. Тэр хүүхдүүдээ маш хатуу, харгис хүмүүжлээр өсгөдөг. Сургуульд сургахгүй гэрээр нь уншиж бичихийг нь заана. Өвдөж, хүнд гэмтсэн үед нь ч эмнэлэг рүү авч явахгүй гэрээр эмчилнэ. Хүүхдүүд нь маш хүнд өвдөж бэртсэн байхад энэ бол бурханы таалал бид ивээгдсэн гэр бүл учраас бурханы хүслээр удахгүй эдгэнэ гээд гэрт нь байлгана. Хүнд хүчир хөдөлмөр болох төмрийн хогон дээр нас хүйс харгалзахгүй хүүхдүүдээ ажиллуулж мөнгө олно. Олсон мөнгөөрөө ертөнц дээр удахгүй болох 2 дахь бурханы шүүлт буюу дэлхийн сүйрлээс хоргодох газар, хүнс бэлдэхээс гадна засгийн газрынхан гэнэт ирж бүслэх үед шаардалагатай зүйлсийг хурааж хуримтлуулна.
Гэхдээ аавын үзэл баримтлал ийм байлаа ч хүүхдүүдийн дундаас хоёр гурав нь сурах хүсэлтэй болж гэртээ нууцаар коллежийн шалгалтанд бэлтгэн, тэнцэж гэрээсээ явна. Жил ирэх тусам аавын шашны муйхарлал хирээс хэтэрнэ. Том ах нар болох Тайлер, Ричард нар Тара охиныг боловсрол эзэмшихэд ихээхэн нөлөөлөх ба гэрийн боловсрол хүнд хэцүү дундаас Түүхийн ухааны доктор болтлоо маш их сэтгэлийн, соёлын хүнд хэцүүг даван туулж өөрийн амьдралын жинхэнэ цонхыг нээнэ.
Үзэж туулсан бүхэн өөрөө боловсрол мэдлэг байдаг гэж бий боддог байсан. Гэхдээ энэ номыг уншсаны дараа боловсролын талаарх миний ойлголт хэдэн шатаар дээшилсэн төдийгүй, гол дүрийн эмэгтэйн сурахын төлөөх шаргуу мэдрэмжинд автахгүй байж чадаагүй билээ. Тара гэр бүл эсвэл боловсрол гэдэг хоёр сонголтын дунд гацахдаа чин зүрхнээсээ гэр бүлээ сонгохыг хүссэн ч түүний хүсэл тэмүүлэл, дотоод чанар нь боловсрохыг, сурч мэдэхийг сонгосон юм.
Та үүнийг олон янзаар нэрлэж болно. Хувьсал. Хувирал. Хуурмаг чанар. Урвалт шарвалт. Харин би үүнийг боловсрол гэж хэлнэ.
Аав бид хоёрын дунд буй зүйл цаг хугацаа, эсвэл газрын холоос ч илүү. Тэр бол дотоод ертөнцийн өөрчлөлт. Би аавынхаа өсгөсөн тэр хүүхэд биш болсон, харин аав тэр хүүхдийг өсгөсөн эцэг хэвээр…