Sapiens — Хүн төрөлхтний товч түүх [Юваль Ной Харари]
Дэлхий дээр хүн (homo) төрлийн хэд хэдэн зүйлүүд зэрэг оршин байж. Сапиансууд (ухаант хүн) бусдыг тэвчихдээ тааруухан гэдэг нь угаас тодорхой. Орчин үед ч арьсны өнгө, хэл яриа, шашин шүтлэг жаахан өөрөөс болоод л сапиансууд нэг нэгнээ алж устгасаар байна шүү дээ. Ийм байхад эртний сапиансууд өөрсдөөсөө өөр homo (хүн) төрлийн хүнд илүү тэвчээртэй хандах нь юу л бол? Бусад зүйлийн хүмүүсийг бид хэрхэн түүхийн хуудаснаас арчиж мартагдахад хүргэсэн бэ? Үүний хариулт маргаантай хэвээр гэвч хамгийн үнэн байх магадлал нь homo sapiens зөвхөн хүнд байдаг хэл ярианыхаа хүчээр дэлхий гарагийг эрхшээжээ.
Зохиомол зүйлсийн талаар ярьж болдог нь сапиенсын хэлний хамгийн гайхалтай шинж чанар юм. Компани, НҮБ, Ливи Улс, хүний эрх бүгдээрээ л бидний баялаг төсөөллийн бүтээгдэхүүн юм.
Хоёр эрэгчин бич сүргийн тэргүүн болохын төлөө өрсөлдөх үед тэд сүрэг дотроо өөрийгөө дэмжигч эрэгчин, эмэгчин бичнээс бүрдсэн эвсэл байгуулдаг. Тэрхүү эвслийн гишүүдийн харилцаа нь нэг нэгнээ тэврэх, илж таалах, үнсэх, арчилж халамжлах зэрэг хэн хэндээ таатай өдөр тутмын ойр дотно харьцаан дээр үндэслэнэ. Сонгуульд нэрээ дэвшүүлсэн улс төрчид кампанит ажлынхаа үеэр хүмүүстэй гар барьж, хүүхдүүдийг үнсдэгтэй адилаар сүргийн тэргүүн болохоор өрсөлдөж буй эрэгчин бичнүүд бяцхан бичнүүдийг тэврэх, үнсэх, дал мөрийг нь алгадах зэрэгт нэлээд цаг зарцуулна.
Социологийн судалгаагаар хүн хамгийн ихдээ 150 хүнтэй дотно холбоо үүсгэж, идэвхтэй хов жив ярьж чаддаг ажээ.
Түүх гээч зүйл биологийн ухаанаас салж, тусгаар тогтнолоо зарласан тэр мөчийг танин мэдэхүйн хувьсгал гэдэг. Хөдөө аж ахуй бол түүхэн дэх хамгийн том заль мэх юм. Улаан буудай, цагаан будаа, төмс зэрэг хэдэн төрлийн ургамал хүнийг мэхэлж орхижээ. Homo sapiens эдгээр ургамлыг биш, харин ургамлууд хүнийг гаршуулсан хэрэг.
Тансаг амьдрал нь байнгын хэрэгцээ болж, улмаар шинэ үүрэг шаардлагыг бий болгодог нь түүхээр шалгагдсан хатуу хуулиудын нэг билээ. Хүмүүс тодорхой тансаглалд дасаад ирэхээрээ тэрхүү тансаглалаа байх ёстой зүйл гэж үзэж, үүндээ найдаж эхэлдэг. Эцэст нь тэд нэг л мэдэхэд тэрхүү тансаг зүйлгүйгээр амьдарч чадахаа болино.
Ердөө хэдхэн үеийн өмнө хүн төрөлхтний 90 гаруй хувь нь өглөө бүр эртлэн босож, өдөржин тариан талбайд хөлсөө дуслуулан ажилладаг тариачид байв. Тэдний арай ядан илүүчилсэн хоол хүнсээр цөөн тооны элит буюу хаад ноёд, цэргийнхэн, лам нар, уран бүтээлчид, сэтгэгчид зэрэг түүхийн сурах бичгийг намтар түүхээрээ дүүргэсэн тэр хүмүүс тун дажгүй амьдарч байлаа. Түүхийг тун цөөн хүн бүтээж, үлдсэн дийлэнх олонх нь газар хагалж, хувингаар ус зөөсөөр байжээ.
Хэрэв хүний эрх зөвхөн бидний төсөөлөлд л оршдог юм гэдгийг хүмүүс ухаарвал нийгэм бутарч унах болов уу? “Бурхан гэж үгүй, гэхдээ үүнийг миний зарцад дуулгах ч хэрэггүй шүү, тэр өнөө шөнө намайг алчихаж ч мэднэ.” гэж Вольтер хэлсэн байдаг.
Адам Смит тийнхүү хэлсэн учир чөлөөт зах зээл нь эдийн засгийн хамгийн шилдэг тогтолцоо болж байгаа юм биш, харин байгалийн хөдөлшгүй хуулийн дагуу л чөлөөт зах зээл нь эдийн засгийн хамгийн шилдэг тогтолцоо болж байгаа хэрэг. Хөрөнгө оруулагч, банкны эздийн ихэнх нь капитализмд итгэх итгэлээ гээчихвэл өнөөгийн эдийн засгийн тогтолцоо цаашид нэг өдөр ч оршин тогтнож чадахгүй билээ.
Орчин үеийн барууны хүмүүсийн хамгийн нандин хүсэл мөрөөдөл нь романтизм, үндсэрхэг үзэл, капитализм, хүнлэг ёс гэх мэт сүүлийн хэдэн зуунд ноёрхсоор ирсэн домог үлгэрүүдээр хэлбэржжээ.
Хүний ухамсар, төсөөллөөс ангид оршдог зүйлийг объектив гэнэ. Зөвхөн тухайн нэг хүний ухамсар, итгэл үнэмшилд оршдог зүйлийг субъектив гэнэ. Олон тооны хүний субъектив ухамсрыг холбож буй харилцааны сүлжээнд оршдог зүйлийг интерсубъектив гэнэ.
Төсөөллийн дэг журам нь интерсубъектив шинжтэй гэхээр метаверс огт шинэ зүйл биш болж таарах нь. Өөрөөр хэлбэл үүнд урьдын адил объектив хандлага бүр ч нөлөөлөхгүй, олон хүн итгэж үнэмших цаг хугацааны л асуудал болж үлдлээ.
Төсөөллийн дэг журмаас зайлсхийх ямар ч арга зам байхгүй. Бид өөрсдийн хоригдон буй шоронгийн ханыг нурааж, эрх чөлөөнд тэмүүлэхдээ илүү том хашаатай, илүү их багтаамжтай шоронд л шилждэг.
Бид ямар нэг дэг журамд, энэ дэг журам нь бодит үнэнд үнэхээр нийцэж байгаа учир итгэдэг бус, харин энэхүү дэг журмыг дагаж мөрдсөнөөрөө үр ашигтай хамтран ажиллаж, илүү сайхан нийгэм цогцлоох боломжтой учраас л итгэдэг.
Өнөө үед хүмүүс романтик хэрэглээний үлгэр домогт итгэчихсэн учраас хилийн чанадын аялалд асар их мөнгө зарж байна. Өөрөөр хэлбэл төсөөллийн дэг журам нь бидний хүслийг ч хэлбэршүүлдэг.
Homo Sapiens Дэлхийг захирахад оюун ухаан, холбоо харилцаа хоёр л давуу тал болж өгсөн. Гэвч одоо компьютер энэ хоёр үзүүлэлтээр хүнийг гүйцэт түрүүлэх нь нэгэнт тодорхой болжээ.
Байгалийн жам ёсны, жам ёсны бус хэмээх ойлголт нь биологийн зохилдлогоос бус, харин христийн шашны номлолоос л эхтэй. Дундад зууныхан хүлэг баатрын адал явдлыг христийн шашны үзэл санаатай бүрэн гүйцэт хоршуулж чадаагүйн адил орчин үеийнхэн эрх чөлөөг тэгш эрхтэй хослуулж чадсангүй. Энэ мэт зөрчлүүд хүний нийгмийн зайлшгүй онцлог бөгөөд соёлын хөдөлгөгч хүч болж сапиенсууд биднийг бодуулж, эргэцүүлж, шүүмжлэхэд хүргэдэг. Христийн шашин олон зуун сая хүнийг өөртөө уруу татан оруулсан ч дотроо тоолж баршгүй олон урсгал чиглэл болж задарсан. Мөн Монголын эзэнт гүрэн Азийн ихэнх нутаг, Европын зарим хэсгийг эрхшээлдээ оруулан захирсан ч эцэстээ олон тархай бутархай хэсэг болсон. Христийн шашин урсгалуудад задарч, Монголын эзэнт гүрэн бутран унасан нь түүхийн хурдны зам дээрх хурд сааруулагч төдий л зүйл.
Өдгөө бидний “эх” соёл гэж ярьдаг зүйлс сүүлийн хэдэн зууны туршид даяаршлын үер мэт нөлөөлөлд автан танигдахын аргагүй болтлоо хувирч өөрчлөгдсөн.
Мөнгө бол харилцан итгэлцлийн тогтолцоо бөгөөд өнөөг хүртэл хүн төрөлхтний зохиосон итгэлцлийн тогтолцоонууд дундаас хамгийн нийтлэг, хамгийн үр ашигтай нь юм. Үүний араас эзэнт гүрэн, шашин хоёр том байр суурь эзэлнэ.
Хүн төрөлхтний түүхэнд асар олон дайн тулаан, эзэнт гүрэн байгуулагдаж, мөхөж, хувьсан өөрчлөгдөж явсаар өнөөгийн бидний өөр хоорондоо хүлээн зөвшөөрөгдсөн 200 гаруй улс орон бий болжээ. Үүний зэрэгцээ анимизмээс (онго шүтээн) эхлээд зороастр, олон бурхад, христийн шашин, буддын шашин, исламын шашин, жүүдийн шашин, хинду шашин (жайнизм), даоизм, кунзийн сургааль тэр ч бүү хэл либерализм, социализм, капитализм, нацизм (зохиолч эдгээр үзэл суртлуудыг байгалийн хуулийн шашин хэмээн тодорхойлсон) гэх мэт үй олон итгэл үнэмшил, ёс суртахууны хэм хэмжээсүүд газар сайгүй дэлгэрч, холилдон, хувьсаж явсаар өнөөгийн бидний мэдэх хэлбэрүүд бий болжээ. Тэгвэл энэ бүх үйл явдлын эцэст өнөөгийн биологийн эрдэмтэд хүний бие дотроос ямар ч сүнс олоогүй төдийгүй хүний зан байдал, үйлдлийг чөлөөт хүсэл зориг нь бус, харин гормон, ген, эсийн холбоосууд нь удирддаг хэмээн итгэлтэй хэлэх боллоо.
Шинжлэх ухааны хувьсгал үнэндээ мэдлэгийн хувьсгал байгаагүй, харин ч мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөх хувьсгал байсан юм.
“Миссисипийн хөөс” хэмээх XVIII зууны үеийн Европын хамгийн том санхүүгийн хямралаас эхлээд Хятад, Британийн хооронд дэгдсэн хар тамхины дайн (40 сая Хятад донтсон), Египетийн эздэд асар их хэмжээний мөнгө зээлүүлсэн Франц, Британийн хөрөнгө оруулагч, капиталистууд цаашлаад далайн чанад дахь эрсдэл ихтэй ажил хэрэгт хүртэл хөрөнгө оруулахыг хүсдэг болжээ. Тэгвэл өнөө үед капиталистуудын номлол нь чөлөөт зах зээл гэх тодотголтойгоор улс төрийг зах зээлээс тусад нь байлгаж, татварыг багасгаж, засгийн газраас хамгийн бага зохицуулалт хийх, бүр цаашлаад зөнд нь орхи гэж үзэх болсон. Тэд Зэн буддизмын багш нарын хэлдэг тэр л сургаалийг засгийн газарт хэлж зөвлөдөг нь “юу ч битгий хий” хэмээх үг ажээ. Капитализмын хар мөр нь Атлантын далай дахь боолын худалдаа, Европын ажилчин ангийн мөлжлөг зэрэг алдаанууд гаргасан нь үнэн.
Аж үйлдвэрийн хэт хурдтай хөгжлийн нөлөөгөөр хүний түүхэнд анх удаа хангамж хэрэгцээнээсээ давж гарлаа. Түүхийн бүхий л хугацаанд ихэнх хүн дутагдаж гачигдсан нөхцөлд амьдарсаар ирсэн. Тэгтэл одоо бид өчигдрийг болтол хэрэглэх нь бүү хэл ер тийм бүтээгдэхүүн байдгийг нь ч мэддэггүй байсан тоо томшгүй олон барааг худалдаж авдаг болсон. Үйлдвэржсэн хөдөө аж ахуйн нэг эмгэнэл нь амьтдын гаднаас харагдах хэрэгцээнд нь хэт анхаарсан хэр нь дотоод сэтгэлийн хэрэгцээг нь үгүйсгэсэн явдал юм. Харгис гэмээр энэ үйлдэл нь одоогоос хэдхэн зууны өмнөх боолын хөдөлмөр эрхлэлттэй төстэй гэмээр.
Хэт таргалалт бол хэрэглээний ухааны (consumerism) давхар ялалт юм.
АНУ-ын хоолны дэглэм барихад зориулж байгаа мөнгө бусад улс орны өлсгөлөн хүмүүсийг тэжээхэд элбэг хангалттай хүрэхээр статистик гарчээ.
Цаг тоолол, гэр бүл, нийгэм, эдийн засаг, улс төр, нийгэмлэг, энх тайван, үймээн, бослого, дайн, үзэл суртал, мөнгө, нийгэмд эзлэх байр суурь эдгээрийн аль нь ч биологийн хувьд аз жаргалын шалтгаан болохгүй. Харин серотонин, допамин, окситоциноос л удаан үргэлжлэх аз жаргал гарч ирнэ. Тэгвэл амьдралын утга учрын тухайд Ницшегийн хэлснээр: “Хэрвээ таньд амьдрах шалтгаан байгаа бол та ямар ч зовлонг ажрахгүй давна.” гэсэн афоризмд харанхуй итгэх үү? Эсвэл амьдралын утга учир нь бусдын төсөөллийн төөрөгдлийг өөрийн төөрөгдөлтэй нийцүүлэх гэсэн хуурмаг итгэл үнэмшил дээр тулгуурладаг байвал яах вэ? Бүр цаашлаад харвал орчин үеийн биологичид, шинэ үеийнхэн “Аз жаргал гадаад нөхцөл байдлаас тусдаа” гэж хэлсэн нь Буддагийн хэлсэнтэй утга нэг. Будда бидэнд гадаад ололт амжилт төдийгүй, дотоод мэдрэмжийнхээ араас хөөцөлдөхөө ч зогсоох хэрэгтэй гэж сургажээ. Ингээд хамгийн эцэстээ алдарт WHO AM I? асуултанд тулна.
Ирээдүйд sapiens-ууд хэрхэн өөрчлөгдөх вэ? Ойрын ирээдүйд генийн инженерчлэл, био инженерчлэл, киборг, машин сургах (machine learning), хиймэл оюун ухаан (AI), цөмийн энерги гэх мэт технологийн дэвшилтэт өөрчлөлтөөр зогсохгүй хүний ухамсар, оршихуй үндсээрээ өөрчлөгдөж мэдэхийг нухацтай бодох цаг болжээ.
Бас л далайцтай өргөн хүрээнд бичсэн ном байнаа. Сапиенс бүрийг уншаасай гэж зөвлөмөөр, санал болгомоор санагдлаа. Уншигч миний зүгээс энэ номд 10/10 оноог өгч байна.