Агнистын гэгээ III — Үлэмжийн чанар [Пүрэвийн Бадрал]

Erdem Nomt
4 min readApr 13, 2023

--

Хоосон ядуу Дулдуйтын Данзанравжаа буюу бидний мэдэхээр Ноён Хутагт Данзанравжаа долоон настай байхдаа нэгэн айлын найран дээр:
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ хэмээн цангинатал дуулж хүмүүсийг алмайруулж байсан гэдэг.

Хүүхдийн хичээлийн ширээ цагаан өнгөтэй болохоор зураг авахад их тохиромжтой байдаг шүү.

Равжаа Хутагт “Саран хөхөөний намтар” дуулалт жүжгийг 70 гаруй хоног тавьж байжээ. Утга уянгын мэдрэмжтэй хүн л тантрын бясалгалыг эзэмшинэ. Тийм ч учир Нарова, Дилова, Мялрайва гээд л Энэтхэг, Төвдийн их егүзэрүүд бясалгалыг урлаг гэж үзэж, гэгээрлийг яруу найраг лугаа холбож байсан. Хутагтын хэлэх гэсэн сургаал номууд шүлэглэсэн мөртүүдээс бүтсэнийг харахад л ямар их утга уянгын хүн байсан бол гэж өөрийн эрхгүй бодогдохоор.

Уншигч миний зүгээс шударга хэлэхэд энэ номыг унших хүртлээ Хутагтын талаар маш буруу төсөөлөл ойлголттой явсан байна лээ. Шүлгийн мөртүүд цаанаа гүн утга агуулгатай байсан аж. Нарийн хэлхээ, учир зүйг мэдэх хувь тэр бүр тохиохгүй аж. Жишээ нь доорх дөрвөн мөртийг тайлбарлах гээд үзвэл:
“Арван тавны сартайд
Аглагийн бараа тодорхой.
Агуу дотортой хүнд
Ашдын хэрэг тодорхой.”
Хүний энэхэн амьдрал нь олон үйлдэлтэй бодлого хэмээн төсөөлөх аваас бодлогын хариу нь ашдын хэрэг бөгөөд бодох аргачлалыг заах багштай учрах нь арван тавны саран зам мөрийг гэрэлтүүлэх мэт их хувь тавилан аж. Цаашлаад өөрийн хичээл зүтгэлээр бодлогын үйлдлийг гүйцэтгэхийг аглагт дияан хийж өөрийн дотоодод нэвтрэх бясалгагчаар төлөөлүүлжээ.

Ингээд номыг унших явцад өөрт өндөр сэтгэгдэл үлдээсэн хэсгүүдээс хураангуйлан доор өгүүлэх аваас:

Номыг өөрөө уншиж ухаарах ёстой болохоос, өрөөлөөр уншуулаад утгыг нь ойлгохгүй, утгыг нь ойлгохгүй болохоор уярал ухаарлыг амсахгүй суух нь оюуны хоосролоос өөр юун. Жинхэнэ засал бол уярал ухаарал, сэтгэлийн ариусгал билээ.

Амьтан бүхнийг эх шигээ хайрлагчийг бодь сэтгэлтэн буюу бодьсадва гэдэг. Бодь сэтгэл буй бол нөхөр үл болох амьтан нэг ч үгүй. Энэ хорвоогийн бүх амьтан чиний ээж, амраг садан учраас алаггүй сэтгэлээр хайрла. Энэ хайр зүрхэнд чинь амьсгал болж, бясалгалд чинь хөг оруулж, амьдрал үйлсэд чинь жигүүр дэлгэнэ.

Ихэнх хүмүүс энэ амьдралаас гар хоосон буцахаа мэдэхгүй, зүрх сэтгэлээ анирлах ч завгүй, тайван унтах ч завгүй хийж, бүтээсээр л . . .

Өндөр богино хоёр нь
Гаднаасаа илхэн гэнэ.
Үнэн худал хоёр нь
Дотроосоо бэрх гэнэ.

Бие, хэл, сэтгэлээ
Бэхэлж явалтай.
Билгийн очир ламдаа
Одоо нэг мөргөе.

Сайн муу хэлэх нь
Хүний зоргоор байвч
Жаргал зовлон хоёр нь
Өөрийн сэтгэлээс үүснэ.

Ариун бузар, хүнд хөнгөнийг
Алсдаа сэтгэлээр ялгахыг мэдэхгүй
Ааш зан, явдлаараа адил санаад
Амны чинээгээр бураад яах вэ дээ

Өр шир, өвс унгас, будаа гурил бодож явсаар
Өнөө маргаашийн болзоогүй үхэл ирэхийн цагт
Өнөөх их хямгадаж явсан юм чинь тээр болохгүй юу,
Өнгөрөөд гарах хүний орныг юунд тэгж тээвэрлэнэм.

Энэ бие зээлийн байшин адил
Энд тэнд хэзээ орхих нь болзоогүй,
Сэтгэлийн чанарыг таниагүй цагт
Сэрэх цаггүйг Бурхан номложээ.
Онож сэтгэлээ таниагүйн эрхээр
Орчлонгийн хүрдэнд төөрсөөр явна.
Бурханыг гаднаас эрэн горилох нь
Сохор хүн сувд эрэх шиг.

Зөв үйлэнд дайсан боловч зохилд,
Буруу үйлэнд үр боловч цээрлэ.

Удаан өтлөх насны зургаан чагтага
1. Биеэ засвал сайн морийг уна
2. Сайхан зохистой идээг ид
3. Хуучны тааламжтай хувцсыг өмс
4. Сэтгэлээ засвал өндөр уулан дээр гар
5. Үг нийлэлцэх үеийн нөхөдтэй хүүрнэ
6. Өчүүхэн нялхастай наад

Нарны гэрэл хурц болоход
Үүлгүй бол нэн сайн
Насны багад эрдэм сурахад
Залхуугүй бол даанч сайн.
Үүрдийн их тусыг бодвол
Бурхан тэнгэрийн номыг хичээгээрэй.

Үнэн үг хатуу боловч
Хэтийн явдалд тустай.
Бага сага гомдлыг эс илчилбэл
Сэтгэлд зовлон болох.

Эд малгүй хүн үнэн үг хэлэвч
Хэрэгсэхгүй цаг болжээ.
Манж зангүй хүн
Ганцаардах цаг болжээ.

Дотоод сэтгэл зөв бол
Гадаад явдал ч мөн зөв.

Өгвөл эд мөн
Сахивал санваар мөн
Хүлцвэл хуяг мөн
Хичээвэл мөр мөн
Эс мартвал бясалгал мөн
Мэдвэл билэг мөн

Аврал бүгдийн товч багш мөн
Сахил бүгдийн товч сэрэмж мөн
Үзэл бүгдийн товч хоосон чанар мөн
Санаа бүгдийн товч мөнх бус мөн
Ном бүгдийн товч сэтгэлийг ариусгах мөн

Уул мэт хүлцэнгүйг шүтэж,
Бие, хэл, сэтгэл гурваа бэхлээсэй!!!

Сав шимийн энэ (ертөнц) ёсыг мэдвэл
Сайн эрдэмт хүний биеийг олж,
Шашин номтой учирсан энэ цагтаа
Сааралгүй үтэр ном буяныг үйлд ээ.

Номын 265–270 хуудсанд байгаа “Эхийн ачийг хариулах залбирал” нь үнэхээр их сэтгэгдэл төрүүллээ. Үхтэл үр харам гэдэг шиг эх хүн том болсон хэдий ч хүүхдээ үргэлж сэтгэлдээ тээн, цаглашгүй их хайраар хайрласаар байдаг аж. Мөн хүн болж төрөх, хүний дайтай явах, цаашлаад эрдэм номтой учрах гэдэг нь ямар их хувь тавилан болохыг энэ залбирал бүхэлдээ агуулжээ.

Хольцонгуйн орныг гийгүүлэхийн тул туулсан бурханы сургаалыг бясалгах тустай.
Хойшид мэргэшихийн тул сэтгэл, явдал хоёроо нэгтгэн боловсруулах тустай.
Хорсох, тэмцэх, хөнөөх нь сөнөхгүй түймэр тул гээвээс тустай.
Хонжих, ашиглах, олзлох нь гүйцэшгүй зэрэглээ тул орхивоос тустай.

Дээрх дөрвөн мөрт тустайн сургаалын адил бусад авах гээхийн дөрвөн мөртүүд нь маш их таалагдлаа. Яг л нөгөө багад үздэг байсан ертөнцийн гурав гэдэг шиг. Эцэст нь уншигчийн зүгээс номд 10/10 оноог өгч байгаа болно.

Сайн үйлс бүтэх болтугай.
Харш муу устах болтугай.
Өлзий хутаг орших болтугай.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet