Ад үзэгдэх зориг [Кишими Ичиро, Кога Фүмитакэ]
Амьдралд огт санаандгүй гартаа барьсан ганц ном маргааш өглөөнөөс эхлээд тэнгэрийн өнгийг эрс хувиргах мэт тийм учрал гэж байдаг. Зохиолч Кога энэ үгийг тун гайхалтай онож хэлжээ. Анх номыг худалдан авахад шинэ ном гэдэг утгаар нь л сониуч зангаар авсан ч нээн унших тэр өдрөөс эхлэн сар гаран уг номтой удаанаар ноцолдсон байна.
Хүн ертөнцийг хэрхэн хардгийг, мөн өөрийгөө ч юу гэж дүгнэж, эдгээрийгээ юу гэж ойлгодгийг цогцоор нь авч үзсэн ухагдахууныг lifestyle буюу амьдрах хэв маяг гэнэ. Хүн өөрийн харах өнцөг буюу ертөнцийг үзэх үзлийг дахин өөрчлөн сонгох боломжтой. Ингэснээр зовлонгийн цаад шалтгаан болох хүн хоорондын харилцааг ойлгоод зогсохгүй бусадтай хүн ёсоор харьцах, алдаагаа хүлээн зөвшөөрөх, уучлал гуйх, хүчний тулаанаас буух зэрэг нь ялагдал биш болохыг ойлгоно. Номын туршид хөөрөлдөх философич, залуу хоёр Адлерийн сэтгэл судлалыг хүсэл зоригийн буюу өөрөө өөрчлөгдөхийн төлөөх сэтгэл судлал гэдгийг батлан харуулна.
Бидний амьдралд ямар нэг зүйл болохгүй байгааг та зөнгөөрөө мэдэрч л байгаа бол өөрөө өөрчлөгдөх, амьдралын хэв маягаа эрс өөрчлөх зоригтой алхмуудыг хийж эхлэх нь чухал. Тэдгээр нь тун энгийн. Өөрчилж чадахгүй зүйлийг хүлээж ав. Энэ би-гээ одоо байгаагаар нь хүлээн зөвшөөр. Өөрчилж болох зүйлсийг өөрчлөөд явах зоригтой байх. Үүнийг л өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж ойлгоно. Цаашлаад бусдад итгэх хэрэгтэй. Итгэхээс айгаад байвал эцсийн эцэст хэнтэй ч гүнзгий харилцаа үүсгэж чадахгүй.1997 онд дэлгэцнээ гарч эхэлсэн Good Will hunting киног хэрвээ та санаж байгаа бол яг л тэр киноны профессор, залуу Вилл нарын ярилцлагын хэсгүүд нүдэнд дүрслэгдэх шиг болно. Ерөнхийдөө бол амьдралд утга учир байхгүй, хүн өөрөө л өөрийнхөө амьдралд утга учир бий болгоно.