Аз жаргалд хүргэх философи [Ямча]
Германы алдарт философич Фридрих Ницше хэмээх эрхэм хүний амьдралыг үзэх үзлээс нь багахан ч гэсэн олж мэдсэндээ их баяртай байна. ЯГ Л ИНГЭЖ БОДОГДДОГ ШҮҮ гэсэн олон ч бодлын бататгал энэ номд тааралдсан нь сэтгэлийг их хөдөлгөж чадлаа. Ингээд номоос өөрт таалагдан тэмдэглэж авсан хэсгээс энд үлдээе.
Философи гэдэг нь грек хэлнээс гаралтай, ФИЛО гэдэг нь “хайр”, СОФИ гэдэг нь “мэдлэг” гэсэн утгатай. Нэг ёсондоо “мэдлэгийг хайрлах”, “мэдлэгт дурлах” гэсэн утгатай. Биет бус (ухагдахуун, үзэл санаа) зүйлсийн талаар бодож, шинэ ухагдахуун төрүүлдэг нь философи юм. Философийг ерөнхийд нь “Хар философи” ба “Цагаан философи” гэж хоёр ангилдаг. Тэгвэл энэ номоос бид мөн чанарын л тухай бодоод байдаг уламжлалт философи болох цагаан философийг үгүйсгэж үүссэн тэрслүү хар философийн тухай авч үзэх болно.
“Бурхан үхсэн. Үхсэн хэвээрээ л байна. Тийм ээ бид бурхныг хөнөөсөн.”
— Фридрих Ницше
Амьдралд өөрт нь утга учир гэж үгүй. Хүмүүсийн төөрөгдөл нь гаднаас оноогдсон утга учир гэх зүйлсээр өөрийгөө үнэлсэн мөчөөс эхлэн өөртөө хийсвэр зовлонг бий болгодог. Ницше энэ мэт хий хоосон утга учрын эрэлд цөхөрч буй хүмүүсийн байр байдлыг “сүүдрийн ертөнц” гэх үгээр тайлбарласан байдаг.
Ёс суртахуун хэмээх жам ёсны бус хийсвэр үнэлэмжийн хэмжүүрээс болж цэх шулуун амьдарч чадахгүй байгаа бол тиймэрхүү юмсад хүлэгдэж баригдахаа л больцгооё. Цэх шулуун амьдрах гэдэг нь усан үзэм идмээр байна гэх бодит хүслээ шударгаар хүлээн зөвшөөрч, усан үзмийн мод руу улам өндөр үсрэхийн төлөө өөдрөгөөр хичээн чармайх явдлыг хэлнэ.
Амьд явахад ямар ч утга учир гэж үгүй, тэгвэл амьдралаас зугтаан үхлээс утга учир хайвал тэнд ч адил утга учир байхгүй. Зугтах газаргүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн цагт л жинхэнэ цөхрөлд унах болно. Өөр нэг эх сурвалж дээр үүнийг жинхэнэ шалдаа буусан нэгэн л ангаж цангасан мэт энэ бүх үнэнийг хүлээн зөвшөөрч чадна гэсэн байдаг. Цөхрөл яг л хаданд хавчуулагдсан халиуны зулзага адил хаашаа ч гарах гарцгүй бидний бүх үнэнг эрээ цээргүй илчлэн гаргаж, бид түүнийг хүлээн зөвшөөрч чадсанаар дараагийн шатруу шилжих болно.
Ирээдүйд итгэл найдвар тээн, ямар нэгэн зүйлд зорих өрнийн бодол сэтгэлгээ (итгэл үнэмшил, шашин, ажил хөдөлмөр, хайр дурлал) хэзээ нэгэн цагт гарцаагүй нуран унана. Тэгснээр нихилизм (үгүйсгэх үзэл) газар авч жинхэнэ гажуудал, галзуурал, эмх замбараагүй нөхцөл байдал үүснэ. Ийм цаг үе ирэхэд л бодитоор орших ЭНЭ МӨЧ-ийг эерэгээр харж амьдрах хүчтэй хүсэл ЗОРИГ шаардлагатай. Тийм хүнийг Ницше “Дээд хүн” хэмээн нэрлэжээ.
Юваль Ной Хараригийн Сапийнс хэмээх номд төсөөллийн дэг журам гэх ойлголт их гардаг. Ницшегийн сүүдрийн ертөнцтэй зарим талаараа агаар нэг санагдлаа. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх гэсэн хэлц үг байдаг шиг өнөө цагийн хүн бид чинь сармагчингаас юугаараа өөр гэдгээ ч мартах хүртлээ тэнэгрэлд автаа юу гэлтэй хөөрхийс болон хувирчээ. Өөрөө өөрсдийгөө, өөрсдийн үр хүүхдүүдээ яг энэ системээрээ өргөжүүлэн томорсоор нэг л өдөр BIG BANG болно. Тэгээд эргээд л түүх давтагдана. Үүнийг энэ бүтээлд үүрдийн давталт хэмээн ёстой онож хэлжээ. Тэгвэл өнгөрсөн хийгээд ирээдүйд зориулан одоо байгаа өөрийн цаг хугацаанаас ямар ч утга учиргүй үрэн таран хийн зарцуулах нь угтаа ямар ч утгагүй биздээ гэсэн санаа л даа. Сонирхолтой нь би өөрийн medium дээр 2024 оны 8 сарын 2-ны өдөр “Элсэн цаг” хэмээх бяцхан бичвэр оруулж байжээ. Тэр бичвэрийн хэсгээс энд оруулмаар санагдлаа.
Амьдралын элсэн цаг дуусахдаа элсээр шинэ оргил бүтээж, тэр бүтээсэн оргил нь дахин эргэж шинэ амьдралыг эхлүүлдэг. Хүн бүрт ижилхэн цаг хугацаа байх боломжгүй. Бусдын цаг хугацаанаас авах, өөрийн цаг хугацаанаас өгөх ч боломж гэж үгүй. Элсний ширхэг бүрт бидний амьдралын хором мөч оршино. Тасралтгүй, нэгэн жигд доош юүлэгдэх элсний дээд хэсэгт ирээдүй цаг, доод хэсэгт өнгөрсөн цаг хугацаа ялгаран оршино. Дээд хэсгийн элс, доод хэсгийн элсний аль нь их хэмжээтэй байгааг мэдэх боломжгүй. Амьдралын туршлагаар таамаглах л боломжтой. Тааж чадсан ч энэ асуудлын гол нь биш.
Одоо цаг элсэн цагны хамгийн нарийн хэсэгт тасралтгүй хөдөлгөөнд үргэлжилнэ. Энэ хөдөлгөөн дуусах үед энэ амьдрал төгсгөл болно. Бурхан элсэн цагийг эргүүлэх үед элсний ширхэг бүрт орших үйлийн үр нэгд нэгэнгүй дараагийн амьдралд үйлчлэх нь гарцаагүй. Тэгэхлээр үйлийн үрийг багасгах процесс нь яг одоо цагт буюу элсэн цагны нарийн хэсэгт элсний ширхэг бүрт сонор сэргэг байж чадах оршихуйд л явагдана.
— 2024.08.02 Элсэн цаг бичвэрээс
Номын тэмдэглэлээ Стив Жобсын алдарт илтгэлийн хэсгээс сийрүүлэн оруулаад төгсгөе.
Та нарын цаг хугацаа хязгаартай. Тэгэхээр өөр хэн нэгний амьдралаар амьдарч, цагаа бүү үр. Бусад хүний бодлоос урган гарсан нэгэн хэвийн үзэл баримтлалд битгий баригд. Бусдын бодол санаагаар өөрийн дотоод дуу хоолойг бүү дар. Тэгээд хамгийн чухал нь өөрийн зүрх сэтгэл, хүсэл сонирхлоо дагах зоригтой бай. Үнэн зүрхнээсээ юу хүсч байгааг тэд л хэлж өгөх болно. Түүнээс бусад нь хоёрдогч асуудал.