Амьсгал агаар болохуйд [Пол Каланити]
Уйтгар гэдэг цаг хэрхэн өнгөрөхийг хэт анзаарахыг хэлдэг бол нэг зүйлд хэт анхаарлаа төвлөрүүлснээр цагийн зүү огцом хөдөлсөн мэт санагддаг. Өдөр хоног урт ч, сар жилүүд богинохон. Зохиолч өөрийн эхний бөгөөд сүүлчийн номоо бүрэн дуусгаж амжилгүй уушигны хорт хавдартайгаа өдөр хоногоор тэмцэлдсээр хорвоог орхисон хэдий ч түүний эхнэр номыг нь хэвлүүлээд зогсохгүй түүний амьдралын сүүлийн мөчүүдэд үргэлж хамт байж, хөөрхөн охин төрүүлж өгсөн гээд олон олон гайхамшигтай, гунигтай түүхүүдийг энэхүү номноос уншсандаа туйлын баяртай байна.
Багаасаа маш олон ном уншиж түүнээсээ амьдралын утга учрыг эрэн хайх цуцашгүй их оролдлогын хажуугаар уншсан номнуудаасаа ертөнцийг үзэх үзэл нь бүрэлдэн тогтож ирсэн гэмээр. Багадаа арай илүү шүтлэгтэй байсан бол жинхэнээсээ номлогч болох байсан биз гэж хүртэл өөрөөрөө хошигноно. Түүний аав нь Америк христ шүтлэгтэй бол, ээж нь Энэтхэг хинду шашинтай бөгөөд тэдний гэрлэлтийг хоёр гэр бүл нь хүлээн зөвшөөрч байгаагүй хэдий ч тэд 3 хүүхэдтэй, Пол ах дүүсийн дундах болон түүний өсвөр нас Аризонагийн элсэн цөлийн жижигхэн тосгонд өнгөрчээ. Түүнд утга зохиолоор явах уу, тархи судлалаар мэргэшсэн эмч болох уу гэсэн сонголт тулгарсан бөгөөд тэрээр эцэст нь тархины мэс засалч болдог.
“Та хэзээ ч төгс төгөлдөр болж чадахгүй, гэхдээ зогсолтгүй хичээх юм бол үүнд дөхөж чадна.”
— Полын хамгийн хэлэх дуртай үг
Тэрээр өөрөө өөрөөсөө тархины мэс засалд дурлах болсон шалтгаанаа тодруулахад: “Эмчээс төгс төгөлдөр байхыг шаарддаг нь яг л Грекчүүдийн тодорхойлсноор мэргэн ухаан нь ёс суртахуун, сэтгэл хөдлөл, оюун санаа, бие махбодын төгс төгөлдрийг шаарддаг шиг. Тархины мэс засал утга учир, мөн чанар, үхэлтэй хамгийн шулуун, хамгийн хүч чадал сорьсон уялдааг бий болгодог мэт санагдана.” хэмээжээ.
“Үргэлж зүүн гараараа хоолоо идэж бай. Хоёр гараа зэрэг ашиглаж сурах хэрэгтэй.”
— Түүний дадлага хийж байсан эмнэлгийн дарга
Нэгэн удаа Полын ёс суртахууны амьд биелэл, үлгэр дуурайл гэж бодож явсан хүн нь хорт хавдартай гэдгээ мэдээд түүнээс: “- Пол, миний амьдралд утга учир гэх зүйл байна уу? Би ер нь зөв сонголтууд хийж байсан болов уу?” гэж асуусан нь мэл гайхахад хүргэжээ.
Зохиолчийн үхэлтэйгээ эцсийн мөч хүртлээ хэрхэн тэмцэж, хүлээн зөвшөөрч байсан тухай номыг бүтнээр нь уншихгүй л бол тайлбарлах аргагүй. Мөн түүний үзэл бодол, философи, мэдлэгийн цар хүрээг илтгэх хэсэг 174–178 хуудсын хооронд бичигджээ. Энэ хэсэгт гэр бүлийхэнтэйгээ христийн сүмд орж суух үедээ эргэцүүлсэн бодлуудаа тэмдэглэн үлдээжээ.
Полын хувьд өөрийн хүссэн мэргэжлийнхээ оргилд нь хүрч, цааш бүх карьер нь ногоон гэрлээр харагдаж байсан авч төлөвлөгөөнд байхгүй зүйл гарч ирсэн нь хорт хавдар. Тэр дундаа өөрийнх нь өдөр тутам хийдэг эмч — өвчтөний харилцааг орвонгоор нь эргүүлж, өвчтөн — эмчийн байран дээр аваачих үед ямар их эсэргүүцэл, дотоод тэмцэл, хүлээн зөвшөөрөлт явагдаж байгааг, цаашлаад хүмүүсийн харилцаа хэрхэн өөрчлөгддөг болохыг түүний бичилтүүдээс маш тодорхой харж болохоор. Бидний амьдрах хугацаа хэр үлдсэнийг мэдэх боломжгүй хэдий боловч хором мөч бүрээ үнэ цэнэтэй өнгөрүүлж чадсанаар тэрхүү амьдралын утга учир нь хэмжигддэг бололтой.
Уншигч миний зүгээс 9/10 оноог өгч байна. Бас заавал уншаарай.