Балиар өөдрөг |Vol 1| Амьдралын түлш [Oko D]

Erdem Nomt
3 min readApr 5, 2023

--

Даваасүрэнгийн Бат-Октябрь буюу бидний хэлж дадсанаар Oko D маань өөрийн анхны номыг хэвлүүлээд урьдчилсан захиалгаар өнөөдөр номоо хүлээн авч суурин дээр нь уншаад тэмдэглэлээ оруулж байна. Номын урьдчилсан захиалгад дагалдсан бонусууд надад тун их таалагдаж эхэллээ. Яг л энэ номонд бичсэнээр … бусдыг удирдах хэцүү ч, дагаж сурах илүү хэцүү … гэдгийн үлгэрээр дагаж суралцахдаа муухан надад зориулсан 100 өдрийн хөтөлбөр мөн балиар өөдрөгчүүдийн хотолд нэгдэх зэрэг олон олон боломжууд нээгдэж байгаан байна.

Номын дотор талд “Балиар өөдрөг” гэсэн наалт байхаар нь нөүтбүүкээ чимэглэв :D

2018 онд түүний удирдсан бүтэн өдрийн сургалтанд сууж нүд чих онгойх шиг болж байснаа эргэн саналаа. Миний хувьд яалт ч үгүй тэр ганц өдрийн сургалт хайрцагнаасаа гарахад маш том түлхэц болсон. Энэ удаагийн номын тэмдэглэлээ асуултанд хариулах маягаар бичиж үзэхээр шийдлээ.

Та хамгийн сүүлд ямар үйлдлийг юугаар наймаалцсан бэ? Өдөр бүр хийж буй үйлдэлдээ эзэн байхын чухлыг мэддэг хэрнээ нэг л мэдэхэд мартчихдаг тал бий. Яг одоо л гэхэд шөнийн нойр маш чухал гэдгийг мэдсээр байж ном уншаад, тэмдэглэл хөтлөөд сууж байдаг!!!

“Хөдөлмөрлөж байх үед хүрэх газар мөрөөдлөөр хязгаарлагдана.”

Та өөрийгөө шахахдаа, зорилго тавихдаа эсвэл хурдтай явж буй эсэхээ тодорхойлохдоо хэнтэй харьцуулдаг вэ? Санаа зовмоор ч гэсэн энэ жил өөртөө нэг зорилго тавьсан тухайгаа энд бичихээр шийдлээ. Зорилгоо тодорхойлох, түүнд тэмүүлэх хурд, харьцуулалтын талаар яригдаж байгаа болохоор бичиж байгаа болно. Tugo116-ын нэг ярилцлагыг сонсож байтал тэрээр: “Захирлууд жилд 52 ном уншдаг бол би 100 ном уншина.” гэсэн утгатай юм ярьдаг. Гэтэл миний тархинд нэг эсэргүү бодол урган орж ирсэн нь: “Захирлууд жилд 52 ном уншдаг, гэтэл Төөгөө 100 ном уншина гэнэ, тэгвэл би яагаад 150 ном уншиж болохгүй гэж”. Хамгийн гол нь энэ зорилгодоо одоогоор хүрэх эсэхийг мэдэхгүй ч энэ төлөвлөгөө надад үнэхээр галзуу бас гоё санагдаж эхэлж байгаа. Энэхүү ном он гарснаас хойш миний уншиж байгаа 23 дахь ном байхаа :)

“Өчигдрийн ухаалаг би дэлхийг өөрчлөхийг хүсэж байсан бол өнөөдрийн мэргэн би өөрийгөө өөрчлөх хэрэгтэйг ойлгосон.”

Амьдралд санаснаар (төлөвлөснөөр) яг таг үргэлжлэх боломжгүй. Төлөвлөгдөөгүй асуудал, ажил байнга л гарч байдаг. Мэдээж заримдаа энэ бүхэн тухгүйдүүлж, санаа зовоох, стрессийг бий болгодог. Ийм байдалд бэлтгэлтэй байж, тайван, эелдгээр хандахад “тунгаан бодох уу, түргэн шийдэх үү” номноос гарц гаргалгаа байгааг олж анзаарсан.

УНТАХ — ДАСГАЛ ХИЙХ — ХООЛ ХҮНС, УС УУХ — АЯЛЖ ЗУГААЛАХ — БЯСАЛГАЛ ХИЙХ

Амьдрал тун дажгүй шүү. Ёстой л баялаг гэдэг шиг. Харин ойрд удаашралтай, нэг зүйл хүлээсэн байдалтай байгаа маань өөрт зовиуртай мэдрэгдэх болсон. Энэ номыг уншиж дуусгаад юунд ч санаа зоволгүйгээр илжиртлээ унтаж байгаад яг бодсон байгаа зүйлсээ аз жаргалтайгаар бага багаар, жижиг хэсгүүдэд хуваан, ажиллаж эхэлнэ дээ. Гэр бүлийн хүнтэйгээ ярилцахаас эхэлж болно.

АМЬСГАЛАХ — БОДОХ — АЖИЛЛАХ — СУРАЛЦАХ

Миний хувьд хуучин байсан муу таван зуршлаас салж чадсан. Гэвч эсрэгээрээ шинэ зуршил өөртөө бий болгох нь түүнээс хэцүү санагдах боллоо. Ном уншдаг зуршил бий болгохоор ажиллаж байгаа ч төдийлөн санаснаар болохгүй байгаа. Гэхдээ ирэх жилийн өдийд үүний учрыг олсон байна гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Миний хувьд зорилгоо тодорхойлох, тэр дундаа шинээр бичиж болох ирээдүйгээ бичихдээ арай залхуу хойрго байна уу даа. Хэт өнгөрсөндөө зууралдаад байна уу даа гэсэн дүгнэлтийн өнцөг харагдлаа. Тийм ч болоод дээр бичсэнчлэн хуучин зуршил дээр ажиллахдаа сурцтай боловч шинэ дадал зуршил дээр хойрго байгаа нь үүнтэй холбоотой байж мэдэх юм.

Хариуцлага буюу том хүн, хүүхэд хоёрын ялгаа нь жижиг зүйлсээс л анзаарагддаг. Гэрийн даалгавар, бие даалт, найзтайгаа уулзахаар товлосон цаг, хэн нэгэнд мессенжерээр явуулна гэж амласан зураг гэх мэт биелүүлж сурахаас эхэлнэ. Зөвхөн том зүйлс эсвэл чухал хүмүүстэй л хариуцлагатай хандах биш, жижиг зүйлс ч ялгаагүй маш чухал. Мөн нэг чухал чадвар нь сэтгэл хөдлөлөө таньж, ажиглаж, удирдаж чаддаг байх хэрэгтэй.

МАНГАР ИХИЙГ БҮТЭЭ

Амьдралаа бүрэн гүйцэд мэдэрч, тухайн мөчдөө оршиж, оролцох бол аз жаргал юм. Гэвч ихэнх аз жаргалын бүтэлгүйтэл нь өөрийн амьдралдаа эзэн биш, ямар нэгэн төлөвлөгөөгүй байснаас бусдын төлөвлөгөөгөөр амьдарч буйг хэлнэ. Муухайгаар хэлбэл утсан хүүхэлдэй адил.

Хаана баймаар байна, юу хиймээр байна гэдгээ зорилго мөрөөдөлтэйгөө хамт тодорхойлоод, түүндээ хүрэхэд яах хэрэгтэйгээ тодорхойлоод, өөртөө үнэнч байж, өөрчилж эхэл гэсэн байна. Өөрөөр хэлбэл надад зориулаад үйлдэл хий гэж сануулжээ.

Ухаарал = Үйлдэл + Сахилга бат + Давталт

Хүүхдүүд бидний үйл хөдлөл бүхнийг ямарч ухамсаргүйгээр даган дуурайж, суралцахыг хараад бид ч бас хэн нэгнийг ухамсартай болон ухамсаргүйгээр даган дуурайдаг байх нь гэсэн бодол төрнө. Хэрэв тийм бол бидний үлгэр дуурайл болох хүн маань хэн байхыг бид өөрсдөө зөв сонгох хэрэгтэй. Уншигч миний хувьд эргэлзээгүйгээр Oko D бичлэг зөвлөмжүүдийг үздэг хүний хувьд номд 9.9/10 оноог өгч байна.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet