Би энгийн амьдралыг сонгосон [Фумио Сасаки]
Зохиолч маань бусдын л адил өөрийн гэсэн ажилтай, их дээд сургууль дүүргэсэн, гэрээрээ дүүрэн ном, cd/dvd, хуучин хальсны зургийн аппаратууд гэх мэт эд зүйлсэд дарагдсан нэгэн байж. Энэ бүх цуглуулга нь өөрийг нь илэрхийлнэ хэмээн боддог байсан ч харамсалтай нь ихэнх номыг нь бүтэн уншиж байгаагүй, зургийн аппаратуудаар бараг зураг дарж байгаагүй гэдгээ тэмдэглэн үлдээжээ.
Бусадтай өөрийгөө харьцуулж, гаднаа хэвийн мэт жүжиглэвч дотроо аль хэдийн хэн ч биш болж байгаагаа өдөр бүр мэдэрч, цаашлаад хатуу юм ууж, видео тоглоомонд донтож, жин ихээр нэмэх болсон тухайгаа номын эхний хэсэгт дурссан байна. Минималист болох шийдвэр гаргаж хэрэгжүүлж эхэлснээр түүний амьдралд гарсан огцом өөрчлөлтүүд болон аз жаргалын талаарх томьёолол (50% удамшлаас, 10% үйл явдал, нөхцөл байдлаас, үлдсэн 40% бидний үйлдлээс) нь үнэхээр их таалагдлаа.
Товчхондоо аз жаргал нь нөхцлийг гүйцэлдүүлснээр бий болдог зүйл бус зөвхөн одоо энэ агшинд мэдрэх зүйл аж. Өөрт байгаа бараг бүх зүйлсээ хаяснаар эд зүйлд гаргах цаг үгүй болж, өөртөө гаргах цаг ихээр бий болжээ. Минималист хүмүүс Стив Жобс ба түүний apple компаний бүтээгдэхүүнийг дурсахгүй байна гэж үгүй. Цаашлаад бясалгал, Зэн, йог гээд л салшгүй хэдэн ойлголтуудыг эндээс мэдэрч болно.
ЭД ЗҮЙЛЭЭ ХАЯХ НЬ ГАРЗ БАЙЖ БОЛОХ Ч, ЭД ЗҮЙЛЭЭС БОЛЖ ШАНАЛЖ БУЙ СЭТГЭЛ Л ХАМГИЙН ТОМ ГАРЗ.
Номын зохиолч маань ганц бие залуу бөгөөд минималист хэв маяг нь ганц бие хүмүүст их зохицох мэт та бодож байж болох юм. Гэхдээ бас тийм биш гэдгийг номын эхний хэсэгтээ зохиолч маань зориудаар зураг болгон хавсаргасан. Минималист хос, минималист гэр бүл, дэлхийгээр аялагч минималист гэх мэтээр ганц бие хүмүүст ганцхан зориулсан ойлголт биш болохыг баталсан. Технологийн хөгжил нь минималистуудад зарим талаараа давуу талыг олгож байгаа хэдий ч ихэнх талаараа хэрэггүй хог болж байгааг бас л бодууштай санагдлаа.
ХАЯХ ХҮСЭЛ, АВАХ ХҮСЭЛ ГЭДЭГ НЬ ЗООСНЫ ХОЁР ТАЛТАЙ АДИЛ.
Тиймээс энэ бүхний тэнцвэрийг хэрхэн олох талаар энэ ном надад маш их түлхэц өглөө. Эцэст нь хэлэхэд минимализм бол хувь хүн өөртөө хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйлээ таньж, олж авах арга юм. Номыг уншиж эхэлсэн эхний өдрөө л шууд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тавиур дээрээ байсан 106 хуудас материал цэгцэлж устгав. Цаашдаа ч маш олон хэрэггүй гэж бодсон зүйлсээс татгалзах болох нь. Энэ гайхалтай номыг уншихыг санал болгосонд талархаад барашгүй нь.