Бүтээлч, INC. [Эд Катмул]
Өмнөх номын тэмдэглэл дээр хэлсэнчлэн энэ удаа бас Mplus дээрээс дахин ном уншиж үзлээ. Бүтээлч, INC. их удаан уншигдсан ном боллоо. Уг номыг ойлгохын тулд Pixar студийн Toy Story хүүхэлдэйн киноны 4 ангийг тэр чигт нь Univision кино сангаас авч үзэв. Зохиолч маань Стив Жобстой 26 жил нөхөрлөсөн тухайгаа номд хэдэнтээ дурдаж, түүнийг дурсан бүтэн бүлэг хүртэл бичсэн байна.
Товчхондоо хэлэхэд тун гайхалтай ном. Зохиолч маш сонин өнцгөөс юмсыг олж хардаг байдал нь уг номд нэвт шингэж чаджээ. Пиксарын амжилтын гэхээсээ илүү алдаанууд дээр гярхай ажиглалт хийж, 40 гаруй жилийнхээ туршлага дээр уг номыг бичсэн нь “Ажилла, ажилла, бас дахин ажилла, түүхий зохиолынхоо зангилааг, хоосон дүрийнхээ мөн чанарыг олох хүртэл ажилла.” хэмээх пиксарын зарчимтай яв цав нийцэв үү гэлтэй. Зохиолч маань Випашяна маягийн дуугүй 7 хоногийн бясалгалд явдаг талаарх хэсэг нь тун их сонирхол татлаа. Буддизмын талаар тэр дундаа зэн буддизмын талаар хэд хэдэн удаа номонд иш татсан нь тохиолдол биш аж. Түүний хамтрагч Стив Жобс мөн Японы Зэн урсгалыг шимтэн сонирходог байсан. Номноос өөрт хэрэгтэй гэж бодсон хэсгүүдээ managing, team, INC (pixar), mindset shift гэсэн 4 хэсэгт хуваан тэмдэглэлдээ орууллаа.
MANAGING
Менежерүүдийн хийх ажил нь хүмүүс өсөж хөгжих боломжтой орчинг бүрдүүлж, түүнийгээ урт хугацаанд хадгалах, муутгаж, сулруулж болзошгүй зүйлсийг ажиглаж байх явдал аж. Менежерүүд хяналтыг чангаруулах биш, харин сулруулах хэрэгтэй.
АЛБАН ТУШААЛААС ҮЛ ХАМААРАХ ЧӨЛӨӨТ ХАРИЛЦАА БОЛ ТҮЛХҮҮР ЗАРЧИМ.
Пиксарын үзэл санааны суурь
Үнэнч зан, төгс төгөлдөр рүү тэмүүлэх байдал, харилцаа холбоо, өвөрмөц чанар, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэргийн ач холбогдлыг эрхэмлэж, хичнээн хэцүү байсан ч эдгээр чанарыг мөрдлөг болгодог бат бөх, бүтээлч соёлыг бий болгох аргыг боловсруулах нь жинхэнэ менежерийн үүрэг гэж хэлж болохоор. Өсөлттэй компаниудад байдаг, ихэнхдээ бидэнд анзаарагддаггүй саад тотгорууд буюу бүтээлч сэтгэлгээний хязгаарлагчуудыг олж тогтоох нь энэ номыг бичих болсон шалтгаан юм.
Хэрэв та ил харагдахгүй байгаа зүйлийг олж харж, түүний мөн чанарыг ойлгохоор хичээдэггүй бол танд манлайлагч болох бэлтгэл дутуу байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрсдэлээс сэргийлэх нь менежерийн хийх ёстой зүйл биш, харин хүмүүсийг эрсдэл хүлээхдээ айдасгүй болгох нь түүний үүрэг.
TEAM
Шинжээчдийн багийг зөвхөн пиксар шиг кино бүтээхэд бүрдүүлэхгүй, бүх салбарт ийм баг бүрдүүлэн шинэ бүтээгдэхүүн, төсөл хөгжүүлэлтийг дэмжсэн хурдасгуур ашиглаж болно.
Стив Жобс Apple-д бүтээгдэхүүн бүрийнхээ нарийн жижиг зүйлсэд ч гүн гүнзгий оролцоотой байдаг байсан бол Пиксарт энэ нь эсрэгээрээ юм. Учир нь түүнийг шинжээчдийн багийн хуралд суулгахгүй байх тохиролцоо хийжээ. Учир нь тэд Стив Жобсыг байвал ажилчид өөрөөрөө байж чадахгүй гэж үзсэн байна.
ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙГААГАА МЭДСЭН ЦАГТ Л САЯ СУРАЛЦАХ БОЛОМЖ ГАРЧ ИРНЭ.
Алдаа бол бүтээмжийн нэг хэсэг. Өөрөөр хэлбэл алдаа бол танин мэдэж, суралцаж байгаагийн илрэл юм. Итгэл бол хэн нэгнийг хариуцлага алдаж будилахгүй гэдэгт нь итгэхийн нэр биш бөгөөд харин түүнийг хариуцлага алдаж, бүтэлгүйтсэн ч итгэсээр байхыг хэлнэ.
INC (Pixel + Radar = Pixar)
Бүтээлч компанийг бий болгохын тулд та бүтэлгүйтэж ч болзошгүй зүйлийг заавал эхлүүлэх хэрэгтэй.
Авъяас чадвартай хүмүүсийг тодорхой зорилготой болгосон байхад аяндаа үүсдэг таталцал, түлхэлцлийн хууль буюу өөр хоорондоо харилцах байдал нь бидний хүсээд байгаа өгөөжийг бий болгодог. Гэхдээ, зөвхөн тэнцвэрийг хангах нь компанийн гол зорилго юм гэдгийг тэд ойлгосон нөхцөлд юм шүү.
Хувийн ашиг сонирхол бол өөрчлөлтийн эсрэг зүгт түлхдэг зүйл. Өөрийгөө хангалттай сайн таньж чадаагүй бол байдлыг бүр ч хурцатгана. Та нэгэнт ямар нэг тогтолцоонд мэргэшиж, гаршсан бол түүний өө сэвийн өмнө харалган болох нь түгээмэл. Доголдлыг олж харсан байсан ч өөрчлөнө гэж бодоход хэцүү, дэндүү ээдрээтэй санагддаг. Гэвч харалган хэвээр үлдэх нь маш том эрсдэлд түлхэнэ гэсэн үг.
MINDSET SHIFT
Өөрчлөлт (бүтээлч сэтгэлгээ) бол зайлшгүй зүйл гэдгийг эртхэн хүлээн зөвшөөрч, нээлттэй байснаар өөрчлөлтийн эзэн нь болох уу? Эсвэл өөрчлөлтөөс өөрийгөө хамгаалж, түүнийг зогсоохыг хичээж, өнгөрсөн алдаагаа давтсаар байх уу?
Бидний тархи санамсаргүй зүйлсийг хүлээж авахад зориулагдаагүйд гол бэрхшээл байдаг. Харин хүний зан төлөв санамсаргүй, урьдчилан таамаглахын аргагүй байдаг.
Хүний харж байгаа гэж бодож байгаа зүйлийн ердөө 40%-ийг нь л бид жинхэнээсээ нүдээрээ харж байдаг. Үлдсэн хэсэг нь бидний өнгөрсөн хугацаанд олж аваад, тархинд хадгалагдсан ой санамжин дахь загвараас бий болдог байна.
ЖИНХЭНЭ БҮТЭЭЛ ДОТООД СЭТГЭЛЭЭ ХЭРХЭН ИЛЭРХИЙЛЖ ГАРГАЖ БАЙГААГААС БИШ, ХАРИН ХАРААЛ ИДСЭН ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛСЭЭС ХЭРХЭН САЛЖ ЧАДСАНААС Л ХАМААРДАГ.
Ая зохиогч Филип Глас
Бидний оюун санаан дахь төсөөллийн загвар бидэнд тусалж, биднийг хүчирхэгжүүлж байдгаар зогсохгүй, үл мэдэх зүйлийг жолоодох толгой эргэм, хүнд ажлыг хийх боломжтой болгодог.
“Хүмүүс хэтэрхий тайван байгаад байх шиг заримдаа надад санагддаг. Тэд сэтгэл хөөрлийн байдалд байх ёстой юм. Асар их тэмүүлэлтэй, боломжийг гартаа атгахаар яардаг тийм л байх ёстой юм.”
Жон Лассетер
Цаг агаарыг хүлээн зөвшөөрдөг шиг, бид тодорхойгүй байдлыг хүлээн авах ёстой. Тодорхойгүй байдал, өөрчлөлт хоёр бол амьдралын салшгүй зүйлс, бүр зугаатай хэсэг нь юм. Өөрөөр хэлбэл бүх зүйл нь тодорхой амар хялбар байдал руу биш, харин төгс төгөлдөр байдал руу зорьж тэмүүлэх хэрэгтэй.