Ганц зүйл [Гари Келлер, Жей Папасан]
The One Thing буюу Ганц зүйл гэх номд тун энгийн байдлаар хүн өөрийн ганц зүйлээ хэрхэн олж таних талаар бичжээ. Юмыг бага багаар нь хийж эхэлснээр та заавал хийх ёстой ганцхан зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болдог. Үүнийг л юмыг бага, багаар нь хийх гэж хэлээд байгаа юм. Амжилтад хүрэхийн тулд нэг дор бүгдийг хийх биш харин ажил хийх нарийвчилсан эрэмбэ шаардлагатай байдаг. Шугаман прогрессоор эхэлсэн ажил тань яваандаа геометр прогресс болж өсөх ёстой. Хамгийн гол нь цаг хугацаа! Өнөөгийн амжилт урьдын амжилт дээр, ирээдүйн амжилт өнөөдрийн амжилт дээр суурилдаг юм. Өөр ажил барьж авахаас өмнө эхэлсэн ажлаа заавал дуусгаж байх! тухай хэлжээ.
Өмнөх уншсан номд (Built to sell) Алекс Тедийн тусламжтай лого бүтээх ганц бүтээгдэхүүн үйлчилгээгээ олж, хөгжүүлж чадсанаар хэрхэн амжилтанд хүрч байгааг бичсэн байдаг. Хурандаа Сандерс тахиагаар хоол хийх ганцхан нууц жортойгоор өнөөгийн KFC сүлжээг бий болгосон гэх мэт ганц зүйлээ олж аваад амжилтанд хүрсэн олон арван жишээ дурдаж болно. Мөн хүн хэзээ ч бусдын тусламжгүйгээр өөдрөг явж чаддаггүй юм. Хүн бүрд үлгэр жишээ болсон хүн, эсвэл тэднийг амжилтад хүрэх замд нь хөтөлж, зааж сургасан хүн байдаг аж.
“Бид мэддэггүйгээсээ болж алдаа гаргадаггүй, харин мэддэг гэж бодож байсан зүйлээсээ болж алдаа гаргадаг.”
Марк Твейн
Олон үйлдэл (multitasking) зэрэг хийнэ гэдэг нь худал хуурмаг ойлголт юм. Үүнийг алдарт яруу найрагч Билли Коллинс “Бид нар үүнийг олон үйлдэл зэрэг хийх гэж нэрлээд байгаа юм. Үнэхээр л нэг зэрэг олон ажил амжуулж буй мэт харагдана… Гэхдээ, Буддын шашинд үүнийг сармагчны араншин гэдэг юм.” хэмээн туйлын оновчтой тайлбарласан байдаг юм.
Нэг ажлыг дуусгалгүй орхиж өөр ажил хийх нь цаг хугацааны хувьд тун их гарзтай. Та нэг зэрэг хоёр зүйл хийж чадах боловч хэзээ ч нэг зэрэг хоёр зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Олон үйлдэл хийх нь донтуулах чанартай ч байж болзошгүй. Учир нь нэг зэрэг олон мэдээллийн хэрэгсэл ашиглах үед нэг мэдээллийн хэрэгслээс нөгөө рүү шилжих бүрд хүний тархинд допамин хэмээх бодис ялгардаг бөгөөд энэ бодис донтуулах шинж чанартай байдаг аж.
Жолоо барьж явах үедээ хэн нэгэнтэй гар утсаар жирийн сэдвээр ярилцахад ч гэсэн таны анхаарал төвлөрөлт 40 хувиар сарнидаг. Хамгийн аймшигтай нь жолоо барихдаа утсаар ярих нь согтуугаар жолоо барихаас хамаагүй аюултай байдаг гэнэ.
Майкл Фелпс 14 настайгаасаа долоон хоногт долоон өдөр бэлтгэл хийдэг байв. Тэрээр бүтэн сайн өдөр бэлтгэл хийгээд байвал өрсөлдөгч нараасаа жилд 52 өдрөөр илүү бэлтгэл хийнэ гэж тооцжээ. Фелпс өдөрт бараг 6 цагийг усанд өнгөрүүлдэг байв. “Өөрийн эрч хүчийг нэг зүйлд төвлөрүүлэх нь түүний давуу талуудын нэг” хэмээн Баумен хэлсэн байдаг. Фелпс бүх эрч хүчээ ганцхан зүйлд зориулж, өдөр бүр усанд сэлэх дасгал хийх нь түүнд дадал зуршил болон тогтжээ. Сонирхолтой нь Фелпсийг цэцэрлэгт байхад нь АДХХ (Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг) гэсэн онош тавьж ээжид нь анхааруулж байжээ.
Шинэ дадал зуршлыг өөрийн болгоход дунджаар 66 өдөр шаардагддаг. Тархиа хэр их ажиллуулна тэр хэмжээгээр бидний сэтгэн бодох чадвар буурч байдаг ажээ. Сэтгэлийн хат гэдэг яг л өдөржингөө биеийн хүчний ажил хийсэн хүнтэй адил ядарч сульдан, эрч хүчээ дахин нөхөж авахын тулд амрах шаардлагатай байдаг. Ганц зүйлээ сэтгэлийн хат тань дуусахаас өмнө өглөө эртхэн хийж бай.
Сайхан амьдрахад амьдралын зорилго, утга учир, үнэ цэнэ чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хамгийн чухал зүйлдээ цаг гаргахыг хэлэх бөгөөд энэ нь үнэндээ ажил, амьдралаа зохистой байдлаар зохицуулах, тэнцвэржүүлэх оролдлого юм. Бас нөгөө талаас нэг зүйлд цаг зав, анхаарлаа төвлөрүүлж нөгөөдхөөс нь анхаарлаа холдуулна гэсэн үг. Ийм л учраас ажил амьдралаа хамтад нь нэг зэрэг зохицуулах боломж байхгүй байгаа юм. Эрэмбэлсэн жагсаалтынхаа дагуу ажиллах үедээ нэг зүйлд төвлөрөх шаардлагатай тул тэнцвэрт байдал алдагдах нь зайлшгүй. Гэсэн хэдий ч ажиллах үедээ ажиллаж, амрах үедээ амарч бай. Аз жаргалтай амьдралын үндэс нь дахин тэнцвэржүүлэлт юм.
Би амжилтад хэрхэн хүрэх тухай түмэн янзын худал сургаалд олон жил хууртсан. Амжилт гэдэг нь өөрийнхөөрөө байж, өөрийн амьдралын цаг мөч бүрт хангалуун байхыг хэлдэг аж.
Скотт Форсталл өөрийн багийг бүрдүүлэхдээ компанийхаа хамгийн сайн шилдэг ур чадвартай, мэдлэгтэй гэсэн хүмүүсийг цуглуулан “Энэхүү маш нууц төслийг хэрэгжүүлэх явцад бид гаргасан алдаанаасаа суралцаж, учирсан бэрхшээлийг давахын тулд уйгагүй хөдөлмөрлөх шаардлагатай боловч хожим нь насан туршдаа дурсаж явах бүтээгдэхүүн бүтээх болно.” гэж анхааруулсан байна. Тэгээд энэхүү хачирхалтай саналыг шууд хүлээн авсан хүмүүсээс л багаа бүрдүүлжээ. Форсталл томоор сэтгэж чаддаг хүмүүсээр багаа бүрдүүлж чадсанаа Двекийн номыг уншсаныхаа дараа ойлгосон хэмээжээ. Та Форсталлыг сайн танихгүй байж болно гэхдээ түүний багийн бүтээсэн бүтээгдэхүүнийг хүн болгон мэднэ. Форсталл Apple компаний ахлах дэд захирал байсан бөгөөд түүний байгуулсан баг iPhone-ийг бүтээсэн юм.
Оновчтой асуулт зөв хариулт олох замыг зааж өгдөг.
Жижиг ба нарийвчилсан: “Энэ жил өөрийн илүүдэл жингээс яаж 5кг хасах вэ?” энэ асуулт таны зорилтыг тодорхойлох боловч үнэндээ үүнд нэг их ач холбогдол өгөх шаардлагагүй. Ихэнх хүмүүсийн жин ойролцоогоор 1–3 кг хооронд хэлбэлзэж байдаг бөгөөд зарим масс ихтэй хүмүүс хичээвэл 3 хоногт (түүнээс ч бага хугацаанд) ч энэ жинг хасаж чаддаг. Иймэрхүү бага хэмжээний зорилтод хүрэхийн тулд онцгой алхам хийх шаардлагагүй тул гайхалтай амжилтад хүргэдэггүй билээ.
Жижиг ба өргөн хүрээтэй: “Өөрийн илүүдэл жингээ хэрхэн хасах вэ?” энэ асуулт нь ямар нэг амжилтад хүргэх асуулт огт биш. Товчхондоо маш ерөнхий байдаг л асуулт юм. Асуулт маань илүү нарийн тод байх шаардлагатай.
Том ба өргөн хүрээтэй: “Өөрийн илүүдэл жингээс 20кг-ыг хэрхэн хасах вэ?” Энэ нь том асуулт боловч тодорхой зүйл огт алга. Гэхдээ энэ бол сайн эхлэл. Гэсэн хэдий ч тодорхой хугацаа байхгүй учраас шил дарсан олон асуултыг өөртөө дагуулах болно. Тавьсан зорилтдоо хүрэх олон арга байгаа учраас хугацаанаас хамаарч хэрэгжүүлэх аргачлалууд яригдаж эхэлнэ.
Том ба нарийвчилсан: “5 сарын дотор өөрийн илүүдэл жингээс 20кг-ыг хэрхэн хасах вэ?” та одоо зөв асуулт асуулаа. Асуулт том бөгөөд тодорхой болсон байна. 20кг жин хасах зорилт тавьсан нь тийм ч амар зүйл биш. Түүнчлэн таван сарын дотор үүнийг биелүүлэх нь ихээхэн хичээл зүтгэл шаардах болно. Одоо танд том хариулт хэрэгтэй.
Өөрийн гэсэн хариултаа олж авахад тань тус болох хамгийн шилдэг мэдээлэл бол бусдын хийсэн судалгаа, тэдний мэдлэг, туршлага юм шүү.
Зорилго бол таны их ганц зүйл, харин тэр зорилгодоо хүрэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний эрэмбэ (аль нь хамгийн чухал эсэх) таны бага ганц зүйл болох юм. Бүтээмж ихтэй хүмүүс бүхнийг зорилгоос эхлүүлж түүнийгээ “зам заах луужин” болгон ашигладаг.
Америкийн Сэтгэл Зүйн Холбооны ерөнхийлөгч асан Доктор Мартин Селигманы хэлснээр биднийг аз жаргалтай болгодог таван хүчин зүйл байдаг. Тэдгээр нь эерэг сэтгэл хөдлөл, баяр баясгалан, амжилт, ажил болон юмсын утга учир ажээ.
Гал ноцоохын тулд томруулдаг шил ашиглан нарны туяаг нэг цэгт төвлөрүүлэх хэрэгтэй байдгийн адилаар өмнөх ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүл. Өөртөө цаг товлож түүнийгээ чанд мөрд.
Бүтээмжээс хумслах дөрвөн хулгайч
- Бусдад ҮГҮЙ гэж хэлж чадахгүй байх
- Хаос буюу учир нь үл олдох зүйлээс эмээх
- Эрүүл бус амьдралын хэв маяг
- Хүрээлэн буй орчин
Эцэст нь хэлэхэд та энэ тэмдэглэлийг уншиж байгаа бол яг одоо нүдээ аниад өөрийн хүрэхийг хүссэн амжилтын оргилдоо өөрийгөө хүрсэн байгаагаар дотроо төсөөлөн бод. Дараагаар нь таны бодсоноос 2 дахин илүү амжилтанд хүрсэн байгаагаар дахин нэг төсөөлөн бод!!!
ЗА ЯМАР МЭДРЭМЖ ТӨРЖ БАЙНА ЯГ ОДОО ЭХЛЭХ ҮҮ -> Let’s go www.the1thing.com