Гэрийн хичээл №6
Номт, Түшигт 2 өнөөдрөөс цэцэрлэгт явж эхэллээ. 4 настай Түшигт ах уйлахгүй өөрөө ангидаа гүйгээд л орчихлоо. 2 настай Номт маань харин орохгүй гээд багш нь тэврээд уйлаад л үлдлээ. Цэцэрлэгт явахын өмнөх нэг сард нь Номтыг Little kickers хөтөлбөрт хамруулсан юм. Энэ хөтөлбөр хүүхдэд үнэхээр хэрэгтэй. Хүүхэд гэхээсээ илүү эцэг эхчүүдэд нь хүүхдүүдээ уйдаахгүй, залхаахгүйгээр сонирхолтой байдлаар хэрхэн юм зааж сургах талаар үлгэрлэн сургах шиг санагдлаа. Нэг удаадаа ердөө 40 минут л үргэлжлэх учраас огт хоцорч болохгүй, бас хэтэрхий эрт ч ирэх хэрэггүй. Учир нь таны хүүхэд яг энэ 40 минутад идэвхтэй байх нь чухал юм. Эхний 2 удаагийн хичээл дээр төдийлөн өөрчлөлт ажиглагдахгүй байсан Номтын хувьд 4 дэх удаагийн хичээл дээрээ бараг бүх дасгал хөдөлгөөнийг маш сайн хийж гүйцэтгэхийг нь хараад маш их хайр, бахархал төрөв. Энэ мэдрэмжийг бусад зүйл дээр ч эцэг эхчүүд мэдрэх боломжтой байж болох юм гэж бодогдсон. Хоёр жилийн өмнө Түшигт ахыг нь 2 настай байхад нь энэ хөтөлбөрт хамруулж байсан.
Олон хүүхэдтэй учраас гээд хүүхэд тус бүртээ цаг зав төдийлөн гаргаж чадахгүй байх нь элбэг. Гэхдээ хүүхэд бүр хувь хүн гэдэг үүднээс авч үзвэл тэдний орон зайг хүндэтгэн, сонирхол болоод үзэл бодлыг нь хүлээн авч сурахыг хичээхээс өөр сонголт үгүй. Үгүй бол бид үр хүүхдүүдээсээ улам л алсран холдох гээд байдаг. Нэгэнт насанд хүрээд том болчихсон үед нь үглэн дуулаад ямар ч нэмэргүйн адилаар одоо л хамт байх богино цаг хугацаагаа нандигнан тэдэндээ зориулах хэрэгтэй гэж бодогдлоо. Яг дэргэд нь хамт байх болон тэдний ертөнц дотор нь хамт байх хоёр тэс ондоо ойлголт юм байна лээ. Товчхондоо бие нь энд ч сэтгэл нь өөр газар гэдэг шиг байж болохгүй гэсэн санаа. Сонсож ойлгохоос илүүтэй, үүн шиг сургалтуудаас мэдэрч ойлгох нь үр дүнтэй юм байна лээ.