Дижитал минимализм [Кэл Ньюпорт]

Erdem Nomt
2 min readApr 25, 2023

--

Өмнө нь минимализмын талаар хэд хэдэн ном уншиж байсан учраас тодорхой ойлголттой болсон төдийгүй энэ удаад дижитал миниманилизм гэсэн нэг томъёо нь илүү анхаарал татлаа. Өнөөгийн бидний амьдралд технологиуд аль хэдийн хэв маяг, соёл болтлоо өргөжиж ноёрхолоо тогтоосон. Технологиудыг бидний суурь инстикт дээр дөрөөлж сэтгэл судлалын үүднээс хөгжүүлсэн. Удирдлага хяналтыг бид өөрсдийн гарт эргэн оруулахын тулд жижиг заль, зөвлөгөө биш харин түүнээс цаашхи өөрсдийн суурь үнэт зүйлийг ашиглах хэрэгтэй. Үүнд туслах философийг дижитал минимализм гэнэ.

Манай номын сан. Энэ удаагийн номын тэмдэглэлээ Sonos app-аас сонсож хийсэн учраас ‘Дижитал минимализм’ номын зургийг оруулсан зураг авалт байсангүй.

Дижитал минимализмд дараах гурван зарчим бий.
1. Эмх замбараагүй байдал зардалтай
2. Ухаалгаар ашиглах нь чухал
3. Зорилготой бол гоё

Уншигч миний хувьд огт интернэтгүй байсан үед хүүхэд насаа өнгөрөөсөн учраас минимализм, тэр дундаа дижитал минимализм гэх ойлголт харьцангуй хөнгөн хүлээн авч болохоор байна. Анх төрснөөсөө эхлээд л интернэттэй холбогдож байгаа XXI зууныханд үүнийг ойлгож хүлээн авахад хүндрэл гарахаар байна. Өөрөөр хэлбэл бодит болон виртуал хоёр ертөнцөд давхар нутагших шаардлага тулгарч байна. Үнэн хэрэгтээ хүний анхдагч хэрэгцээнд энд өгүүлсэн виртуал ертөнц огтхон ч хэрэггүй гэдэг нь тодорхой. Хүн өөрөө нийгмийн амьтан гэсэн тодорхойлолтын дагуу авч үзвэл өөрийгөө огт хэрэгцээгүй зүйлд дэмий цагаа үрж байгааг шууд ухамсартайгаар хүлээн авах чадвартай хүн тун цөөн. Тийм ч учраас энэ төрлийн ном бичигдэх шаардлага үүссэн биз.

Ганцаараа байх нь бүтээлч байдал, шинэ санаа, өөрийгөө ойлгох, бусадтай ойр байхад давуу тал олгодог. Ганцаараа байх гэдгийг бүх технологиос хол, яг өөрөө өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож, өөртэйгөө байх гэдэг утгаар ойлгох нь зөв. Д.Энхбат гуай: “Ойрын ирээдүйд wifi-гүй, сүлжээгүй байгальд байх нь хамгийн дээд тансаглал болон хувирна.” гэсэн утгатай зүйл хэлж байсан санаанд оров.

Өөрт таалагдсан санаануудыг номоос түүвэрлэн хүргэж байна.

  • Анхаарал, цаг зав, хөлс хүч гээд бүх зүйлээ юунд зарцуулж байна вэ (Юу олж авахын тулд юуг золиослож байгаагаа үргэлж тооцоолох)
  • Сошиал хэрэглээгээ хязгаарлаж, гар утаснаасаа тэдгээр app-уудыг устгаж, зөвхөн амралтын өдрөөр тодорхой цагт компютераас нэвтрэн орох зохицуулалт хийж болно.
  • Өдөр бүр аль болох байгалтай ойр тогтмол алхах, ингэж алхахдаа гар утас ашиглахгүй жинхэнээсээ өөртэйгөө байх
  • Дэвтэр, цаас үзэг нийлүүлэн өдрийн тэмдэглэл хөтлөх, өөртөө захиа бичих
  • Интернэт орчноос хэмнэж чадсан цагаа илүү үр бүтээлтэй зүйлд зарцуулахыг хичээхгүй бол ялгаагүй эргээд л урьдын байдалдаа орно. (Ур чадвар шаардсан ажилд суралцах, кроссфит дасгал, ууланд алхах, номын клубын уулзалт, бясалгал)
  • Интернэтээс мэдээлэл авахдаа олон эх сурвалжаас буюу шуурхай мэдээний сайтаас бус харин суурь судалгаа, дүгнэлт сайтай, чанартай эх сурвалжаас авч хэвших нь чухал. Жишээ нь: Монголоос бол jargaldefacto, amaraa’s weekly show зэргийг нэрлэж болох юм.

Эцэст нь уншигч миний дотор байнга бодогдож явдаг асуудлууд номд нэг бус удаа давтагдаж байсныг тэмдэглэхийн сацуу 8/10 оноог өгч байна.

--

--