Дүүрэн жаргалын 10 нууц [Адам Жэксон]

Erdem Nomt
4 min readApr 29, 2023

--

Өдийг хүртэл уншсан олон номоос аз жаргалын талаарх тодорхойлолтыг нэг зовлонгоос нөгөө зовлонд шилжих тэр багахан хэсгийг хүн жаргал гэж эндүүрдэг буюу угтаа жаргал гэж байхгүйг номлосон хэсгээр төсөөлөн бодож ирсэн. Гэтэл энэ ном цоо шинэ санаа биш хэдий ч энэхүү философийг эвдэх мэт жаргалын 10 нууцыг жагсаажээ. Яг л энэ 10 нууц хамтдаа бүрэлдэн байж жинхэнэ аз жаргалыг мэдрэх гэнэ. Аз жаргалыг олж авдаггүй бүтээдэг. Нөхцөл байдлаасаа хамааран хүн бүр аз жаргалаа бүтээж чадна.

Энэ удаад мөн өөрт байгаа 35 хоногийн эрхээ ашиглан Sonos app дээр байгаа номуудаас сонсож тэмдэглэлээ баяжуулж байна.

1. ХАНДЛАГЫН ХҮЧ
Бүх зүйл маш энгийн. Хүний оюун ухаан хүлээн авч чадах хэмжээгээрээ аз жаргалтай байдаг юм. Амьдралд хандах бидний мэдрэмж нөхцөл байдалдаа бус, нөхцөл байдлаас ухаарч байгаа агуулгаар тодорхойлогддог.

Хүндхэн нөхцөл байдалд орсон үедээ өөрөөсөө асуух гурван асуулт:
1. Энэ нөхцөл байдалд юу нь гайхамшигтай вэ? Энд юу нь сайн байж болох вэ?
2. Энэ нөхцөл байдалд одоогоор юу нь төгс бус байна вэ?
3. Энэ үйл явцыг өөрийн хүссэнээр өөрчилж, сэтгэл ханамж авахын тулд би юу хийж чадах вэ?

Уншигч миний одоогийн философитой энэ гурван асуулт яв цав таарч байна. Амьдрал бол мөнхийн өөрчлөлт бөгөөд өөрийн төгс хувилбарт тэмүүлэх тийм өөрчлөлтийн процесс юм. Энэ процесс дунд тэр аз жаргал нь оршиж байж болно.

Жаргалтай байх хамгийн шилдэг хандлага бол талархал юм. Өдөр бүр талархах. Аз жаргал бол сонголт юм.

2. БИЕ МАХБОДЫН ХҮЧ
Дасгал биеийн эрүүл мэндийг хадгалахад хэрэгтэй төдийгүй бас урт хугацаанд оюун ухааны хийгээд сэтгэл санааны сэргэлэн цовоо байдлыг дэмждэг.

“Аз жаргалгүй байхын нэг нууц нь тухайн хүнд аз жаргалтай байгаа эсэхээ бодох чөлөөт цаг байгаа явдал юм.” — Бернард Шоу

Уншигч миний хувьд саяхан нэгэн Доктор, судлаач, сэтгэл засалч, Их эмч хүнтэй хоёр цагийн турш чөлөөтэй ярилцах боломж олдсон бөгөөд тэрээр мөн дасгал хөдөлгөөн тэр дундаа нэг спортод дурлаж хичээллэх хэрэгтэйг надад зөвлөсөн юм.

Биеийн дасгал хийдэггүй хүмүүсийн булчин хатингаршиж, бие суларч, хөдөлгөөний дутагдлаас болж кальци алдах, эрт нас барах эрсдэл нэмэгдэх, төвлөрөлт муудах, хямрах, хэт эмзэглэх хандлагатайгаас гадна түгшүүр, гутрал, мэдрэлийн ядаргаанд илүү өртдөг. Эдгээрийн шалтгаан тун энгийн. Биеийн дасгал хийснээр хүний тархи аз жаргалын дааврууд ялгаруулдаг. Өдөрт хамгийн багадаа 30 минут тогтмол дасгал хийх хэрэгтэй.

Бидний биеийн төрх байдал сэтгэл санаатай шууд холбоотойгоор 2 урсгалтай зам шиг холбогддог.

3. ХОРМЫН ХҮЧ
“Цорын ганц амьдрах ёстой газар бол энд
Цорын ганц амьдрах цаг хугацаа бол одоо”

“Алд алдаар амьдарвал амьдрал хэцүү.
Сөөм сөөмөөр амьдарвал амьдрал амархан.”

4. ӨӨРИЙН ТУХАЙ БОДЛЫН ХҮЧ
Би хэн бэ? гэж та өөрөөсөө асууж байсан биз ээ. Би гэх хүний энэ хорвоод төрөх магадлал 300 тэрбумд нэг гэжээ. Ийм ховор хүн атлаа өөрийгөө бусдын үнэлэмжээр хязгаарлаж явдаг бол хичнээн уйтгартай. Мэдээж бидэнд сонголтгүйгээр нөлөөлөх өсөж торних явцад бүрэлдэн бий болсон төлөвшил, уншсан ном, үзэж туулсан амьдралын туршлага гээд олон хүчин зүйлсийн нийлбэр гэдэг нь маргахын аргагүй. Товчоор өөрийгөө наснаасаа эрт хөгшрүүлэх гээд хэрэггүй аж. Жаран нас бол ид суралцаж бас хийж бүтээдэг нас юм байна. Тэгэхлээр үүнээс доош настангуудтай яриад байх зүйл үлдсэнгүй.

5. ЗОРИЛГЫН ХҮЧ
Зорилготой хүн урам зоригтой байж чаддаг. Хүний зорилго нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно. Энэ өөрчлөлт тийм ч муу биш, харин зорилгогүй хий хоосон тэмүүлэл л хамаг хүчийг тань тарамдаж дуусгах муу нөлөөтэй. Тэгэхлээр товчхондоо хүн ойрын ч бай, дундын ч бай, холын ч бай ямар нэг зорилготой байх хэрэгтэй.

6. ХОШИГНОЛЫН ХҮЧ
Энэ хэсэг яг л надад зориулагдсан мэт. Би ч энгийн хүнээс ч илүү нухацтай заваан зантай хүн дээ гэж бодлоо. Бас л хэд хоногийн өмнө ярилцсан тэр хүний яриа санагдлаа. Юмсыг их хөнгөн энгийн хялбар хүлээж авч сурах, өөрийгөө чөлөөлөх, алдаа гаргахаас айхгүй байх, алиа хошин мэдрэмжтэй байх талаар нэг бус удаа сонсож байна даа.

7. УУЧЛАЛЫН ХҮЧ
Уучлах чадвар нь сэтгэлийг үзэн ядалтаас чөлөөлж, хайр орж ирэх орон зайг үүсгэдэг. Тэр тусмаа хүн өөрийгөө уучлах, гаргасан болон цаашид гаргах алдааг ч уучлах нь аз жаргалтай байх гарцаагүй нэг нууц юм. Таны сэтгэлд үзэн ядалт, гомдол нуугдсан бол бусдыг уучлахад тань Индианчуудын залбирал тус болж мэднэ. “Аугаа сүнсээ, намайг хүний гутал өмсөж хоёр долоо хоног алхахаас өмнө тэрний тухай элдвийг ярих, шүүх, буруутгахаас гэтэлгэж өгөөч.”

8. ӨГЛӨГИЙН ХҮЧ
Бид бусад хүмүүст туслах буюу баяр хөөр бэлэглэхээс илүү том аз жаргал байдаггүй биз. Эргэн тойрны хүмүүстээ туслах ажлыг олж хийснээр өдөр бүр аз жаргалыг бүтээж болно.

9. ХАРИЛЦААНЫ ХҮЧ
Бидний амьдралын чанар бидний харилцааны чанараар тодорхойлогддог. Хэн нэгэнтэй асуудлаа ярилцсаны дараа заавал сэтгэл хөнгөрдөг. Та ойр дотны хүмүүстэйгээ харилцах бүртээ хамгийн сүүлчийн удаа ярилцаж байгаа мэт сэтгэж харилцах нь чухал. Адлерийн сэтгэл судлалд буюу “Ад үзэгдэх зориг” номд энэ талаар тодорхой бичсэн байдаг.

10. ИТГЭЛИЙН ХҮЧ
Итгэл бол жинхэнэ аз жаргалын суурь юм. Суурь гэдэг нь хоёр биш дөрвөн хөлтэй мэт бат бэх зогсохыг хэлнэ. “Итгэл бол сөрж эсэргүүцэх бус тулж түших мэдрэмж юм.” гэж алдартай үг бий. Өөрөөр хэлбэл бидний ард ганхашгүй тийм нэг найдвартай хүч бий гэсэн аюулгүй байдлыг мэдрэх нь хичнээн амар амгаланг өгөх бол? Тэр итгэлийн хүч нь Бурхан ч бай, өөр хэн ч бай түүнд итгэх нь л гол чухал.

Уншигчийн зүгээс зохиогчийн хийсэн судалгааны арга барилд үндэслэн 9/10 оноог өгч байна.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet