Ичиго-Ичие [Хэктор Гарсиа, Францез Мираллэс]
Бидний яг одоо мэдэрч байгаа зүйл ахин тохиохгүй. Тиймээс хором мөч бүрийг эрдэнэс адил эрхэмлэх нь чухал. Өөрөөр хэлбэл одоо цагтаа байж чадах нь ичиго-ичие юм гэсэн санааг уг номд олон талаас тайлбарласан байна. Уур бухимдал, гуниг биднийг өнгөрсөнд үлдээж, айдас биднийг ирээдүйд аваачих болно. Гагцхүү аз жаргалтай үед л одоо цагийг мэдрэх боломжтой аж.
1. Уур бухимдал: энэхүү сэтгэл хөдлөл нь аюулаас өөрийгөө хамгаалах дадалтай холбоотой бөгөөд уурлах үед булчин чангарч, өөрийгөө хамгаалж, хариу цохилт өгөхөд бэлэн болж, зүрхний цохилт түргэснэ. Адреналин, норадреналин ихээр ялгарснаар бухимдаж, хамаг тамир барагддаг.
УУРЛАЖ ЦУХАЛДАНА ГЭДЭГ НЬ ХЭН НЭГЭН РҮҮ ШИДЭХЭЭР УЛАЙССАН НҮҮРС ГАРТАА БАРИХТАЙ АДИЛ. ХАМГИЙН ИХ ТҮЛЭГДЭХ ХҮН НЬ ТА ӨӨРӨӨ БИЛЭЭ.
Будда
2. Гуниг: Энэхүү сэтгэлийн хөдөлгөөн нь хагацалтай холбогдох олон янзын нөхцөл байдлаас үүдэн үүсдэг. Хайртай хүнээсээ салан хагацах, эд хөрөнгөө алдах, итгэлээ алдах, амьдрал утгагүй санагдах зэрэг шалтгаанаас удаан хугацаагаар гуниглавал сэтгэлийн хямралд орно. Болоод өнгөрсөн зүйлийг хүлээн зөвшөөрч, хайртай нэгэн буюу зүйлээ тавьж явуулах, цаашдын шинэ амьдралдаа сэтгэлээ бэлдэх хэмжээнд гуниглах бол хал балгүй.
3. Айдас: Уур бухимдалтай адил өөрийгөө аюулаас хамгаалах дадалтай холбогдоно. Мөн айсан үед адреналин, норадреналин ялгардаг. Айдсын уур бухимдлаас ялгаатай тал нь ирээдүйд тохиолдож болох зүйлсээс айдаг. Тохиолдож магадгүй гэсэн бүхнээс цаг үргэлж айж бэргэж явснаар сэтгэл түгших эмгэгтэй болж, улмаар бүр цочролд орох нь ч бий.
4. Аз жаргал: Хамгийн бага судлагдсан сэтгэл хөдлөл бөгөөд амьдралын сайн сайхан, баяр хөөрийг мэдрүүлж, сэтгэл санааг өөдрөг болгодог билээ. Одоо цагт байлгадаг ганц сэтгэл хөдлөл юм.
Цайны ёслолын өрөө нь 2 ширхэг татами дэвсгэр, цайны данх, аяга, цайны ус халаах жижиг булан тэгээд хананд ичиго-ичие шиг ганц уриа үг бүхий самбар байрлана. Өрөө ерөнхийдөө нэг өнгийг дагнасан байдаг. Японд зочлохоор бол заавал ийм цайны ёслол хийдэг газраар үйлчлүүлээрэй. Хэдийгээр цайны мастерийн хамт багадаа 2 хүн цайны ёслол хийдэг ч заримдаа ганцаараа буюу өөртэйгөө цайл хэмээн Уругвайн эмч Уолтер Дрезел зөвлөсөн байна.
Apple-ийг байгуулахаасаа өмнө Стив Жобс энэ амьдралдаа юу хийхээ олж мэдээгүй явсан бөгөөд үлдсэн амьдралаа Зэнд зориулья ч гэж бодож явсан гэдэг. Түүний энэ санааг сонсоод Кобун Чино Оттагава Стивд: “Хэрэв чи өөрийн хүсэл зоригийг эзэмдсэн зүйлээ хийх аваас өдөр бүрийн амьдралаасаа Зэнг олж харна, өөрийн гэсэн бизнесээ эрхэлж байхдаа ч итгэл үнэмшлийнхээ амьдралаар замнах боломжтой.” хэмээн ятган сэнхэрүүлж дөнгөсөн гэдэг.
Эрвээхэйн нөлөө бидний амьдралд хэрхэн хэрэгждэг талаар номонд жишээ авчээ. Амьдарна гэдэг нь амгалан тайван үеийг хэлэхээс илүү биднийг хурцалж, зүлгэж өгдөг аливаа зовлон бэрхшээлийг даван туулахын нэр билээ. Кинцугийн философи нь төгс бус зүйлд гоо үзэсгэлэн оршино гэсэн санаа буюу хэврэг шаазан шиг хагарч болох ч түүнээсээ ичиж зовон, хав даралгүйгээр харин энэ шарх сорвио бидний амьдралын нэгээхэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч алт адил гэрэлтэн гялалзах тухай юм.
Японы цайны ёслол (Тя но ю)-ын учир нь амт (амтлахуй), үнэр (үнэрлэхүй), үзэмж (харахуй), хүрэх (хүрэлцэхүй), чимээ (сонсохуй) гэсэн таван мэдрэхүйг хурцалж өгдөг. Таван мэдрэхүй бидний амьдралд мэддэг хэрнээ мэддэггүй маш олон гайхалтай зүйлсийг илэрхийлж байдаг аж.
СОНСОХ: Бид хэн нэгнийг ярьж байх үед ихэнх хугацаанд нь өөрийнхөө хэлэх үгийг бэлдэж, цэгнэж, өөрийгөө харуулахыг хичээх юм уу нөхцөл байдлыг хянаж байдаг. Сонсож сурна гэдэг нь өөрийгөө сул тавина гэсэн үг юм. Ингэх нь мэдээж хялбар биш тул суралцах шаардлагатай. Хамгийн гол нь бидний яриаг анхааралтай сонсох үед бид нөгөө хүнтэйгээ холбогдсон мэт мэдрэмж төрдөг. Харин яриаг маань ойшоож сонсохгүй байх үед салангид байгаа мэт санагддаг билээ.
АНХААРАЛТАЙ СОНСОХ НЬ ЯРИЛЦАГЧ ХҮНДЭЭ ӨГЧ БУЙ ҮНЭН СЭТГЭЛИЙН БЭЛЭГ ЮМ.
ХАРАХУЙ: Уран зургийг үзэхдээ юунд анхаарах хэрэгтэй вэ? гэсэн асуултанд XX зууны авангард уран зургийн гол төлөөлөл Василий Кандински: “Чихээрээ хөгжим сонсож, нүдээрээ зургийг хар… Бодох хэрэггүй! Гагцхүү тухайн зураг таныг өмнө нь үзэж дуулаагүй ертөнцөд аваачиж чадаж байгаа эсэх талаар л өөрөөсөө асуу. Хэрвээ тийм гэж хариулж байгаа бол таньд өөр хүсэх зүйл юу байх билээ?” хэмээн хариулж байжээ.
ХҮРЭЛЦЭХҮЙ: Америкийн сэтгэл судлалын хүрээлэнгийн судалгаагаар энгийн нэг тэврэлт нь нуугдмал байдлаар биед хуримтлагдаад л байвал эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг стрессийн даавар гэгддэг кортизолын хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон байна. Үүнийг олон хүний яриа гэрчлэх мэт ул мөрөө үлдээсэн байдаг. Жишээ нь: Яруу найрагч Поль Валери: “Хүний хамгийн гүн гүнзгий мэдрэмж төрүүлдэг эрхтэн бол арьс.” гэсэн бол Шатрын дэлхийн аварга Бобби Фишер: “Хамгийн сайн эм бол надад өөр нэгэн хүрэх” гэж хэлж байжээ.
ҮНЭРЛЭХҮЙ: Хүн 10,000 янзын үнэрийг үнэрлэх чадвартай ч дийлэнх хүмүүс тэдгээр үнэрийг тодорхойлж хэлэхдээ арав гаруйхан үгэн дотор л эргэлддэг. Бидний аливаа зүйлийг сурах үйл явц, сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг гиппокамп болон бүйлсэн тархийг өдөөж өгдөг үнэрийн ачаар бид үнэрлэх мэдрэхүйгээрээ дамжуулан цаг хугацаагаар аялж, ичиго-ичие мөчийг мэдэрч чаддаг. Хүн харсан зүйлийнхээ 3%, сонссон зүйлийнхээ 5%, үнэрлэсэн зүйлийнхээ 35%-ийг санадаг. Гэхдээ хамрын үнэрлэх чадвар бол ой дурсамжаас ч илүү бөгөөд олон янзын сайхан үнэрийг үнэрлэх боломж олгодог билээ. Үнэрээр анагаах арга нь Хятад, Энэтхэг, Египет зэрэг оронд мянган жилийн түүхтэй бөгөөд элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбод хийгээд сэтгэлийг илаарьшуулах зорилгоор ашигладаг байжээ.
АМТЛАХУЙ: Хоол хүнс чихэрлэг, исгэлэн, гашуун, давстай ч биш хэр нь амттай байвал тэр чинь Умами амт юм. Сэтгэл санаа өөдрөг байх нь хоолыг улам амттай болгодог.
Ингээд эцэст нь ичиго-ичиегийн 10 дүрэмтэй танилц
- Онцгой мөчийг бүү хойшлуул
- Аливаа агшин амьдралд ганцхан удаа тохиох мэт амьдар
- Одоодоо амьдар
- Өмнө нь хийж үзээгүй зүйлээ хий
- Зазен бясалгал хий
- Таван мэдрэхүйгээ ухамсартайгаар ашигла
- Санамсаргүй тохиолдлыг анзаар
- Бүхий л цугларалтыг үдэшлэг болгон хувирга
- Байгаа зүйл чинь таалагдахгүй бол өөрийг бүтээ
- Онцгой мөчийг алдалгүй агнадаг анчин бай