Миний зүрхэн дэх уулс [Герлиндэ Калтенбруннер, Карин Тарнутзер]

Erdem Nomt
3 min readNov 16, 2022

--

Герлиндэ хамгийн анх 1994 онд Брөүд Пик уулын дэд оргил болох 8027 метрийн өндөрт гарч байсан. Тухайн үеийн тэр мэдрэмжиндээ “Баяр хөөр, аз жаргал, үхэл тун ойрхон зэрэгцэн оршиж байгаад итгэхэд бэрх.” гэж бичжээ. Өндөр уулын авиралтанд анхлан бэлтгэж байгаа хүнд цаг агаарын нөхцөлд аажмаар биеэ дасгахад эхлээд 6000–7000м өндөртэй уулс тохиромжтой гэжээ.

Богд ууландаа алхахдаа номын тэмдэглэлдээ зориулан энэхүү зузаан номыг цүнхлэн байж зургийг дарж билээ :)

Ууланд авирахад ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг тул өөрийн хүсэл сонирхлын төлөө ахиу цалинтай ажлаас татгалзаж, бага цалинтай ч чөлөө цаг боломж их гарах ажлыг сонгодог. Татонка брэндийн борлуулалтын ажилтан хүртэл хийж байж. Түүнийг ууланд дуртай болгосон хүн бол яах аргагүй эцэг Тишлэр юм. Эцэг Тишлэр түүнд:

  • сайн уулчин хүн хөлийн гишгэлт бүрд анхаарч байх
  • олуулаа явах үедээ хамгийн удаан алхаж буй нэгнийхээ хурданд тааруулж алхаж байх
  • бусдыгаа ямагт хүлээж, хамт алхах
  • уулын өөд эгц гарах үед зөвхөн хөлийн хуруу хэсгээрээ биш, үргэлж хөлийн тавхайгаараа бүтэн гишгэж, хөлийн өсгий газарт хүрсэн байх
  • газраас хөндийрч, агаарт дүүжлэгдэх, цанаар гулгах
  • ан амьтан, уулсын үзэсгэлэнт төрхийг таньж мэдрэх зэргийг зааж сургасан байна.

Ральф (Эр нөхөр нь, хамтрагч нь, дэмжигч нь) бол түүнд Бурханаас өгсөн бэлэг гэмээр л санагдлаа. Түүнд хичнээн их түшиг тулгуур болж байгааг номноос уншаад гайхан биширлээ. 8000-аас дээш 14 оргилд нэмэлт хүчилтөрөгчгүй гарахад түүнгүйгээр боломжгүй байсан байх. Номын зарим хэсгийн үйл явдлууд сэтгэл догдлуулаад зогсохгүй Lady Gaga-ын тоглосон A star is born киноны гол дүр болох Жаксоныг санагдуулав.

“Би өндөр ууланд мэдрэх эрх чөлөөг байнга хүсэх болсны зэрэгцээ хичнээн их хүчин чармайлт гаргасан ч амар жимэр гэр бүлийн амьдрал энэхүү хүслийг орлуулж чадахгүй.”

Герлиндэ Калтенбруннер

Номын ихэнх үйл явдал өндөр уулсын дунд өрнөх боловч амьдралын гол философийг тэр чигтээ агуулж чаджээ. K2 уулын оргилд гарах 6 удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэн ч 7 дах оролдлогоороо гарч байгаа тэр цуцашгүй хүсэл тэмүүлэл хаанаас ундарч байдгийг номыг уншсанаар та ойлгох болно. Хүн бүр амьдралдаа өөр өөрийн хүсэл тэмүүлэлтэй байж чадвал хичнээн сайхан бэ? Бусад нь юу гэх бол гэж бодохгүйгээр хувийн амбицаа зөв чигтээ хөтлөн, дотоод дуу хоолойгоо сонсож зөв цагт, зөв шийдвэр гаргах нь эргээд харахад харамсахгүй байхад тустай мэт.

  • Өндөр ууланд хуурай гутал, оймстой байх амин чухал, гутлын бойтог дотроо пластик уут хийж, зузаан оймсны дээр нимгэн оймс давхарлан өмсөнө. Энэ аргаар зөвхөн нимгэн оймс норж, зузаан оймс болон бойтог хуурай байна.
  • Өндөр ууланд хамгийн чухал зүйл бол авиралтын зам дагуу аюулыг тодорхойлж, шаардлагатай үед авиралтаа зогсоож, буцахад сэтгэл зүйгээ бэлтгэсэн байх хэрэгтэй.
  • Өндөр уулын авиралт нь сэтгэл догдлол, сорил, баяр хөөр авчрахаас гадна гарз, хохирол, цөхрөлийг мөн дагуулдаг байх нь.
  • Авиралтын үед шингэнээ нөхөж байх нь цусны эргэлтэд сайнаар нөлөөлөх амин чухал зүйл билээ.
  • Авиралтын хугацаанд аливаа зүйлд тайван, уян хатан хандаж, нэг баг болох нь хамгийн чухал зүйлүүдийн нэг юм.
  • Би ууланд авирахдаа бусад бүх л зүйлсийг ардаа үлдээн, одоо цагт амьдардаг.
Зурагт 2018 он Сутай хайрхан. Номыг Монгол хэлнээ орчуулсан Н.Энхзуун хамгийн урд талд. Харин би тэр ороолтоор өөрийгөө багласан нөхөр байгаан :)

Өндрийн уулчид үхэл амьдралын зааг руу тэмүүлдэг учраас уулс тэднээс үргэлж анхаарал болгоомж, хариуцлага, бэлтгэл, сахилга бат, эр зориг, тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээтэй байхыг шаарддаг байх. Номыг Монгол хэлнээ орчуулсан Н.Энхзуунд баярлалаа.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet