Наад зангаа л больчих [Гэри Жон Бишоп]
Шалтаг тоочхоо болиод, амьдралдаа эзэн бол. Өөрийгөө чөлөөл номын зохиолч Гэри Жон Бишоп үргэлжлэл болгож энэхүү номыг бичсэн байна. Утга агуулга, бусдад өгөх гэсэн мессежний хувьд адил бөгөөд илүү дэлгэрүүлсэн санагдлаа. Цаашлаад таны өөрийгөө, бусдыг, хорвоо ертөнцийг ямар өнцгөөс хардаг вэ гэдгээ илрүүлэн гаргаж ирэх нь чухал аж. Өнгөрсөн амьдралдаа ямар орчинд өсөж, ямар хэцүү хүнд байсан гэдэг бодлоороо одоог хүртэл өөрийгөө тодорхойлж зовоож байна уу? Аль эсвэл өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж хайран цаг хугацааг үгүй хийж байгаан биш биз! Өөрийнхөө зөвийг батлах гэсэн адын хүслээс илүү өөрийгөө хорлон сүйтгэх үйлдэл үгүй. Таны яриа бол таны амьдрал. Мөн бид бусдыг өөрийнхөө шүүлтүүрээр шүүн гаргаж, ялгадаг байна. Үнэн хэрэгтээ бусдыг шүүх эрх хэнд ч байхгүй. Энэ утгагүй шүүлтүүрүүд маань биднийг маш их хайрцаглаж байдаг аж.
Сахилга баттай хүн гэдэг бол хийхээр төлөвлөсөн зүйлээ хиймээргүй байсан ч хийдэг хүнийг хэлнэ.
Бидний үнэн гэж боддог зүйл, бодит үнэн хоёр маш их ялгаатай байдаг. Үүнийг өрөөсгөл үнэн гэж нэрлэе. Товчхондоо 100% үнэн байх боломж тун ховор. Бид ихэнхдээ үнэнийг нэг талаас нь л хардаг. Завгүй мэт урсан өнгөрөх амьдралаа хөндлөнгөөс буюу ажиглагч байр сууринаас харж үзэх хэрэгтэй. Мөн өмнөх “Өөрийгөө чөлөөл” номонд гарч байсан шиг амьдралынхаа timeline дээр та аль хэсэгт байгаагаа сайн ажигла. Та хэн болох вэ?
Тархиа өдөр бүр тултал нь ажиллуул. Урам зоригийг чинь бадраадаг зүйлээ яг одоо хийж эхэл. Бүх зүйл учир шалтгаантай юм бол учир шалтгаан нь та өөрөө. Та бол эвдэрхий хүн биш. Тиймээс хайр татам, энэрэнгүй, гал халуун, тууштай, бусдыг ойлгодог, амжилттай, аз жаргалтай, зоригтой, зорилготой, хүчирхэг, мятрашгүй гол нь үнэн бай.