Намасте [Хектор Гарсиа, Францез Мираллэс]
Товчхондоо энэ ном доорх асуултуудад хариулт өгөх юм.
1. Хэрхэн зовлонг гэтэлж, утга төгөлдөр амьдрах вэ?
2. Дотор нуугдаж буй бүтээлч эрч хүчээ хэрхэн сэрээж амилуулах вэ?
3. Үйлийн үрийн хуулийг өдөр тутамдаа өөрт ашигтайгаар эргүүлэх боломжтой юу?
4. Стресс, сэтгэл зовнил, айдсаас чөлөөлөгдөх арга чарга юу байна?
5. Бие, сэтгэл, сүнсээ (spirit) хэрхэн тордож, насан эцэслэтлээ гал цогтой байх вэ?
Номын зохиолчдын өмнөх бүтээл болох Икигай надад маш их таалагддаг. Энэ ном тэр хэмжээнд хүрч чадахгүй хэдий ч чухал хэд хэдэн баримтуудыг агуулсан байна. Хэтэрхий олон мэдээллийг нэг дор багтаах гэж оролдсон нь магадгүй алдаа байсан байж болох талтай. Буддын шашин тэр дундаа Төвд, Энэтхэгийн шашны зан үйл нэвт шингэсэн Монголчуудын хувьд энэ ном уншаад ойлгоход тийм ч төвөгтэй санагдахгүй болов уу.
Өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал халамж тавих нь өөрийн дотоод мөн чанарыг олох оюун санааны зам мөрийн үндэс суурь юм.
Сэтгэх цар хүрээгээ тэлж, зааны зөвхөн нэг хэсгийг хардаг явцуу бодлоор өөрийгөө хязгаарлахаа болих (сохор эрс ба заан үлгэр) хамгийн сайн аргуудын нэг бол аялах. Аялал хүнийг даруу төлөв болгодог. Амьдралдаа томоохон өөрчлөлт хийхэд заавал даяан хийж садху болох шаардлагагүй бөгөөд дараах байдлаар хөнгөн амьдрах боломжтой санагдлаа. Үүний тулд цаг, мөнгөнд хэмнэлттэй хотод ойр бага м.кв-тай авсаархан байшинтай болох, хамгийн минимал маягаар хөнгөн цэвэрхэн илүү дутуу эд хогшилгүй, хэрэгцээт зүйлсээр л тохижуулах, их бага мөнгө олох нь чухал бус, өөрийн дуртай зүйлээ хийх, хооллолт болон дэлгүүр хэсэх зуршилдаа анхаарах, хүсээгүй боловч үргэлжилсээр байдаг үлбэгэр харилцаануудаа эцэс болгох, байхгүй байсан ч учиргүй дутагдаад байхгүй эд зүйлсээ зарах буюу хэрэгтэй хүнд нь өгөх, зурагт үзэх, интернэт ухах зэрэг бүрэн ухамсаргүй хийгддэг зүйлсээс татгалзах жагсаалт гаргаад нэг нэгээр нь хэрэгжүүлж эхлэх.
Сэтгэц, оюун санааны хувьд эрүүл байхын тулд хүнд хань хэрэгтэй. Цагийг хамт өнгөрүүлж буй хүмүүс маань бидний сайн сайхан байдалд чухал нөлөө үзүүлдэг. Тэр хүмүүсээ зөв сонгож чадвал хэцүү цагт түшиж тулж, гунигтай үедээ тайтгарал авч чадах бөгөөд сэдсэн санаагаа хэрэгжүүлж, зорьсон хэрэгтээ хүрэх урам зоригтой болно.
Өдөр тутамдаа оюун санаагаа тунгалаг байлгах гурван арга:
1. Гэртээ өөрийн гэсэн баян бүрдийг бий болго.
2. Сүм хийдэд баримталдаг сайн дадлыг өөриймшүүл.
3. Хүрээлэлдээ анхаар.
Энэтхэгээс технологийн салбарт маш олон хүмүүс амжилттай ажилладгийн шалтгааныг өнөө цагийн гүрү багш нар хэмээх сонирхолтой өнцгөөр тодотгон гаргаж харуулжээ. Тэдний түүчээ болсон apple, microsoft, IBM зэрэг олон олон технологийн аварга мангасуудыг удирдаж байгаа Энэтхэг эрхмүүдээс номд шигтгэн оруулжээ.
“Ум Ма Ни Бад Мэ Хум” гэж юу гэсэн утгатай юм бэ? гэж хүү маань надаас асуув. Би шууд хариулж мэдэхгүй байсан тул хамаг амьтан амар амгалан байх болтугай гэж товчхон хариулаад өнгөрөв. Энэ ном харин асуултын хариуг сайхан бичээд өгчээ.
“Ум гэдэг нь А, О, М гэсэн гурван үсгийн нийлбэр бөгөөд ертөнцийн дуу чимээг бэлгэддэг. Мөн амь амьсгалыг ч бэлгэддэг.”
Буддын шашны хамгийн өргөн дэлгэр тархсан тарни бол УМ МА НИ БАД МЭ ХУМ. Энэхүү маанийн зургаан үсэг нь нинжин сэтгэлийн илэрхийлэл болсон бодьсадва буюу Санскритаар Авалокитешваха, Төвдөөр Жанрайсиг бурхны зүрхэн тарни юм. “Чандмань эрдэнэ, ляанхуа цэцэг баригч” гэж хөрвүүлэгддэг энэхүү тарни нь оршихуйн зургаан төрөлд ээлжлэн төрөх сансрын хүрднээс чөлөөлөгдөж, ариусалд хүрэх гэсэн утгыг илэрхийлнэ.
УМ — Аз жаргал бардам занг дарж;
МА — Тэсвэр тэвчээр атаархах сэтгэлийг арилгаж;
НИ — Сахилга бат шунал тачаалыг номхотгож;
БАД — Мэргэн ухаан мунхгийг дарж;
МЭ — Өгөөмөр сэтгэл эд хөрөнгөд шунах сэтгэлийг арилгаж;
ХУМ — Хичээнгүй зан уур хилэн, өс хонзонг гэсгээх авай.
“Чи хэн ч байсан, чамд сануулъя! Байгалийн нууцыг тайлахыг хүсэж буй бол, хайж буй зүйлээ өөрийнхөө дотроос олоогүй цагт гаднаас эрээд ч олохгүй гэдгийг санагтун! Өөрийн гэрт буй сайн сайхан бүхнийг огоорчхоод өөр хаанаас олно гэж хайн бэдэрнэ вэ? Чиний дотор хамгийн үнэт, ховор эрдэнэс оршиж буй! Өөрийгөө таньж мэд. Тэр цагт чи Орчлон Ертөнц хийгээд Бурханыг таньж мэднэ.”
— II зууны үед амьдарч байсан алдарт зөнч Павсаний айлдсан үгийг дамжуулах үүрэгтэй сивилүүдийн өрөөнд байх урт бичээс, Дельфи дэх Аполлоны сүм
БИ ХЭН БЭ?
Миний хэн болох нь эцэг эхээс заяасан нэр, гэр бүл, мэргэжил боловсрол, хийх дуртай зүйл, ажил, эд хөрөнгөтэй маань холбоогүй юм бол би яг хэн юм бэ?
Сэтгэлд төрөх мэдрэмж (бодол), сэтгэгдэл (үг), хийх үйлдлээрээ (үйлдэл) бид үйлийн үрээ зурж, түүнд нөлөөлж байдаг.
“Аз жаргал гэдэг амьдралд ховорхон тохиох асар том аз завшаанаас илүү өдөр бүр тохиодог өчүүхэн жижиг тааламжтай зүйлсээс бүрддэг.”
— Бенжамин Франклин
Ам нээвэл уушги нээ гэж Монгол хүмүүс хэлдэг байсан нь нэгэнт ярьсныг сэтгэл доторхоо бүгдийг сайхан гаргачих хэрэгтэй гэдгийг маш сайн мэддэг л байж дээ. Уушги нь амьсгалах эрхтэн. Амьсгал бол амьдрал шүү дээ. Тэгвэл амьсгалын маш олон дасгал арга техник байдгийн нэгийг ийнхүү оруулжээ.
Уушги том байх тусмаа урт насалж, эрүүл энх байдаг аж. Өөрөөр хэлбэл амьсгал авах, гаргах процесс нь маш чухал. Бидний амьдралд өдөр тутамд шууд хэрэгжүүлж, үр дүн мэдэрч болох амьсгалын дасгал аргын жишээнүүдээс иш татвал:
A. Өглөө сэрэхэд бие сулбайж, эрч хүчгүй байх үедээ сэргэмээр байгаа бол: Амьсгал авах хугацаа амьсгал гаргах хугацаанаас урт байх хэрэгтэй. Жишээ нь: 5сек амьсгал авч, 2сек гарнана.
B. Сэтгэл түгшсэн үедээ тайвширмаар байвал: Амьсгал гаргах хугацаа амьсгал авах хугацаанаас урт байх хэрэгтэй. Жишээ нь: 3сек амьсгал авч, 7сек гаргана.
C. Төвлөрч чадахгүй, нэг л тогтворгүй байгаа бол: Амьсгал авах болон амьсгал гаргах хугацаа тэнцүү байвал зохино. Жишээ нь: 5сек амьсгалаа авч, 5сек гаргана.
5000 жилийн түүхтэй Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан болох Аюурведын гурван доша нь газар шороо, ус, агаар, гал, огторгуй гэсэн таван махбодын мөн чанарыг агуулдаг.
1. Вата (хий) — агаар ба огторгуй
2. Питта (шар) — гал ба ус
3. Капха (бадган) — газар шороо ба ус
Өөрийгөө аль дошад нь илүү тохирч байгаагаа мэдэхийг хүсвэл маш товчхондоо хий дошатай хүн туранхай, шар дошатай хүн дундаж бие хаатай, бадган дошатай хүн махлаг байдаг.
ДӨРВӨН АНГИЖРАЛ
1. Эд юмсаас ангижрахуй
Сүүлийн үед дэлгэрээд байгаа минимализм буюу минималист амьдралын хэв маягийг олон хүн хэрэгжүүлэх болсон. Энэ талаар хэд хэдэн ном уншиж байсан бөгөөд цаашлах тусмаа л эд хөрөнгө хураах элдэв юм өөр дээрээ байлгах тун дургүй болоод байх шиг.
2. Харилцааны хүлээснээс ангижрахуй
Би өөрийгөө мэдье, чи өөрийнхөөрөө амьдар.
Би энэ хорвоод чиний хүлээлтэд, чи харин минийхэд нийцүүлж амьдрах гэж төрөөгүй.
Чи бол чи, би бол би.
Азаар бие биеэ олсон бол сайхан хэрэг.
Олж чадаагүй бол яая гэх вэ.
3. Мэдлэгийн хүлээснээс ангижрахуй
Бодит байдал санаж төсөөлснөөс зөрөх бүрд уйтгар гуниг лавширдаг тул хүн хэдий чинээ хатуу үзэл бодолтой байна, төдий чинээ аз жаргалгүй болдог. Үхширмэл үзэл бодлоосоо салж, өөрийн зөвийг батлах гэж улайралгүйгээр эв эеийг эрхэмлэх нь амар амгалан амьдралд дөтлөх гурав дахь ангижрал болой.
4. Эгоноосоо ангижрахуй
Бидний туршлага эго, сэтгэл хөдлөлийн нөлөөн дор бий болдог тул бодит үнэнийг байгаагаар нь харж чадахгүйд хүрдэг. Үүнийг сайтар ухамсарласнаар ухаалаг шийдвэр гаргаж, нөхцөл байдлыг илүү тод томруун харж чадах билээ. Орчлон дээрх юм бүхэн шүтэн барилдаж оршино гэдгийг ухварласнаар хоёрдмол байдлаас гэтэлж чадна. Ном унших юм уу ганц өөртөө л төвлөрдөг аминч сэтгэхүйгээс салгах өөр ямар нэгэн зүйл (бясалгал хийх, байгальд алхах, аялах, бусдад туслах гэх мэт) хийж, өөрийгөө өргөмжлөхөө больж, өргөн орчлонгийн нэгэн эд эс гэдгээ ухаарснаар эго хийгээд түүнээс улбаалан үүсдэг элдэв асуудал үгүй болно. Ухаандаа, оюун санааны хувьд сэрж, сэхээрсэн шинэ амьдралд хөл тавихын тулд хүн хуучин хүнээ хөнөөх ёстой. Эго үхэх цагт бүх зүйлээс салангид тусдаа байхын зовлонгоос ангижирч, хорвоо ертөнцтэй нэгдмэл болдог билээ.
Эцэст нь номыг уншаад энэ хорвоо ертөнцөөр аль болох л аялах ёстой юм байна гэдгийг гүн гүнзгий мэдэрч авлаа.