Санхүүгийн философи [Өлзийбаярын Ганзориг]

Erdem Nomt
4 min readDec 13, 2022

--

Санхүүгийн философи буюу миний хувьд санхүүгийн түүх гэж хэлж болохоор уг ном унших бүр улам сонирхол татсаар дууслаа. Дэлхийн түүхийг санхүү, мөнгө талаас нь гаргаж бичсэн уг номын түүхэн баримт хавсаргасан зурагт хэсгүүдийг нь хараад Ганзориг захирлын санаачлан, үүсгэн байгуулсан Дэлхийн санхүүгийн түүхийн музейг очиж үзэх хүсэл өөрийн эрхгүй төрлөө.

Ажлын ширээндээ номын тэмдэглэлийн зургийг авчээ. Цаана нь компанийхаа тамга болон тэмдэглэлийн дэвтэр зэргийг оруулсан нь сүртэй харагдуулах зорилготой :)

Зоосон мөнгө: Дэлхийн хамгийн анхны зоосон мөнгө МЭӨ 560 онд Лидия улсад ашиглагдаж байжээ. Эртний зоосон мөнгөнүүд нь жингээрээ нэрлэгдэж, бас үнэлэгдэж байсныг санах хэрэгтэй. Нэлээд хожуу үнэт биш металл болох зэс, гууль, төмөр зэргийг ашиглаж хийсэн зоосон мөнгөн дээр тоо дүрслэх болжээ.

Аливаа аугаа их гүрэн төсөв мөнгөний буруу бодлогоос л болж мөхдөг болохоос биш сэлэмний ир, жадны үзүүрээр сөнөөгдөн мөхөх нь ховор юм.

Хүү: МЭӨ 1754 онд Вавилоны хаан Хаммураби иргэдээ хэт өндөр хүүгийн дарамтад орохоос хамгаалсан хууль гаргаж, зээлийн жилийн хүүгийн дээд хэмжээг 20 хувиар тогтоосон байдаг. Одоогийн АНУ зарим мужид зээлийн дээд хэмжээг 45 хувиар тогтоож илүү гарвал мөнгө хүүлэлт хэмээн үздэг байна.

Даатгал: “Байгалийн ухаан бол үнэн хэрэгтээ магадлалын ухаан” гэж Платон хэлжээ. Хэрэв тооны систем үгүй бол магадлалыг хэмжинэ гэж байхгүй. Өөрөөр хэлбэл зоос шидэхэд сүлд буух боломж нь 1/2 магадлалтайг мэдсэн цаг мөчөөс бид өөрсдийнхөө хувь тавиланг бурхдаас эргүүлэн авах боломж бүрджээ. Даатгалын компаниуд нь математик магадлал, статистикийн аргачлалыг ашиглаж, хувь тавилангийн эсрэг сөрөн зогсдог, эрсдэлийг хэмжиж, түүнийг бууруулахын тулд ажилладаг, нэгэнт эрсдэл учирсан бол хохирлыг нөхөн олгох үйл ажиллагаа явуулдаг нийгмийн суурь институц юм. Дэлхийн улс орнуудад нийгмийн даатгалын тогтолцоо нь зуу гаруйхан жилийн түүхтэй аж.

Мөнгө төсвийн бодлогыг зөв явуулах тал дээр хүн төрлхтөн ердөө сүүлийн 100 жилд л нэлээд ахиц гаргаж чадсан юм.

Хувьцаа: XVII зууны үед Амстердам хот хувьцааны савалгаанаас ашиг олох гэсэн хүмүүсээр дүүрэв. Энэ үед Испаниас ирсэн еврэй худалдаачин Joseph De La Vega (1650–1692) хувьцааны арилжааны анхны ном болох Confusion of confusions (Төөрөгдлүүдийн төөрөгдөл)-ийг 1688 онд бичиж байжээ. Тухайлбал, “Хувьцааны арилжаанаас ашиг олохыг хүсэж байгаа хүн мөнгөнөөс гадна тэвчээртэй байх хэрэгтэй .” мөн “Ашиг болон алдагдлаа адилхан хүлээж сур” гэх мэт одоо ч үнэ цэнээ алдаагүй зөвлөгөөнүүдийг тусгасан байдаг аж.

Өнөөг хүртэл ажиллаж байгаа хамгийн хөгшин компани, дэлхийн цаас үйлдвэрлэлийн лидер Stora Enso тэртээ 1280 оноос эхлэлтэй боловч 1602 онд VoC хэмээх хувьцаат компани бий болж хөрөнгийн бирж дээр гарснаар санхүүгийн философид эргэлт гарсан. Жирийн иргэд түүний хувьцааг эзэмших боломжийг бүрдүүлснээр баялгийг бүтээх, хуваарилах асуудлыг нэг мөр шийдсэн түүхтэй. Цаашлаад хөрөнгө оруулалтын банкууд үүсэж компаниудад хямд санхүүжилт босгож өгснөөр аж үйлдвэрийн хувьсгал явагдаж орчин үеийн дэлхий бүтжээ.

Дайн, хувьсгал, улс төрийн тогтворгүй байдлаас болж олон улсын хөрөнгө оруулагчид хувьцаа, бондод оруулсан хөрөнгө оруулалтаа алдсан жишээ түүхэнд их бий.

Хөөс, Понзи: Далд хэлбэрт зээлээр санхүүжигдсэн аливаа хөрөнгө босголтоос хөөс бий болдог жишээг Ши Жинпиний Хятад мөрөөдлөөс харж болох аж. Түүхэн дэх хамгийн том понзи схем 2009 онд Нью-Йоркод илэрсэн нь Мадофын понзи схем юм. 2008 оны 12 сарын байдлаар бараг 65 тэрбум долларт хүрч байсан Мадофын сан хуурамч бүртгэл, тайлан гаргаж хөрөнгө оруулагчдыг залилсаар ирсэн нь батлагдаж Бернард Мадоф 150 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Кноп дарахад л хэвлэх машин ажиллаж мөнгө хэвлэдэг төв банктай системд бид өнөөдрийг хүртэл амьдарч байна. Өөрөөр хэлбэл, үнэт металлын баталгаагүй, өөртөө бол үнэ цэнгүй, цаасан мөнгөнд бид бүрэн итгэдэг болжээ.

Доугийн онолоор бол, жирийн хүмүүс судалгаа, мэдээлэлгүйгээр зөвхөн үнийн өсөлтийг харж, түүнээс ашиг олох зорилгоор худалдан авч эхлэх үед зах зээлд түрүүлж орсон, мэдлэгтэй, мэргэжлийн хөрөнгө оруулагчид өмнө нь авсан хөрөнгө оруулалтаа зарж эхэлдэг. Ингээд хэсэг хугацааны дараа зах зээл оргилдоо хүрч хөөс хагардаг билээ.

Дижитал мөнгө: Тэгвэл интернэт бий болсноор төлбөр тооцооны системд дахин цоо шинэ хувьсгал бий болов. Журнал дээр зөвхөн банкны ажилтан л өөрчлөлт хийдэг системээс өөрийн дансны бичилтийг өөрөө хийх боломжийг интернэт сүлжээнд суурилсан мобайл банк, интернэт банк, АТМ машин, ПОС машинуудаар дамжуулан шууд хийдэг болсон. Дижитал мөнгөний анхны хэлбэр нь банкны төлбөрийн карт юм.

Биткойн, Блокчэйн: 1982 оноос эхлээд крипто мэргэжилтнүүд крипто мөнгө буюу электрон мөнгө гаргах тухай ярьж эхэлжээ. 2008 он хүртэл крипто мөнгө гаргах хэд хэдэн оролдлого хийгдэж бүтэлгүйтсэн байна. Ингээд 2008 онд крипто мэргэжилтнүүдийн интернэт сүлжээнд нэгэн судалгааны ажил тавигдсан нь Bitcoin: A peer-to-peer Electronic Cash System (Биткойн: Хүнээс хүнд — электрон мөнгөний систем) нэртэй судалгааны ажилд крипто мөнгө болох Bitcoin, түүнийг нөхцөлдүүлэх дэвшилтэт технологи болох Blockchain хоёрыг танилцуулсан юм. Хачирхалтай нь өнөөдрийг хүртэл биткойныг зохиогч, блокчэйнийг үндэслэгч Сатоши нь хэн бэ гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Сатоши нууц нэр бөгөөд бусад программисттай хамтран 2009–2011 оны хооронд блокчэйн болон биткойны хөгжүүлэлт дээр нээлттэй (open source) програмчлалын хэлбэрээр ажиллаж байгаад ор сураггүй алга болсон. Түүний дансан дахь 6тэрбум доллартай тэнцэх биткойн одоог хүртэл огт хөдлөөгүй байна.

“Чөлөөт зах зээл өөрийгөө зохицуулах бүрэн чадвартай бөгөөд төрөөс оролцох оролцоог хязгаарлах ёстой. Өөрөөр хэлбэл чөлөөт зах зээл нь төрийн буюу аливаа нэг хүчний оролцоо шаардахгүйгээр, ямар нэг далд гараар удирдуулсан мэт өөрийгөө засварлаж чаддаг.”

– Адам Смит

Шок эмчилгээний уршгаар өвгөнтийн архичид, траншейны хүүхдүүд гэх мэт цоо шинэ нийгмийн бүлгүүд бий болсон эмгэнэлт тэр он жилүүдийг хүмүүс одоо ч тодхон санаж буй нь лавтай. Сүүлийн 30 жилийн турш бид эдийн засаг, нийгэм, улс төрийн олон алдаа гаргаж ирсний суурь шалтгаан нь бидний санхүүгийн мэдлэг хомс байдал юм гэж дүгнэж ч болно.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet