Старт-ап үндэстэн [Дэн Сенор, Сол Сингер]
Chutzpah (Хүзпа — хор шар, хатуу чанга мэдрэл, хичээл зүтгэл, зориг зүрх) энэ үг дангаараа энэ бүхнийг агуулах хүчтэй бөгөөд хүзпаг Израйлийн хаа л бол хаана харж болно. Израйлийн Fraud Sciences-ийн залуус PayPal-д компаниа 169 сая доллараар үнэлэн зарж байгаа үйл явц, мөн Better place цахилгаан машины зай солих цэгүүд 65 секундэд дүүрэн цэнэгтэй баттерейгаар цэнэглэдэг, Renault-Nissan компанитай цахилгаан авто машин жилд 100,000 хувь үйлдвэрлэх гэрээ хэлцэл хийж байгаа гээд олон супер жишээнүүд номын эхэнд гарна.
“Хоёр жүүдэд гурван өөр санал бий.” гэдэг бол Израйлчуудын тухай чухам үнэн үг. Израйл бусадтай харьцуулахад нийгмийн давхаргын ялгаа тун багатай улс. Цэргүүд нь цол зэргийг төдийлөн авч хэлцдэггүй. Нүүрэмгий, зоримог зан, эсвэл ичгүүр сонжуургүй байдал, шүүмжлэлтэйгээр бие даан бодох чадвар, эсвэл хийрхүү зан эдгээр үгсийн алийг сонгох нь зөвхөн таны үзэл халиацаас хамаарах хэрэг ч гэлээ, тэдгээр бүх чанар нийлж байж Израйль энтрепренерүүдийн нийтлэг төлөвийг илэрхийлдэг. Израйльд тухайн хүний цэргийн алба хаасан түүх боловсролынх нь түүхээс хамаагүй өндөр ач холбогдолтой байдаг. Ажилд авах ярилцлагын үеэр аль ангид цэргийн алба хаасныг заавал асууна. Израйлийн агаарын хүчин, удирдлагын элит ангиуд сонгон шалгаруулалт, сургалтын өндөр түвшин, төгс боловсронгуй байдал, төгсөгчдийнхөө чанараар үнэхээр алдартай. Гэтэл туйлын хэцүү сонгон шалгаруулалттай, илүү өндөр түвшний эрчимжүүлсэн сургалт явуулдаг технологийн инновацийн чиглэлийн тусгай Талпиот хөтөлбөр гэж бий. Түүнд орсон цэргүүд IDF дотор хамгийн урт 41 сарын сургалтанд хамрагдана. Нэмээд зургаан жил цэргийн алба хаах гэрээнд гарын үсэг зурна. Талпиот хөтөлбөр 30 жилийн дотор 650 гаруйхан төгсөгчдийг бэлтгэсэн боловч, тэдний дундаас Израйлийн урдаа барьдаг судлаачид, амжилттай компаниудыг үүсгэн байгуулагчид төрөн гарсан. Талпионуудыг Израйлийн армийн элитийн элит төлөөлөгчид гэж хэлж болно.
ЯЗГУУР ЗОРИЛГО гэдэг тухайн байгууллагын оршин байх СУУРЬ ШАЛТГААН юм. Энэ бол хүмүүсийг мөнгө олохоос өөр шалтгаанаар тухайн байгууллагатай холбогдох чухал үндэс болдог.
Израйль Улс оршин тогтнолынхоо эхэн үедээ цагаачдыг нутагтаа мянга мянгаар нь төвлөрүүлэх бодлого хүчтэй хэрэгжүүлж байсан нь дайн байлдаан хийхэд цэрэг, хүн хүчний нөөц бэлтгэх далд бодлого байсан болов уу гэсэн хар төрнө. Израйль эдүгээ 70 гаруй өөр үндэстэн, соёлын өлгий нутаг болжээ. Эхэн үеийн Ирайльчууд гадны оронд сурч, ажиллан боловсроод, уг газарт нь үлдэх том шаанс боломж гарч ирсэн ч үлдэлгүй эх орондоо эргэн ирж ажиллаж байсан. Түүний нэг тод жишээ нь Израйль дахь Интелийн үйлдвэр гэж хэлж болно.
Израйлийн Сангийн яамны хэдэн залуу ажилтан Йозма буюу хэбрүгээр “санаачилга” гэсэн утга бүхий нэртэй хөтөлбөр санаачлан засгийн газраас шинээр 10 венчер сан байгуулахад 100 сая долларын хөрөнгө оруулах, цаашлаад сан тус бүр
- Суралцах зорилго бүхий Израйлийн венчер хөрөнгө оруулагч
- Гадаадын венчер хөрөнгийн компани
- Израйлийн хөрөнгө оруулалтын компани эсвэл банк гэсэн гурван төлөөллөөс бүрдсэн байна. Тэдгээрээс гадна тусад нь 20 сая доллар бүхий Йозма нэртэй санг байгуулсан нь технологийн компаниудад шууд хөрөнгө оруулах зорилготой байв.
1992–1997 оны хооронд Йозмагийн 10 сан байгуулагдсан ЗГ-ын тусламжтайгаар нийт 200 гаруй сая долларын хөрөнгө босгожээ. Тэдгээр сангууд 5 жилийн дотор бүрэн худалдагдсан, эсвэл хувьчлагдсан бөгөөд тэдний нийт хөрөнгө гурван тэрбум долларт хүрч, хэдэн зуун шинэ Израйль компанийг дэмжсээр байна. Тов тодорхой үр дүн.
Мөн боловсролын салбарт ярьвал Хэбрү Их сургуулийг 1918.07.24-нд Йерусалемд байгуулсан ба анхны удирдах зөвлөлд Израйлийн анхны ерөнхийлөгч Вайцман, Алберт Эйнштейн, Зигмунд Фройд, Мартин Бубер нар багтаж байжээ. Эдүгээ Израйль 8 их сургууль, 27 коллежтой. Тэдний 4 нь дэлхийн шилдэг 150 их сургуулийн тоонд, 7 нь ази номхон далайн бүс нутгийн шилдэг 100 их сургуулийн тоонд ордог. Тэдний нэг нь ч гадаадын их сургуулийн дагуул кампус биш.
УРСАХ ЧАДАМЖ гэдэг бол хүмүүс аливаа хил хязгаарыг даван, нийгмийн тогтсон хэм хэмжээг бүр орвонгоор нь эргүүлж, чөлөөт зах зээлийн эдийн засгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байх үед бий болдог бөгөөд тэдгээр нь бүхэлдээ цоо шинэ санаа олох процессыг түргэсгэж байдаг.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжлийн хажуугаар мөн ажиглагдах саар зүйл нь мянга мянган ажиллагчид ажлаа алдах дүр зураг Израйлийн технологийн салбарт аль хэдийнэ үзэгдэж эхэлсний дээр, олон компани зардлаа танах үүднээс дөрвөн ажлын өдөртэй болж байна.
Өндөр технологийн кластер гэдэг бол хамгийн сайн их дээд сургуулиуд, томоохон компаниуд, старт-апууд, мөн нийлүүлэгчдээс авхуулаад авьяаслаг инженерүүд, венчер хөрөнгийн сангуудыг нэгтгэн холбосон экосистемээс бүтдэг. Энэхүү экосистемийг Израйлчууд үсрэнгүй хөгжлийн эхэн үедээ бий болгож чадсан юм.