Стори брэнд бүтээх нь [Доналд Миллер]
Сүүлийн хорь гаруй жилийн дотор бидний амьдралын хэмнэл, өдөр тутмын мэдээ мэдээлэл авах сувгууд санаанд оромгүй ихээр өөрчлөгджээ. 2000 оноос өмнөх үеийнхэн тоотой хэдэн суваг, тоймтой хэдэн сонин сэтгүүлээс л мэдээлэл авдаг байсан бол өнөөгийн бид 200 гаруй тв суваг, сая сая мэдээний сайт, подкаст, интернэт радио, твиттер, инстаграм, фэйсбүүк, снэпчат, линкэдинтэй болж өөрчлөгджээ. Үүнийг дагаад хүн хоорондын харилцаанд маш том өөрчлөлт бий болсон. Энэ хугацаанд гадны олон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ соёлын хамт манай улсад нэвтэрсээр байна. Энэ олон бүтээгдэхүүн, үйлчилгээ Монголд гадна хэлбэр агуулгын хувьд амжилттай нэвтэрч байгаа юм шиг харагдах боловч, дотоод цөм болсон мөн чанарын ойлголтууд нь хэрэглэгч болоод мэргэжилтнүүдийн хувьд хангалтгүй байгааг энэ номыг уншсан хэн ч гэсэн төвөггүй олж харна.
Стори брэнд бүтээх 7 (СБ7) аргачлалыг сурч авсны дараа кино үзэх нь утгагүй уйтгартай ажил болж мэдэхийг зохиолч анхааруулаад номоо цааш үргэлжлүүлэхээ шийднэ биз гэсэн нь улам ч анхаарлыг хурцаар татаж, унших сэдлийг өдөөнө. Учир нь кино зохиолчид эл аргыг өргөн ашигладаг байна.
“Хэрэв таны санаа хэрэглэгчдийн толгойг эргүүлэх л юм бол та ялагдал хүлээнэ.”
Зохиол бичсэн ч бай, бараа бүтээгдэхүүнээ зарах гэсэн ч бай таны хэлэх гэсэн санаа тодорхой байх ёстойг мартаж болохгүй. Илүү дутуу зүйлийг нь танах тусам зохиол бүтээлийн чансаа дээшилдэг. Хүмүүс хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг худалдаж авдаггүй, хамгийн богино хугацаанд өөрт нь ойлгомжтой болж чадсан бүтээгдэхүүнийг л авдаг.
Стори бүтээхдээ дуу чимээг сэтгэлд хоногшиж мартагдахааргүй дуу хөгжим болгон хувиргах мэт эхний гол дүрмүүдийг танилцуулж байна. Долоохон ноотоор түмэн янзын хөгжим зохиож болдгийн адил дараах долоон элементийг ашиглан төрөл бүрийн зохиол, стори бичиж болно. Зохиолын ГОЛ ДҮР ямар нэг зүйл хүсэх бөгөөд тэр зүйлээ өөрийн болгоход АСУУДАЛ тулгарна. Итгэл найдвараа алдахын даваан дээр хаа нэгтээгээс УДИРДАН ЧИГЛҮҮЛЭГЧ гарч ирээд, ТӨЛӨВЛӨГӨӨ гаргаж, ҮЙЛДЭЛ хийхэд тусална. Тэр үйлдлийн ачаар БҮТЭЛГҮЙТЭЛ-ээс аврагдаж АМЖИЛТ-д хүрнэ. Ингээд л боллоо.
Бараг бүх хит кино, зохиолууд энэ долоон элементийн дагуу явагддаг гэж хэлэхэд болно. Би өөрийн дуртай Good Will Hunting киноны үйл явдлыг нэхэн санахад яг л энэ элементүүдийн дагуу өрнөсөн байх юм. Тэгвэл энэ шидтэй долоон элементийг багахан дэлгэрүүлээд үзье.
ГОЛ ДҮР
Стори-ны гол дүр нь танай брэнд бус хэрэглэгч юм.
Хэрэглэгчийг такси барих гээд зогсож байгаа хүнтэй зүйрлэж болно. Та таксинд гар өргөх хүний дэргэд зогсоод таны машин 2000 оны benz c-class гээд хэлээд үздээ. Яг бодит байдал дээр тэр хүнд таны машин 2023 оны G63 байсан ч огтхон ч хамаагүй. Түүний хүсэж байгаа цорын ганц зүйл бол зорьсон газартаа хүрэх юм.
АСУУДАЛ
Хэрэглэгч дотоод асуудлаа шийдэх гэж мөнгө төлдөг.
Асуудал бол стори-ны “амин сүнс” юм. Гадаад, дотоод, философийн асуудлуудаа тодорхойлохоос гадна таньд нэг хүчтэй эсрэг дүр хэрэг болно.
УДИРДАН ЧИГЛҮҮЛЭГЧ
Хэрэглэгч өөр нэг гол дүр бус удирдан чиглүүлэгч хайж байдаг. Удирдан чиглүүлэгч нь өөрөөсөө түрүүн бусдыг тавьж, ойлгох чадвартай байх нь чухал.
Үнэндээ бидний амьдрал өөрчлөлтийн төлөөх аялал байдаг.
ТӨЛӨВЛӨГӨӨ гаргах
Голын усыг гатлахад аюулгүй, найдвартай том чулуунууд өрж тавих мэт тийм хялбар төлөвлөгөөтэй удирдан чиглүүлэгчид хэрэглэгч итгэдэг. Цаашлаад өтгөн манан арилж, өрсөн бүх чулуун зам тодорхой харагдах мэт хэрэглэгчийнхээ айдсыг үгүй хийх алхам нь худалдан авах шийдвэрт ахиц болно.
ҮЙЛДЭЛ хийх
Гол дээгүүр гатлахаар эгнүүлэн тавьсан чулуунууд дээгүүр та эхлээд явж үзүүлж болох юм. Энэ үйлдэл нь хэрэглэгчийг үйлдэл хийх сэдлийг өдөөж өгнө. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийг үйлдэл хийлгэх алхам юм. Таны бүтээгдэхүүний гарын авлага, сэдэлжүүлсэн видео контент, туршилтын жолоодлого, амталгаа гэх мэт аргачлалууд ихээхэн харагддаг.
БҮТЭЛГҮЙТЭЛ-ээс аврагдах
Айдас бол хоол амтлах давс юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид уг бүтээгдэхүүнийг авахгүй бол ямар эрсдэл учирч болох талаар яг таарсан айдсыг мэдрүүлснээр өөрчлөлт гарна.
Тархины гол үйл ажиллагаа амьд үлдэж, өсөн дэвжихэд чиглэдэг.
АМЖИЛТ
Хүмүүс аз жаргалтай төгсгөлд дуртай байдаг учраас ихэнх кино сайны талд дуусдаг. Тэгвэл та сторигоо олон хүнд хүргэхийг хүсвэл дүрмийн дагуу төгсгөлийг нь аз жаргалтай харагдуулах ёстойг мартаж болохгүй. Хамгийн гол нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүсийн амьдралыг хэрхэн сайжруулсан бэ? Хаана хүргэх вэ?
Хүн бүр өөрчлөлтийг хүсдэг. Өөрийгөө өөрчилж, өөртөө сэтгэл хангалуун болох хүсэл хүн бүрд бий. Тиймээс хэрэглэгчдэд хүсэж буй дүр төрхийг нь бүтээж өгөх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээндээ үнэ цэнийг шингээж болдог. Яг эдгээрийг хийж үзэхийг хүсвэл www.mystorybrand.com вэб хуудсаар зочилж өөрийн сторибрэндийн брэндскриптийг хийж эхлэхийг зохиолч зөвлөсөн байна.
Ганц өгүүлбэр
Одоо танай компанийн үйл ажиллагааг бүрэн илэрхийлж чадах ганц час хийсэн өгүүлбэр зохиох үлдлээ. Киноны товч тайлбар шиг. Үүнийгээ вэб хуудас, аяга, футболк, өрөөний хананууд, нэрийн хуудас, танилцуулга гээд хаана байж болох бүх цэгт байршуул. Сэтгэлд хоногштол.
Мэйл маркетинг
Тойруу замаар хэрэглэгчийг сэдэлжүүлэх зорилгоор и-мэйл хаяг цуглуулан, мэйл маркетинг хийх аргачлал бас өргөн дэлгэрсэн. Мэдлэг олгох маягаар хөнгөн эхлэх нь үр дүнтэй. Таны илгээсэн мэдлэг олгох мэйлийг гурваас дөрвөн удаагийн дугаарыг нээж үзсэн хүнд одоо борлуулалтын санал бүхий мэйл илгээж болно. Зохиолчийн зүгээс өөрийн хэрэглэдэг keap.com (Infusion software Inc), mailchimp.com масс мэйл үйлчилгээ үзүүлэгчдийг санал болгосон.
Сэтгэгдэл
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг цуглуулж, түүгээр сторибрэнд бүтээж болно. Сэтгэл хөдөлгөм өөрчлөлтийн түүх сонсохыг хүсвэл асуултаа зөв тавьж сурах хэрэгтэй. Дээр дурдсан шиг хүмүүс хувьсал, өөрчлөлтөд татагдаад зогсохгүй өөрчлөлтийг биеэр мэдрэхийг хүсэх нь гэм биш зан. Хэрэглэгчдийнхээ өөрчлөлтийн түүхүүдийг хуваалцах нь таны бизнесийн хөгжил цэцэглэлтэд том үүрэг гүйцэтгэнэ.
Ам дамжсан борлуулалт
Хэрэглэгч шинэ хэрэглэгчийг олж ирэх буюу ам дамжсан борлуулалт бий болгох таатай нөхцлийг бүрдүүлэх (урамшуулах) нь ихээхэн үр нөлөөтэй. Энэ нь ямар ч төрлийн мөркетингаас даруй 2.5 дахин их үр дүнтэй гэсэн судалгаа бий. Үүнийг сүүлийн үед Юнител маш сайн ашиглаж байгааг надад ирсэн дараах мессежээс харж болно.
Эцэст нь та маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтын чиглэлээр ажилладаг бол энэ номыг заавал авч унших хэрэгтэй. Номын агуулга болон хамрах цар хүрээг дүгнэн үзээд уншигч миний зүгээс 8/10 оноог өгч байна.