Тогтуун байх нь гол түлхүүр [Райан Холидей]

Erdem Nomt
3 min readDec 13, 2022

--

Одоо цагтаа байх тогтуун хүчний талаар олон жишээг энэ номноос уншиж болно. Бяцхан хүүхдүүд шиг үнэн сэтгэлээсээ итгэж үнэмшин, хийж байгаа зүйлдээ төвлөрөх чадвар уг нь хүн бүрт бий. Хог новшоор дүүрсэн оюун бодлоо хоослох нь илүү гүнзгий гол бодолдоо төвлөрөх боломжийг олгодог. Хог новш мэт олон бодлуудаа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээх аргын талаарх жишээ тун их таалагдлаа.

mplus аппликэйшнээр сонсов. Энэ мока пот кофе чанагч маань 4 жил тасралтгүй өдөр бүр ажиллаад иржээ. Цаашдаа ч олон жил ажиллана байхаа :)

Өөрийгөө ертөнцийн төв мэт бодох, өөрөөс нь илүү зүйл үгүй гэж бодох, тэмүүлэх, итгэж үнэмших нь бидний хамгийн анхдагч бөгөөд хамгийн том бэрхшээл юм.

Хариуцлагатай байх, хэн нэгний өмнө хариуцлага хүлээж сурах нь маш чухал. Өөрийг чинь дэмжиж хурцалж байдаг хамтрагчтай байх нь туйлын аз завшаан. Өөрөөр хэлбэл таны гэр бүлийн гишүүд нээлттэй, харилцаа сайтай байх нь юутай ч зүйрлэх аргагүй амар амгалан юм. Хайр бол өөрчлөлтийг үргэлж хамтдаа хийдэг харилцааны нэг хэлбэр юм.

Уур хилэн нь сэтгэл хөдлөлийн тогтворгүй хэлбэрүүдийн нэг бөгөөд аливаа харилцааг үргэлж сүйтгэж цаашлаад таныг ч үгүй хийнэ. Өөртөө болон бусдад уурлаж, тэмцэлдэх нь юунд ч үр дүнгүй. Түүний оронд эсрэгээрээ өөртэйгөө болон бусадтай нэгдэж, аль болох эрт нэг бүхэл буюу нэг оршихуйд орших нь чухал. Олон тохиолдолд бид үгүй гэж хэлэх чадвараа илүү ахиулах хэрэгтэй. Хэзээ ч эргүүлж авч чадахгүй цаг хугацаагаа зориулах гэж буйгаа санах хэрэгтэй. Гол зүйлээ эхэлж хий, дараагаар нь . . .

Тогтмол алхах нь маш сайн. Их биш, бага биш өдөр бүр хий гэдэг шиг л өдөр бүр алх. Ингэж алхах нь таны бодол санааг тогтоож, илүү тогтвортой, цэгцтэй болгодог. Өмнө нь уншиж байсан зуршлын хүч номонд зуршил тогтоход дунджаар 6 сар шаардлагатай гэсэн байдаг. Тэгвэл хүн аливаа зуршилтай болох нь бие махбод болон оюун ухаанаа дасгалжуулан дархлаажуулж байгаа хэрэг. Мөн өмнө уншиж байсан Б.Хулан бичсэнээр Минималист, Фумио Сасаки бичсэнээр Би энгийн амьдралыг сонгосон, Мари Кондо бичсэнээр Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид номнуудаас та минималист буюу эд хогшилоо цөөн байлгах талаар суралцах боломжтой. Илүү тогтуун байхад минимализм их тус болдог байх нь.

“Өрөөндөө чимээгүй ганцаар суух чадваргүйгээс хүн төрөлхтний бүхий л асуудал үүдэн гардаг.”

Блез Паскал, 1654 он

Хүн 20цагаас дээш нойргүй явахад согтуу хүнтэй адил хэмжээнд сэтгэж эхэлдэг бол тамирчин хүн нэг өдрийн нойр алдахад бүтэн жилийн бэлтгэл үр дүнгүй болдог байна. Энэ мэдээллүүд нойр ямар чухал болохыг харуулж байна. Нойр бол эрүүл мэнд, эрч хүчний тань эх үүсвэр. Сэтгэл санаа тавгүй, тархи толгой ажиллаж өгөхгүй, ядраад, таатай бус байвал зүгээр л унтаж амар. Аливаа амжилттай хүмүүсийн ард ямар нэгэн хобби байдаг. Тэр нь юу ч байж болно. Ном унших, ууланд алхах гэх мэт

Будда амьдралынхаа сүүлийн мөчид шавь нартаа хандан: “Бодьгал бүхэн арилан оддог. Ангижирлаа хичээнгүйлэн эрэхтүн.” хэмээжээ. Өөрөөр хэлбэл багшаа алдахаас айж буй шавь нартаа хандан сахилга батыг өөрийнхөө багшаа болго хэмээжээ. Тэгвэл сахилга баттай хүн гэдэг бол хийх хэрэгтэй зүйлээ хиймээргүй байсан ч хийдэг хүнийг хэлнэ.

Төгс дугуй доторх гурван цэг: Оюун санаа, сэтгэл зүрх, бие махбод (оюуны, сэтгэлийн, биет)

Эцэст нь аль болох бүх зүйлд талархаж сурах нь чухал юм. Энэ амьдралыг минь утга учиртай болгох гэж төрж — үхэхийн хоорондох асар богинохон энэ цаг хугацаанд надтай учирч үзэн ядалт — хайр, хар санаа — уучлал нигүүслэл, хэрүүл маргаан — зүй зохицол, эндүүрэл төөрөгдөл — үнэн мөн, эргэлзэл тээнэгэлзлэл — итгэл найдвар, гэрэл — сүүдэр, уй зовлон — баяр жаргалыг мэдрүүлсэн та бүхэнд талархаж байна.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet