Төвлөрөл [Сэтгэл хөдлөлийн чадамж цуврал]

Erdem Nomt
3 min readAug 24, 2023

--

Harvard Business Review (HBR)-ээс эмхэтгэн гаргасан төвлөрлийн талаарх энэхүү бяцхан ном нилээд туршлагатай хүмүүсийн бичвэрүүдээс бүтсэн гэдэг нь уншихад л илт мэдрэгдэнэ. Зуны хоёр сарын турш зугаалсаар төвлөрч номын тэмдэглэл оруулаагүй надад энэ төрлийн номоор тэмдэглэлээ үргэлжлүүлэн эхлүүлэх нь туйлын тааламжтай бөгөөд зөв сонголт байлаа. Эхнэр маань “за миний хайр одоо номоо үргэлжлүүлнэ байгаа” гэсээр хэдэн ном дэлгүүрээс авч ирснээр номын их аялалын маань завсарлагааны цаг дуусч байх шиг. Олон зүйл тайлбараа зогсоогоод гол тэмдэглэлдээ орьё.

МЭДЭЭЛЭЛ НЬ ХҮЛЭЭН АВАГЧААС АНХААРАЛ ШААРДДАГ. ТИЙМЭЭС МЭДЭЭЛЛИЙН БАЯЛАГ НЬ АНХААРЛЫН ЯДУУРЛЫГ ҮҮСГЭХ БОЛНО.

— Нобелийн шагналт эдийн засагч Херберт Саймон, 1971 он

ШИНИЙГ СЭТГЭН БОДОЖ, ТӨВЛӨРӨХ ҮЕД БИДЭНД ЮУ СААД БОЛДОГ ВЭ?

Өнөөдрийг хүртэлх олж авсан давуу талаа ашиглах буюу танил замаараа зугаалах нь бидэнд мэдээж таатай санагддаг. Харин шинэ давуу тал олохын тулд танин мэдэхүйн хүчин чармайлт гаргаж, хэвшмэл дадлаасаа холдон өргөн уудам орон зайд шинэ зам эрэн бэдэрдэг. Ийм хүчин чармайлт гаргахад юу саад болдог вэ? Нойр дутуу явах, архи уух, стресст өртөх, тархины ачаалал их байх зэрэг нь сэтгэн бодохуйн энэ шилжилтэд саад болдог. Тиймээс инновац хийх хэмжээнд гадаад орчныг анхаарахын тулд бидэнд эргэцүүлэн тунгаах, анхаарлаа шинэчлэн төвлөрүүлэх тасалдалгүй чөлөө хэрэгтэй. Цаашлаад та бусдын мэдрэмж, хэрэгцээнд илүү анхаарч, тэдэнд санаа тавьснаар оюун бодлоо стрессээс зааглаад зогсохгүй, эрхэм хүндээ зориулан утга учиртай зүйл хийж байгаа сайхан мэдрэмжийг авна.

“Анхаарал чинь сарнисныг анзаар, тэгээд оюун бодлоо эргүүлэн авч ир.”

— Анхаарал сарнилтыг багасгах эхний алхам

АЙДАС, СТРЕССТЭЙ БАЙХ НЬ САТААРАХ, АНХААРАЛ САРНИХ ХАМГИЙН ТААТАЙ ОРЧИН

Зарим судалгааны дүгнэлтээр бол хүн сатаарсныхаа дараа эргэн өмнөх түвшиндээ хүртэл төвлөрөхөд 10–18 минут зарцуулдаг ажээ. Тиймээс тасалдлыг аль болох багасгах нь чухал юм. Энэ номыг уншаад тогтоон бясалгах буюу зүгээр л оршин байх гэж хичээсэн ч нэг л мэдэхэд элдэв бодолд маш амархан автсан байх юм.

Юу ч хийхгүй бол ямар аймшигтай зүйл болохыг төсөөлөх нь магадгүй бүтэлгүйтлийн айдсаа давах хамгийн сайн арга байж болно.

Хэрвээ та үнэхээр стрессээ даван гармаар байгаа бол баатар байх гэж оролдохоо болиод өөртөө анхаарч, өөрийгөө бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг ухамсартайгаар, ууч нинжин сэтгэлээр хүлээн зөвшөөрч, сэтгэл хөдлөлөө дарж үгүйсгэлгүйгээр гярхай оноон нэрлэж, өөрийгөө сонголт хийх, санаачлага гаргах эрхтэй субъект гэдгээ санан, хамт ажиллагсад болон хайртай хүмүүстэйгээ тухай бүр ярилцаж, хэрэгтэй үедээ тусламж дэмжлэг хүсдэг байх хэрэгтэй.

Сэрэмжтэй, тунгалаг сэтгэл оюунд хоёр чадвар байдаг: төвлөрөл болоод сэрэмж анзаарга. Төвлөрөл гэдэг нь тухайн мөчид хийж буй зүйлдээ төвлөрөх чадварыг хэлэх бол сэрэмж анзаарга гэдэг нь хэрэгцээгүй зүйлд сатаарч буйгаа анзаарч мэдээд түүнийг орхих чадвар юм.

Тогтоохуйн дадлыг өдөр тутамдаа хэвшүүлснээр зөв төвлөрөх чадвараа сайжруулах боломжтой. Хэрхэн хэрэгжүүлэх нь тун энгийн бөгөөд цаг тутам утсандаа сэрүүлэг тавиад нэг минут зүгээр л оршин байхад болно. Онцгой чухал мөчид 5–10 хүртэл минутаар тогтоохуйн дадлыг хэрэгжүүлж чадвал үр дүн үлэмж байна.

ТӨВЛӨРӨЛ БОЛОН ТӨВЛӨРӨЛГҮЙ БАЙХ НЬ ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

Хэт удаан төвлөрөхийн сул тал нь тархины төвлөрөх холбоосыг туйлдуулж орхидог. Төвлөрөлгүй байх үед хүний тархи (DMN) Default Mode Network гэх төлөвт шилждэг. Энэ төлөв нь хүний биеийн энергийн 20% зарцуулдаг бол төвлөрсөн үед ердөө 5% зарцуулдаг байна. DMN төлөвт тархины ухамсарт хэсэг өнгөрсөн, одоо, ирээдүйгээр хэсүүчлэн өөр өөр санаануудыг холбож хардаг. Өмнө нь далд байж байгаад гарч ирсэн энэ шинэ өгөгдлийг ашиглан хүн өөрийгөө улам гүн таньж, хувийн ач холбогдлоо илүүтэй мэдэрдэг. Мөн бусдын бодол сэтгэлгээг ойлгоход тусалдаг тул багийн ойлголцол, нэгдлийг бэхжүүлдэг. Энэ холбоосоо идэвхжүүлэхийн тулд бүтээлч мөрөөдөлд умбах, дуг хийх, өөр нэгэн болж жүжиглэх гэх мэт аргуудыг ашиглаж болдог байна.

Сүүлийн үеийн судалгаанууд төвлөрсөн болоод тодорхой төвлөрөлгүй төлөв аль аль нь амин чухал болохыг харуулж байна. Аль цагт нь төвлөрч, аль цагт нь төвлөрөлгүй байх нь ашигтай вэ гэдгийг зохицуулах л ажил үлдлээ. Номыг уншаад өөрийн зүгээс 8/10 оноог өгч байна.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet